Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/03357

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/03357

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-87 НСКБ барилга 2, 4 дүгээр давхарт байрлах, ******* ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 77-15 тоотод оршин суух, Жамъян овогт Жанчивдоржийн Батдорж /регистрийн дугаар /-д холбогдох

 

Гэм хорын хохирол 328,557.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал, хариуцагч Ж.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах, иргэдийн төлөөлөгч Н.Мөнгөнтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын №1500001974 тоот гэрээт даатгуулагч А.Алтансүх нь 55-08УНУ улсын дугаартай Toyota Ist маркийн автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг, кино үйлдвэрийн урд замд жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед явган зорчигч Жанчивдоржийн Батдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9г, 3.4 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Алтансүхийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан.

Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулж, 328,557.29 төгрөгийг олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу хохирол шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан.

Иймд Ж.Батдоржоос гэм хорын хохиролд 328,557.29 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Батдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн ойролцоох зам дээр явган явж байгаад авто осолд орсон. Тухайн үед би өглөө эрт ажилдаа явж байсан бөгөөд яг зам гарах гэж байсэн тэр үед ойр хавьд машин тэрэг огт байхгүй эл хуль байсан юм. Гэтэл гэнэт баруун гар талаас жижиг машин маш хурдтайгаар эргэх үедээ намайг дайрч мөргөсөн. Би өөрөө тухайн үед яг зам гарах гэж явж байсан бөгөөд замын дунд явж байгаагүй болно.

Би тухайн үед гэнэт ухаан алдаж толгой хүчтэй өвдөн, чухам юу болсныг огт мэдээгүй. Тухайн үед намайг мөргөсөн жолооч машинаасаа гарч ирэн, намайг өргөж машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгч үзүүлэн дараа нь эргэж холбогдон тархины томографийн зураг авхуулахаар болсон. Эмнэлэгт очин тархины томографийн зураг авхуулсны дараа шүүх эмнэлэг дээр очиж дүгнэлт гаргуулж, тархины яс нь арай цуураагүй, зөөлөн эдийн гэмтэл ихтэй байна гээд эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн. Үүний дараа Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ажилтантай энэ асуудлын талаар уулзаж, уг хэргийг тээврийн прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд тээврийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхгүй болсныг дараа нь надад мэдэгдсэн болно.

Хэдийгээр тухайн үед би автомашинд мөргүүлж, тархины минь яс цуураагүй ч гэсэн бие маань бүхэлдээ хөх няц болон зөөлөн эд минь гэмтэж, мөн баруун хөл минь хүнд гэмтсэн юм. Одоо ч миний баруун хөл өвчтэй байдаг. Би явахдаа хазганаж явдаг, бас шатаар өгсөхөд хөл хөндүүрлэж өвддөг. Тухайн үед шүүх эмнэлэгийн эмч хэлэхдээ тархи чинь цуураагүй бол болоо, хөл яах вэ зүгээр дараа нь эдгэнэ гэж байсан. Гэвч өнөөг хүртэл хөл маань өвддөг хэвээр байгаа.

Гэтэл одоо уг үйл явдлаас хойш бүтэн нэг жил өнгөрчихөөд байхад тухайн үед намайг машинаараа мөргөсөн жолоочийн машиныг даатгасан даатгалын компани өвчтэй, бие муутай надаас машины гэмтлийн мөнгийг нэхэмжилнэ гэж байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

Тухайн үед намайг мөргөсөн машины ганц урд талын чийдэнгийн гэрэл нь хагарсан байсан бөгөөд сүүлд эргээд уг жолоочтой уулзахад машинаа бүрэн засаж янзлуулсан байсан. Тийм учраас миний бие ******* ХХК-ийн нэхэмжилж буй энэ нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед автомашин эзэмшигч даатгалын компанид машинаа даатгуулсан нь түүний хувийн хэрэг. Тэр хүн даатгалын компаниас машинаа даатгуулсныхаа мөнгийг авах нь тэдний өөрсдийнх нь хэрэг. Гэтэл даатгалын компани машинд дайруулсан надаас мөнгө нэхэмжлэх нь ямар ч учир утгагүй хэрэг гэж үзэж байна.

Би өөрөө өвчтэй хүн, эмчилгээ хийлгэдэг, эмчийн хяналтанд байнга байдаг. Тухайн үед эмчийн бичиж өгсөн зүрхний эм уусан байсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тухайн үед согтуу биш эм уусан байсан. Байнгын эмчийн хяналтад байдаг. Зам тээврийн ослын тухайд жолооч нь өөрөө хариуцлага хүлээх бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 9.3 дахь заалтыг зөрчсөн байгаа. Дүгнэлтэд ослын үед хэдэн км/ц хурдтай явсан зогсоох боломжтой байсан эсэх талаар бичигдээгүй байсан. Жолооч 2 дугаар эгнээнээс дайрсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан, үүнийг гэмтлийн зэрэгт хамруулж үзээгүй, хариуцагч маш их хохирсон. Үүнийг үндэслээд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа юм байна. Даатгалын байгууллага бол иймэрхий зэргийн эрсдлийг хариуцах боломжтой, хохирсон хүнийг буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Батдорж байнгын эмчилгээ хийлгэдэг, ажил эрхэлдэггүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.Батдоржид холбогдуулан, гэм хорын хохиролд 328,557.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

******* ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд, №150001974 дугаартай гэрээгээр даатгуулсан Ариунболдын Алтансүхийн эзэмшлийн Toyota Ist маркийн 55-08УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас 370,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд даатгагч нь хохирлыг барагдуулж 328,557.29 төгрөгийг даатгуулагч А.Ариунболдод олгосон болох нь хэрэгт авагдсан, Тээврийн хэрэгслийн даатгалын №150001974 дугаартай гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ******* ХХК-иас 328,557.29 төгрөгийг даатгуулагч А.Алтансүхэд шилжүүлсэн баримт, Лэндс ХХК-ийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №БЗД-00011412 дугаартай, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

 

Toyota Ist маркийн 55-08УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зам тээврийн осолд орж, дээр дурдсанаар эвдрэл хохирол учирсан бөгөөд зам тээврийн осол гарахад явган зорчигч Жанчивдоржийн Батдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.9 дэх заалт Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, мөн дүрмийн 3.4 дэх заалт Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн гэм буруутай болох нь Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн актаар тогтоогджээ.

 

Зам тээврийн осолд холбогдсон жолооч болон явган зорчигчийн согтуурлыг Замын цагдаагийн газраас шалгахад 55-08 УНУ улсын дугаартай автомашины жолооч А.Алтансүх 0,00 хувь буюу согтууруулах ундаа хэрэглээгүй, явган зорчигч Жанчивдоржийн Батдорж нь 2,79 хувийн согтолттой байсан нь согтуурал шалгасан магадлагаагаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь зам тээврийн ослын улмаас 55-08 УНУ улсын дугаартай Toyota Ist маркийн автомашинд учирсан хохирлыг дээр дурдсанаар барагдуулсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг 55-08 УНУ улсын дугаартай Toyota Ist маркийн автомашин жолооч А.Алтансүхтэй байгуулсан нь гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих талаар зохицуулсан Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасантай нийцжээ.

 

Зам тээврийн осолд гэм буруутай нь тогтоогдсон хариуцагч Ж.Батдорж нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорыг даатгуулагчид нөхөн төлж, шаардах эрхийг дээр дурдсанаар шилжүүлэн авсан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.Батдоржоос гэм хорын хохирол 328,557.29 төгрөгийг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Мандал женерал даатгал ХХК оноосон нэртэй байснаа өөрчилж 2017 оны 01 дүгээр 30-ны өдөр тэмдгээ хураалгаж, 1117236007 хяналтын дугаар олгогдсон тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаа хэрэгт авагдсныг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан, хариуцагч Ж.Батдоржоос 328,557.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 10,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ