| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 177/2018/0069/Э |
| Дугаар | 351 |
| Огноо | 2018-09-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 351
Ц.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох 1735001600098 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Батхутаг даян овогт Ц-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар хамтран гаргасан гомдолдоо “Прокурорын эсэргүүцэл болон магадлалаар анхан шатны шүүх ямар хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн, ямар ноцтой алдаа гаргасан үндэслэлийг заахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б, хохирогч Д.Б нарын хооронд гэр бүлийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, хэргийн үйл баримттай нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Б, Д.Б- нар Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн ёс заншлын дагуу хурим найр хийж, нутгийн ёс заншлаар гэр бүл болгож амьдруулах ёс үйлдсэн байдаг. Энэ нь Ц.Б-, Д.Б- нарын хооронд гэр бүлийн харилцаа үүссэн, хамтын амьдралтай байсан гэдгийг нотолдог. Гэтэл давж заалдах шатны шүүх хамтын амьдралаа дуусгавар болгосон гэх нотлох баримт хэрэгт байхгүй байгааг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Ц.Б-, хохирогч Д.Б- нарын хамтын амьдрал дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн давж заалдах шатны шүүхээс прокурорын үндэслэлгүй эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Б-д холбогдох хэргийг хүндрүүлж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 190-191 талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн “...2016 оны 12 сард Д.Б-г Ц.Б- гэх хүүхэнтэй гэр бүл болгож амьдруулахаар тэднийг тусад нь хашаа байшинд оруулж амьдруулах болсон юм...” гэх мэдүүлгээс тухайн байшин Д.Б, Ц.Б нарын хамт амьдарч байсан, хэзээ ч нэвтрэх эрх үүссэн объект байна. Хэргийн нөхцлөөр Ц.Б- нь хадам ээж нь өөрийнх нь гэрээс хөөж гаргасан, нөхөртэй нь уулзуулахгүй байгаад хорсож, уурлаж бухимдсандаа гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогддог юм. Учир нь энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шинж бага, өөрийн гэр бүлийн хүнд буюу нөхөр Д.Б-д учруулсан гэх бүх эд зүйлийг буцаагаад өгчихсөн, учирсан хохирол, хор уршиг байхгүй болсон байгаа. Хэрэг гарснаас хойшхи 1 жилийн хугацаанд Ц.Б би бага насны хүүхдээ нутагтаа орхиод өөрөө цагдаа, прокурор, шүүхийн үүд сахиж, сэтгэл санаа, бие махбод эдийн засгийн хувьд хорих ял авснаас илүү их хохирч байгаа бөгөөд бага насны хүүхдийн эрх ашиг бас давхар хохирч байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэлд шунахайн сэдэлт байгаа эсэх, хамтран амьдрагч нарын хооронд үүссэн энэ маргаан нь иргэний болон эрүүгийн маргаан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж хэлсэн саналдаа “Өмгөөлөгч М.Мөнхөөгийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Ц.Б-г бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Учир нь шүүгдэгч Ц.Б- болон хохирогч Д.Б- нар хамтын амьдралтай байсан бөгөөд одоогоор дуусгавар болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Б- бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг мөрдөгч болон прокурорын дутуу шалгасан, хууль зөрчсөн ажиллагааны улмаас энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширсан байна. Шүүгдэгч Ц.Б болон хохирогч Д.Б нар 2016 оны 11 дүгээр сараас эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэж, хамтран амьдарч байгаад 10 сарын дараа буюу 2017 оны 09 дүгээр сард хамт амьдрахаа болж дуусгавар болсон байдаг. Гэтэл нэг сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд шүүгдэгч нь эзэнгүй байх үеэр нь хохирогчийн амьдардаг байшингийн цонхоор нь нэвтрэн орж 1,661,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон байна. Учир нь хулгайлсан эд зүйлс нь Ц.Б-тай хамтран амьдрахаас өмнө Д.Б-гийн эд хөрөнгө болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг, хамтран амьдарч байсан Д.Б-гийн гэрээс эд зүйл хулгайлж 1,661,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-гийн гэм бурууг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Б болон хохирогч Д.Б нар 2016 оны 11 дүгээр сард гэр бүл болж мөн оны 12 дугаар сард ёс заншлын дагуу хурим хийж, улмаар нэг гэрт орж хамтран амьдарч байгаад 2017 оны 09 дүгээр сараас тус тусдаа амьдарсан бөгөөд нэг сарын дараа Ц.Б-г энэ гэрт нэвтрэх эрхгүй этгээд гэж үзэх, тэднийг гэр бүлийн хамааралгүй гэж дүгнэх бодитой хууль зүйн факт бий болоогүй байх тул шүүгдэгчийн өөрийн амьдарч байсан гэрт нэвтэрсэн үйлдлийг бусдын орон байранд нэвтэрсэн мэтээр үзэж, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймээс шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасны дагуу Ц.Б-д холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цаг болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолд: “Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН