Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Я нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М холбогдох,

44.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Б.М хүсэлтээр хүнээс мөнгө зээлээд өгөөч гэж олон дахин гуйсны дагуу танил С.Б-с 2013 оны 01 дүгээр сарын 21-нд 8.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-нд 6.000.000 төгрөгийг тус тус сарын 20 хувийн хүүтэй өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан зээлж, Б.МХаан банкны тоот дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн үед Б.М-н нэр зээр зээлийн гэрээг байгуулах гэсэн боловч зээлдүүлэгч маань зөвхөн намайг таньдаг тул надтай гэрээ байгуулна өөр хүнтэй гэрээ хийгүй гэсэн юм. Үүнийг нь би Б.М-д хэлсэн бөгөөд тэр зөвшөөрч хамаагүй бүх мөнгө, хүү хэд ч байсан төлнө гэдгээ хэлсэн. Гэтэл тэрээр мөнгөө хугацаандаа өгөхгүй, мөнгөө төлөөгүй улмаас би С.Б*******т Б.М-н өмнөөс өрөнд орсон. Үүнээс үүдэн С.Б******* намайг шүүхэд өгч 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 470 тоот шүүгчийн захирамжаар 53.300.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Би энэ хугацаанд Б.Мөнх-Эрдэнээс байнга мөнгө нэхэж байсан ба С.Б******* намайг шүүхэд өгөх гэж байгаа болон шүүгчийн захирамж гарсан талаар олон удаа хэлсэн. Тэрээр энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд санаа зоволтгүй. Би төлнө гэдэг байсан. Гэтэл сүүлдээ Б.Ммөнгөө төлөхгүй зугтаасан тул намайг залилан мэхлээд байгаа талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд миний зүгээс прокурорын байгууллагын шат бүрт гомдлоо гаргасан юм. Мөн манай өмгөөлөгч Ч.Болдбаатар энэ хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч мөн л бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу өгсөн. Энэ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Б.Мнадад зээлсэн мөнгөө төлсөн гэж үзсэн байгаа ба тэрээр надад 13.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг боловч өөр хүний данснаас орсон мөнгийг өөрөө төлсөн мэтээр мэдүүлсэнтэй холбоотой юм. Гэтэл тэрээр энэ шалгагдаж байх хугацаанд 9.000.000 орчим төгрөгийг л төлсөн. Миний хувьд Б.Мболж С.Б*******т 53.000.000 төгрөгийг төлөх болсон. Одоо миний орон байрыг хураан авч төлбөрт төлөх нөхцөл байдал бий болсон. Би энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэтэл харгалзан үзэхийг С.Б*******ээс гуйсан ба төлбөрийг нь бага багаар Б.М-н өмнөөс төлж байгаа тул түр орон байртайгаа байгаа болно. Би Б.Мөнх-Эрдэнийг иргэний шүүхэд өгсөн боловч тодорхой оршин суух хаяг нь тогтоогдоогүй тул эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон болно. Б.Мнь надаар зээл авахуулан хэрэглэж, намайг өрөнд оруулан хохироосон тул С.Б*******ээс зээлсэн мөнгөний өр 53.000.000 төгрөгөөс надад төлсөн 9.000.000 төгрөгийг хасаад 44.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.М нь Б.Я-с 14.000.000 төгрөг аваад буцаан 22.500.000 төгрөг өгсөн. 20 хувийн хүү тохироогүй. Тус нэхэмжилж байгаа 44.000.000 төгрөг нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Я-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч Б.Мхолбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 44.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч дээрх зээлийг хариуцагчийн гуйлтаар өөрийн танил С.Б-с сарын 20 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан, хариуцагч зээлээ төлөөгүйн улмаас Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 470 дугаар захирамжийн дагуу 53.300.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн, үүнээс хариуцагчийн төлсөн 9.000.000 төгрөгийг хасч үлдэх 44.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч талаас маргаантай асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгасан баримтыг шүүхийн журмаар гаргуулсан /хх-38-58/ бөгөөд Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 470 дугаар захирамжид Б.Яаас С.Б*******т зээлийн төлбөрт 53.300.000 төгрөг төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хх-55/.

 

Хариуцагч Б.М нь 14.000.00 төгрөгийн зээлийн төлбөрт 22.500.000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн, мөн нэхэмжлэгч Б.Я шүүхэд 14.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт 53.300.000 төгрөг төлөхөөр хэт өндөр хүүг хүлээн зөвшөөрч эвлэрсэн нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хаан банкин дахь нэхэмжлэгч Б.Я-ын  тоот, мөн түүний нөхөр М.Х-н  тоот дансуудад:

- 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр М*******аас 1.000.000 төгрөг,

- 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаар бичсэн 2.000.000 төгрөг,

- 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар бичсэн 2.000.000 төгрөг,

- 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар бичсэн 2.000.000 төгрөг,

- 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар бичсэн 1.500.000 төгрөг,

- 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр О*******гаас 1.500.000 төгрөг,

- 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Очирбалаас 5.000.000 төгрөг,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр М*******аас 7.000.000 төгрөг,

- 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дугаар бичсэн 500.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь дансуудын хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч дээрх төлбөрийн заримыг өөрийн дүү Б.М*******, найз С.Очирбал, эхнэр Р.О******* нар түүний өмнөөс төлсөн гэж тайлбарлаж, тэдний иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тайлбарыг шүүхэд гаргасан /89-97/ ба нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тайлбарт нөхөр М.Х*******ын дансаар зээл хүлээж авсан, мөн хариуцагч Б.М дугаарын утастай гэж дурдсантай харьцуулж үзэхэд дээр дурдсан төлбөрийг хариуцагч Б.Мтөлсөн байна гэж дүгнэх үндэстэй.

 

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагчийн дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно.

 

Хариуцагч 14.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 22.500.000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээл төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг баримтлан хариуцагчаас хохирол төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн 470 дугаар захирамжид заасан 53.300.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Я нь С.Б*******т хэрхэн төлсөн нь тодорхойгүй ба С.Б*******ийн бичсэн баталгаа гаргах тухай баримтад 2014 оны 12 дугаар сард 15.000.000 төгрөг, үүнээс хойш бэлэн мөнгө болон автомашин өрөндөө суутгуулан цувуулан авсаар одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болно гэсэн нь тодорхой биш, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хохирсон байдал нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч талын С.Б*******ээс гэрчийн мэдүүлэг авахуулах тхай хүсэлтийг шүүх хангасан боловч нэхэмжлэгч уг хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /хх-72/.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.М-хохирол 44.000.000 төгрөг гаргуулах тухай Б.Я-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Мхохирол 44.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Я-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА