Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/03436

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Ахмадын хороолол хаягт байрлах, Монгол Хятадын найрамдал сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Ахмадын хороолол 109 дүгээр байр, 09 тоот хаягт оршин суух, Өөлд овогт Гомбосүрэнгийн Отгонбаяр //-т холбогдох,

СӨХ-ны төлбөрт 102,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол Хятадын найрамдал СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай СӨХ-д харъяалагдах тус байрны оршин суугч ба эзэмшигч нь СӨХ-ны төлбөр сар бүр төлөх төлбөр болон урьд онуудын төлбөрийг одоо болтол төлөөгүй учир мэдэгдэх зарлал тавих, СӨХ-ны дундын сошиал мэдээллийн хэрэгсэл, гудамжны самбарт тавих, мэдэгдэх бичиг хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дахь заалт, холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлыг шийдвэрийг тус тус баримтлан 2017 оны эхнээс төлөгдөөгүй төлбөрийг үлдэгдэл 95,400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг, нотариатын хураамж 2700 төгрөг, нийт 102,650 төгрөг гаргуулан өгч байгууллага хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сараас төлөгдөөгүй СӨХ-ны 95,400 төгрөгийг төлөхгүй тухай:

1.    Манай СӨХ нь 282 өрхтэй ба энэ хүнийг СӨХ-ны даргаар тавихад оршин суугчдын хуралд 20 гаруй хүн цугларч шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

2.    Энэ хүн 2017 оны 4 дүгээр сарын 25-наас эхлэн ажилласан хугацаанд тус байранд гадна болон орцны засварт хийгдсэн ажил байхгүй.

3.    Орцны цонх хагархай, цэвэрлэгээ үйлчилгээ муу, бохирын шугам хагарсан байгаа.

4.    СӨХ-ны төлбөр төлөөгүй 3-4 жил болсон айлуудын асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой.

5.    Би иргэний үүргээ биелүүлж 2012 онд урсгал засварын ажлыг өөрийн биеэр хийснээс хойш одоог хүртэл засвар хийгээгүй. Тухайн үед засвар хийхэд материалын зардалд 125,000 өгрөг орсон ба 8 хоног ажилласан. Ажлын хөлсийг өдрийн 30,000 төгрөгөөр бодоход 180,000 төгрөг, нийт 205,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг одоо амьдарч байгаа айлууд гэрчилнэ.

6.    Манай орцонд 12 айл байдаг нэг айл 70,000 төгрөг цуглуулж 840,000 төгрөгөөр 2016 онд орцны хаалгыг өөрсдөө солиулсан. Энэ 840,000 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж эдгээр 12 айлыг хохиролгүй болгуулж өгөхийг хүсч байна.

7.    Иймд засварын зардал, ажлын хөлсний 205,000 төгрөг, орцны хаалга солиулахад зарцуулсан 70,000 төгрөг, нотариатын хураамж 7000 төгрөг, нийт 282,000 төгрөгийг өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол Хятадын найрамдал СӨХ нь хариуцагч Г.Отгонбаярт холбогдуулан СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 2017 оны төлбөрийн үлдэгдэл 95,400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 4550 төгрөг, нотариатын хураамж 2700 төгрөг, нийт 102,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь тус СӨХ-г ажил үүргээ гүйцэтгэдэггүй, СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилсныг хүчин төгөлдөр бус, оршин суугчид өөрсдийн зардлаар орцны хаалга сольсон, хариуцагч нь өөрийн зүгээс зардал гаргаж урсгал засвар хийсний зардлыг нэхэмжлэгчээс гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3., 73 дугаар зүйлийн 73.1.-т зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3, 62 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

 

Нэхэмжлэгч Монгол Хятадын найрамдал СӨХ-ны үйлчилгээний хураамж нь үйлчилгээ 2,500 төгрөг, цэвэрлэгээ 5,000 төгрөг, жижүүр 2,500 төгрөг, орцны гэрэл 500 төгрөг, баримт 100 төгрөгөөс бүрдэж нийт 10,600 төгрөг байх бөгөөд хариуцагч Г.Отгонбаяр нь 2017 оны 01 дүгээр сараас хойш 9 сарын хугацаанд СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 95,400 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Г.Отгонбаяр нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээ биелүүлээгүйгээс СӨХ-ны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотариатын зардалд 2,700 төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдож байх тул уг зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Харин нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулан шаардсан нь үндэслэлгүй тул 102,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4550 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Отгонбаяраас 98,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Хятадын найрамдал СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Хятадын найрамдал СӨХ-д олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.УНДРАА