Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0283

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0283

Улаанбаатар хот

 

Г.Сувдаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жигжидбавуу нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.Сувдаагийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: ”Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн иргэн Г.Сувдаагийн нэхэмжлэлтэй Дэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Сувдаа, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлийн гол шаардлага нь “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг 2 удаа биелүүлж, иргэн Ц.Долсүрэнг Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр 2 дахь удаа томилохдоо 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/06, Б/07 тоот захирамжууд гаргасан нь хууль бус болохыг тогтоож, тэдгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай асуудал юм.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааны асуудлыг 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/08, Б09 дүгээр захирамж мэтээр ойлгон, дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед, мөн аймгийн Дэлгэр сумын засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б/10 дугаар захирамж гаргаж, иргэн Ц.Долсүрэнг ажлаас чөлөөлсөн Б/08, нэхэмжлэгч Г.Сувдааг ажилд томилсон Б/09 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон болохыг нэхэмжлэгчийн хувьд мэдээгүй байсан бөгөөд мэдэх бололцоогүй байсан юм.

Гэтэл Захиргааны анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа 07 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

-Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буй талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй,

- Нэхэмжлэлийн шаардлагад огт үл хамаарах асуудал буюу “иргэн Ц.Долсүрэнг ажлаас чөлөөлсөн тухай засаг даргын захирамжийг анхан болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болгосон”, Г.Сувдаагийн ажлыг Засаг дарга хэрхэн дүгнэсэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хэрхэн дүгнэсэн, түүнчлэн гуравдагч этгээд Г.Болдбаатарын боловсролын түвшинг дурьдсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огт нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах чиг үүргээ бүрэн биелүүлсэн гэдэгтэй санал нэгдэж байгаа боловч, шүүх “маргааны зүйлийг буруу ойлгож дүгнэлт хийсэн”-ий улмаас Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 07 тоот шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Г.Сувдаагийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, мөн дээрх 2 захирамжуудтай гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүгч маань нэхэмжлэлийн шаардлагаа ойлгоогүй байх бөгөөд миний үйлчлүүлэгч Г.Сувдааг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна гэх үндэслэлийг шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт дурьдсан нь хууль зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Сувдаагаас “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б07, 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулж, Б/06, Б/07 дугаар захирамжууд гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай” агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Иргэн Ц.Долсүрэнгийн “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2015 оны өдрийн Б/02, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 439 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардсаны дагуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар урьд сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан Г.Сувдааг чөлөөлж, мөн өдрийн Б/07 дугаар захирамжаар Ц.Долсүрэнг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилжээ.

Үүний дараа хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/08, Б/09 дүгээр захирамжууд гаргаж Ц.Долсүрэнг сумын Эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлж, Г.Сувдааг тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар эдгээр Б/08, Б/09 дүгээр захирамжуудаа хүчингүй болсонд тооцжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан захирамжийн үйлчлэлийг хэвээр үлдээсэн хариуцагч албан тушаалтны захиргааны акт хууль ёсны байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, тэдгээрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Ц.Долсүрэнг томилж, чөлөөлсөн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01, Б/03 дугаар захирамжуудаас үзвэл Г.Сувдаа нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр буюу тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн гэдгээ зохих журмын дагуу шалгуулж томилогдсон албан тушаалтан буюу төрийн албан хаагчтай адилтган үзэж төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн гэх боломжгүй.

Үүнээс гадна хариуцагч Дэлгэр сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно”, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 /Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө/-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10, 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжуудыг гаргасан байх тул тэдгээрийг хууль бус гэх үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэгчийн “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б07, 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаагүй нь зөв байна.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, ялангуяа “Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б07 дугаар захирамжууд гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан мөн сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудын хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай шийдвэрийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, өөрөөр хэлбэл, мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулж, зөрчигдсөн гэх эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодруулах байжээ.

Тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл тэрээр уг захирамжуудын үйлчлэлийг зогсоолгох буюу хүчингүй болгуулах агуулгатай тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүхэлдээ хариуцагч албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны акттай холбогдож гаргасан тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааг дарааллын дагуу дугаарлаж үдээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагуудыг тусгаагүйг анхааруулж, зохих шаардлагатай өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар 67.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сувдаагийн “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б07, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, дээрх захирамжууд гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох шийдвэрийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР