| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/219 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Т.Төмөртулга,
Шүүгдэгч Ш.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны гадна хохирогч Н.*** маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун зовхины хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
1. Шүүгдэгч Ш.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй..” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44 дэх тал),
2. Хохирогч Н.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 00 цагийн үед би өөрийн эхнэр болох Хонгорзулын хамт өөрийн гэр ***-ийн 27-р хороо *** байрны гадаа би таксинаас буугаад манай эхнэр *** тооцоогоо хийгээд байж байхад тухайн таксины араас нэг машин ирж зогсоод дуут дохиогоо дугаргаад цонхоо буулгаад орилоод байхаар нь би “ ...чимээгүй бай...”гээд орилсон чинь тухайн машины жолооч гэх танихгүй эрэгтэй надтай маргалдаад тухайн такси яваад өгсөн машинаа зогсоочхоод над дээр ирээд надтай маргалдаж байгаад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний нүүр хэсэг цус болцон байсан манай эхнэр Хонгорзул цагдаад дуудлага өгсөн...гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөрийг нөхөн төлүүлмээр байна...сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нөхөн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
3. Гэрч М.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 00 цагийн үед хүүхдийн зуугаас такси бариад өөрийн гэр болох ***-ийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хороололд ирээд өөрийн нөхөр ***ыг таксинаас буулгачхаад тооцоогоо хийж байхад тухайн таксины хойно байсан машин сигналдаад байсан тухайн таксины жолооч ахтай хэрэлдэж байхад манай нөхөр *** нөгөө машины жолооч руу чи дуугүй байгаач писда минь гээд хэлсэн таксины ах урагшаа яваад байж байсан нөгөө залуу машинаа тавьчхаад удаагүй буцаж ирээд манай нөхөр ***ыг нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би болиоч гээд хэлсэн нөгөө танихгүй залуу зодох гэж дайраад байхаар нь нөгөө залууг цааш нь түлхээд байж байхдаа цагдаад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
4. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14910 дугаартай “...1/ Н.***ын биед баруун зовхины хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3/ Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
5. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтад “...2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэмт хэргийн 19484 дугаартай гомдол мэдээллийн оролцогч Ш.***д холбогдох гэмт хэргийн 19484 дугаартай хэрэгт гэмт хэргийн улмаас хохирсон Н.***ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль, зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд зааснаар хоёрдугаар зэрэглэлийг тогтоов.” (хавтаст хэргийн 32 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс “...гэм буруу дээр маргахгүй...” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ш.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны гадна хохирогч Н.***тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун зовхины хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.***, гэрч М.*** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 14910 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт.
НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Ш.*** нь хохирогч Н.***ыг зодож, түүний баруун зовхины хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл учруулж түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй.
Шүүгдэгч Ш.*** хохирогч Н.***ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Иймд шүүгдэгч Ш.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба прокурор өөрөө шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэл гаргажээ.
Хохирогч Н.***ын зүгээс эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй ба харин сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.
Хавтаст хэргийн 32 дахь талд “...хохирсон Н.***ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг...хүснэгтэд зааснаар хоёрдугаар зэрэглэлийг тогтоов...” гэж авагдсан ба мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”-д хэрэг хамаарч байна.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Н.***ын сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч Ш.***аас гаргуулах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.***ыг нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Ш.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгож, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргажээ.
Шүүгдэгч Ш.***ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Ш.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ш.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогтой ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*** нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.*** цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.***аас 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР