Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч А.Оюунгэрэл,

хохирогч Ц.Сарангуа,

шүүгдэгч Б.Жавхлантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Сартуул адуут овогт Буяндалайн Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030331 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 5а дугаар байрны 44 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан богд хотхоны 205 дугаар байрны 11 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул адуут овогт Буяндалайн Жавхлантөгс /РД: ИЦ86122775/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Жавхлантөгс нь 2017 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан богд хотхоны 205 дугаар байрны 11 тоотод эхнэр Ц.Сарангуаг “тусдаа унт, архи үнэртээд байна” гэж хэллээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Жавхлантөгс: “...2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ Батбаяр ахын гэрт очиж золголт хийсэн. Манай эхнэр Сарангуа Батбаяр ахын гэрт 3-4 хундага коньяк уусан. Тэгээд манай эхнэр Сарангуа гэртээ харих уу гэхээр нь би эхнэр хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгсөн. Би Алтаншагай ахын гэрт очиж золголт хийхээр эхнэр хүүхдүүдээ гэртээ үлдээгээд явсан. Тэгээд шөнийн 02 цагт гэртээ ирээд архи их хэмжээгээ хэрэглэсэн тул хоёр хүүхдээ үнсчихээд хажуугийн өрөөний буйдан дээр хэвтэж байгаад өөрийн төрсөн эгч Уянгатай мессенжерээр харилцаж байхад манай эхнэр Сарангуа нөгөө өрөөнөөс босож ирээд намайг хаагуур хэнтэйгээ банзалдаж ирчихээд хэнтэйгээ мессеж бичээд байгаа юм гэж хэлсэн. Сарангуа бид хоёрын маргаан түүнээс болж эхэлсэн. Сарангуа миний гар утсыг булааж авах гээд намайг өшиглөж самардсан. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор тэсэхгүй эхнэрийгээ алгадаад үснээс зулгааж доошоо дарсан. Мөн хоёр гараас нь бариад хазсан...” гэв.

 

Хохирогч Ц.Сарангуа: “...2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Жавхалантөгс бид хоёр хүүхдүүдтэйгээ Батбаяр ахын гэрт золгохоор очсон. Гэтэл Батбаяр ахын эхнэр Баясгалан эгч надад 2 хундага коньяк хийж өгсөн. Би тухайн үед согтоогүй. Тэгээд Батбаяр ахын гэрт 3-4 цаг болоод бид нар гэр лүүгээ явсан. Манай нөхөр Жавхлантөгс даргынхаа гэрт золголт хийхээр явсан. Жавхлантөгс шөнө 02 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Жавхалантөгс хүүхдүүдийнхээ хажуугаар ороод хэвтэж байгаад бид хоёр өдөр болсон зүйлүүдийнхээ талаар зөндөө зүйлийг ярьсан. Тэр үед Жавхлантөгс намайг Батбаяр ахын эхнэр болох Баясгалан эгчтэй харьцуулж яриад байхаар нь чамаас архи үнэртээд байна гэхэд Жавхлантөгс нөгөө өрөөнд орж унтсан. Гэтэл гар утсанд нь мессеж ирээд байхаар нь ариун цэврийн өрөө орохдоо унтаач согтуу ирчихээд гэж хэлээд бөгс рүү нь зөөлөн хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл Жавхлантөгс за за унтлаа гэж хэлээд хүүхдүүдийнхээ дунд орж хэвтээд зөндөө юм ярьсан. Би тухайн үед яриаг нь тоохгүй байсан болохоор босохдоо миний хацар руу зөөлөн алгадаад боссон. Тэгээд ганцаараа ярьж байгаад над дээр ирээд намайг алгадахаар нь миний уур хүрээд чи одоо яагаад давраад байгаа юм бэ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй намайг үсдэж аваад чирж байснаа 2 удаа дагз хэсгээр шал мөргүүлсэн, зүүн гарын булчин хэсгээс 2 удаа хазаж, нүүр болон хацар луу алгадаж, миний амыг нэг гараараа дараад гар хазсан. Миний ойролцоо усны сав байхаар нь аваад Жавхлантөгсийг ойртох юм бол цохино шүү гэж хэлээд хөл нүцгэн 03 цагийн үед хажуу айлын хаалга тогшоод цагдаа дуудсан. Тухайн үед Жавхлантөгс нэлээн согтуу байсан. Би Жавхалантөгсийг хаагуур банзалдаж яваад ирсэн гэх үгийг хэлээгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, түүнийг энэ үйлдэл нь уучилсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Сарангуа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нөхөр маань гэртээ ирж хонохгүй, дарга дээрээ очиж золгоно гэж хэлсэн бөгөөд ирэхгүй юм байх гээд 2 хүүхдийн хамт унтаж байхад нөхөр маань шөнө дунд 03 цагийн үед согтуу ирээд хүүхэд бид гурвын хажуугаар орж хэвтэж байгаад хүүхдүүддээ архи үнэртүүлэхгүй гээд том өрөөнд орж унтахаар болоод явсан. ...Нөхөр Б.Жавхлантөгс ирээд хамт хэвтэхээр нь тусдаа унт, чамаас архи үнэртээд байна гэж хэлэхэд тусдаа унтах болно гэж уурлаж хацар луу нэг удаа алгадчихаад яваад өгсөн. Тэгээд буцаж ирээд миний баруун чих рүү хүчтэй алгадсан. Би тэр үед босож ирээд согтуу ирчихээд ямар учиртай надад гар хүрээд байгаа юм бэ, давраад байгаарай гэж хэлэхэд үгийн зөрүүгүй намайг үсдэж аваад орноос чирч буулгаад газар унагаасан. Үснээс зулгаагаад чирж байснаа 2 удаа дагз хэсгээр шал мөргүүлсэн, зүүн гарын булчин хэсгээс 2 удаа хазаж, нүүр болон хацар луу алгадаж гэмтэл учруулсан...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Жавхлантөгс хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...01 цагийн өнгөрч байхад гэртээ ирсэн. ...Намайг гэрт ороход эхнэр маань 2 хүүхдийн хамт орон дээрээ унтаж байсан, би хүүхдэд архи үнэртүүлээд яахав гээд буйдан дээр очиж хэвтсэн. Тэр үед эхнэр маань нөгөө өрөөнөөс босч ирээд чи хаагуур хэнтэйгээ банзалдаж яваад ирэв гээд миний нүүр лүү усны цагаан өнгийн саваар цохиод авсан. Би босож ирээд маргаан үүсээд намайг маажиж самардаж гэмтээхээр нь уур хүрээд үсдэж аваад дараад шалан дээр хэвтүүлсэн юм, тэгээд зогсохгүй намайг хумслаад самардаад байхаар нь гарыг нь барьж аваад хазчихсан юм. Тэгээд хэсэг хугацаанд хэрэлдэж байгаад эхнэр маань гүйгээд гараад явсан...” /хх-ийн 28-29/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3291 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Сарангуагийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, зүүн бугалга, баруун тохой, баруун гуя, өвдөг, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун жавьжны салтсад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт  

- Шүүгдэгч Б.Жавхлантөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 35/,

- Шүүгдэгч Б.Жавхлантөгсийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 42-54/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Жавхлантөгс нь 2017 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан богд хотхоны 205 дугаар байрны 11 тоотод эхнэр Ц.Сарангуаг “тусдаа унт, архи үнэртээд байна” гэж хэллээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Сарангуагийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3291 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Жавхлантөгсийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жавхлантөгсийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сарангуад хөнгөн зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 20/ ба  тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...хохиролд 200,000 төгрөг болон Ай фоне 7 маркийн гар утас авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн...” гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанд хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Шүүгдэгч Б.Жавхлантөгсийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ц.Сарангуа шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Жавхлантөгсийн энэ үйлдлийг уучилсан, надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Жавхлантөгсийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Жавхлантөгс нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201726030331 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул адуут овогт Буяндалайн Жавхлантөгсийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жавхлантөгст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 201726030331 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Жавхлантөгст урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Жавхлантөгс урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР