Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/03437

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 31 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Лхамсүрэнгийн Намшир /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-880 тоот хаягт оршин суух, Бөхнүүд овогт Дамдинсүрэнгийн Баасанжав //-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,285,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Намшир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Намшир шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Д.Баасанжавтай 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, өөрийнх нь хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гэрээ хийж нотариатаар батлуулан зээлсэн. Энэ хугацаандаа хүүгээ өгч байгаад 2016 оны 5 дугаар сарын 04-нд үндсэн 5,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 4,000,000 төгрөгийг аман гэрээ хийж 10 хувийн хүүтэй өгч уг мөнгийг барагдуулна гэж тохиролцсон. Ярилцаж тохирсныхоо дагуу 2016 оны 6, 7, 8 сарын хүүг 1,200,000 төгрөгийг өгөөгүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 12-нд 2,000,000 төгрөг өгсөн. Иймд миний үндсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүн дээр 6, 7, 8 дугаар сарын хүү 1,200,000 төгрөг, мөн өмнөх шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөг, нийт 3,285,350 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Анх Ц.Бямбажав, Д.Баасанжав нартай гэрээ байгуулсан бөгөөд тэдэнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бямбажав нь гадагшаа явсан байсан. Үлдэгдэл мөнгийг Баасанжав надад өгөхгүй Бямбажаваас аваарай гэж байсан. Би Ц.Бямбажавыг танихгүй. Мөнгөө дансаар авсан хүнтэйгээ учираа олох ёстой, компанийн эзэн нь Д.Баасанжав, тамга, тэмдэг нь ч түүнийх байсан.

2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би мөнгөндөө хүү, алданги тооцоогүйг анхаарна уу гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр зээлийн гэрээнд Ц.Бямбажав гарын үсэг зурсан боловч Д.Баасанжавын данс руу мөнгийг шилжүүлсэн учраас Д.Баасанжаваас нэхэмжилж байгаа. Үлдэгдэл мөнгийг Ц.Бямбажав төлнө гэдгийг Д.Баасанжав надад хэлсэн гэсэн хэдий ч 5,000,000 төгрөгийг Д.Баасанжавын дансанд шилжүүлсэн. Д.Баасанжав өмнөх бүх мөнгийг төлж байсан байдаг. Нэхэмжлэгч тал авсан мөнгөө яг үнэнээр нь хэлээд үлдэгдэл мөнгөө өгөөчээ гэж байхад хариуцагч тал ийм байдлаар хандаж байгаа нь харамсалтай байна.

Хариуцагч нь хуульд зааснаар 6,140,000 төгрөгийг буцааж өгсөн. Зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг өгөөд 7,000,000 төгрөг болгож авахаар тохирсон бөгөөд 1,360,000 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд алданги тооцож авахаар тооцсон бөгөөд үүний алдангийг хуулийн дагуу гаргуулах боломжтой. Хариуцагч Д.Баасанжавын хувьд дангаар хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байнгаа тул Д.Баасанжаваас мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар болох Ц.Бямбажав, Д.Баасанжав нар нь мөнгөө төлж байгаад үлдсэн зээлийг Ц.Бямбажав төлөхөөр болсон талаар нэхэмжлэгч ч хэлж байгаа, хариуцагч ч тайлбартаа хэлсэн байдаг. Хариуцагч Д.Баасанжавын хувьд Л.Намширт түүний эхнэрийн дансаар 5,340,000 төгрөг, бэлнээр 800,000 төгрөг, нийт 6,140,000 төгрөгийг өөрөө биечлэн өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Намшир нь хариуцагч Д.Баасанжавт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг, өмнө нь нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөг, нийт 3,285,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Баасанжав, Ц.Бямбажав нартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийн үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлдүүлж, 5,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Баасанжавын дансанд шилжүүлжээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдүүлэгч Л.Намшир нь зээлдэгч нарт холбогдуулан 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж байсан бөгөөд хариуцагч Ц.Бямбажав оршин суух хаягтаа байгаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь хоёр зээлдэгчид холбогдох зээлийн гэрээний үүргийг нэг зээлдэгч буюу Д.Баасанжаваар гүйцэтгүүлэхээр шаардаж байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаанд хүүг авсаар байсан гэх бөгөөд 5,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 04-нд авч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг аман гэрээ хийж 10 хувийн хүүгээр тооцож, зээлийг барагдуулна гэж тохиролцсоны дагуу 2016 оны 6, 7, 8 сарын хүүг 1,200,000 төгрөгийг 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 2,000,000 төгрөг болон өмнөх шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөг, нийт 3,285,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан тул бичгээр байгуулаагүй буюу амаар тохиролцсон 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх хэлцлийн дагуу хариуцагчаас шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 10764 дүгээр захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 59 дүгээр зүйлийн 59.6-д заасны дагуу Д.Баасанжавт холбогдох 4,400,000 төгрөг гаргуулах тухай Л.Намширын нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Д.Баасанжав нь зээлийн эргэн төлөлтөд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 120,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 320,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийг тус тус дансаар, 800,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч Л.Намширт төлж байсан болох нь хэрэгт авагдсан Д.Баасанжавын эзэмшдэг Хаан банк дахь 5720321316, Д.Баасанжавын гэх Олнлайн медиа ХХК-ийн Төрийн банк дахь 109500062560 тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Талуудын байгуулсан Зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нь 3,340,000 төгрөгийг, нийт 6,140,000 төгрөгийг зээлдэгчид төлжээ.

Нэхэмжлэгч Л.Намшир нь хоёр зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,140,000 төгрөгийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй боловч хариуцагч Д.Баасанжав нь өөрийн болон компанийн данснаас зээлдүүлэгчид мөнгө шилжүүлэхдээ зээлийн гэрээний үүргийг дангаар хариуцан гүйцэтгэж байсан эсхүл дээрхи шилжүүлсэн мөнгө нь зээлдэгч нарын мөнгөн хөрөнгө байсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Баасанжав нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг дангаар буюу өөрийн мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэж байсан эсэхээ нотлоогүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

Дээр дурдсанаар зээлийн төлбөр төлөгдсөнийг тооцоход хариуцагч Д.Баасанжав нь зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр 660,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд гүйцэтгэгдээгүй энэхүү үүрэгт зээлийн гэрээний дагуу алданги тооцно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар нь зээлийг бүрэн төлж дуусгаагүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасны дагуу 990,000 төгрөгийг хариуцагч Д.Баасанжаваас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Баасанжаваас зээлийн гэрээний үүрэгт 990,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Намширт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,295,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 109,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Золзаяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.УНДРАА