Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/00374

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/00374

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Т-н гаргасан,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Таас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч нь 1998 оноос эхлэн Япон улсаас тодорхой төрлийн автомашин Монгол Улсад импортолж, иргэн, хуулийн этгээдэд худалдах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Н.Этай Япон улсад ашиглагдаж байсан “ниссан краван” маркийн 2009 онд үйлдвэрлэсэн автомашиныг 14,800,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон.

 

Ингээд худалдан авагч тал эхний ээлжинд 10,800,000.00 төгрөгийг төлж, талууд үлдэх 4,000,000.00 төгрөгийг худалдагч Х.Тд бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул хэсэгчлэн төлөхөөр тохирч, нэхэмжлэгч тал машиныг түүний бүхий л бичиг баримтын хамт хариуцагчид хүлээлгэн өгч, “Х*******” ХХК дахь өөрийн дансаар 10,000,000.00 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 800,000.00 төгрөгийг хүлээн авсан ба 4,000,000.00 төгрөгийг хүүгүй хувааж төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан юм.

 

Гэтэл хариуцагч тал тус гэрээний дагуу 2,000,000.00 төгрөгийг удаа дараа шаардуулан байж төлсөн хэдий ч үүнээс хойш худалдсан автомашин доголдолтой гэсэн үндэслэлээр 2,000,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

 

 Н.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой Х.Тд утсаар “худалдсан машин чинь унтарчихлаа, ирж туслаач” гэж дуудсан, мөн нөхөр Д.Ч гэж хүн “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд захирал байна, машин эвдрээд унтарсан” гэхэд нь тэрээр аккумулятор зэрэг хэрэг болох зүйл аваад заасан газарт очиход байгаагүй.

 

Тус машин эвдэрсэн гэх асуудал 2017 оны 09 дүгээр сард болсон ба хэрэв  эвдрэлтэй, ашиглаж болохгүй байсан бол энэ тухай нэхэмжлэгчид гомдол гаргаж болох байсан ч мэдэгдээгүй, харин Х.Тыг үлдэх мөнгөө шүүхийн журмаар нэхэмжлэхээр ийм зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд угаасаа Япон улсад ашиглагдаж байсан хуучин машин авсан гэдгээ мэдэж байсан тул үүнийг анхаарах хэрэгтэй.

 

Өнөөдрийн байдлаар автомашиныг гадаа тавих тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан асахгүй, машин эвдрэлтэй байснаас улбаалан огт яваагүй бол буцаагаад өгөх боломж байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ийм асуудал ярьж байгаагаагүй атлаа өнөөдөр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Иймд, хариуцагчаас 2,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “М” ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие компаниа төлөөлж, энэхүү автомашиныг худалдан авсан бөгөөд жил бүрийн 9 дүгээр сард малчид амарсан, хүүхдүүдээ сургуульд явуулах гээд мөнгөгүй байдаг тул манай компанийн зүгээс хуучин машинуудаа зарж, шинэчилье гэж шийдвэрлэсэн.

 

Би, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр компанийнхаа борлуулалтын менежерийн хамт “Да хүрээ” зах дээр машин сонирхон явж байгаад Х.Ттай харилцан тохиролцож, түүний 16,500,000.00 төгрөгөөр худалдах гэж байсан “ниссан краван” маркийн 2009 онд үйлдвэрлэсэн автомашиныг 14,800,000.00 төгрөгөөр худалдан авахаар болсон юм.

 

Ингээд тус автомашиныг манай компани руу унаад явж байхад моторын зурагтай анхааруулах тэмдэг хянах самбар дээр анивчаад байсныг Х.Т тайлбарлахдаа “өвөл болоход машины мотор, хропны тосыг солих шаардлагатай байдаг, хэрэв сольчихбол хэвийн болно” гэсэн боловч хэсэг хугацааны дараа уг автомашиныг эзэмшиж байсан жолооч “хааз авахгүй, хурд муутай, зарим өдөр асахгүй байна” гэх гомдол гаргах болсон.

 

Бид, нэгэнт ажилтнуудынхаа хөдөлмөр шингэсэн мөнгөөр тухайн автомашиныг худалдаж авсан тул эвдрэл, гэмтлийг тогтоолгохоор засварын газраар оношлуулахад өндөр даралтын насос, бензин насос, форсунг гэсэн эд ангиуд эвдрэлтэй байсан тул БНХАУ-ын Гуанжу-д байдаг үйлдвэрээс өндөр даралтын насос, форсунгыг захиалан авчирж, сольсон ч хэсэг хугацааны дараа асалт муудаж, хааз аваагүй.

 

Тэгээд засварын газар дахин үзүүлэхэд бензин насосыг солих шаардлага гарсан бөгөөд одоо уг машиныг Дүнжингарав захын ойролцоо өдрийн 6,000 төгрөгийн үнэтэй дулаан гараажид тавьсан, хэрэгт авагдсан баримтаар автомашинд засвар үйлчилгээ хийсэн, эд анги сольсон талаарх үйл баримтууд нотлогдоно. 

 

Миний хувьд техникийн талаар өндөр мэдлэггүй, тухайн үед автомашиныг ажил дээрээ нөхрийн хамт гадна байдлын хувьд шалгаж авсан бөгөөд хожим интернэтээр адил төрлийн автомашины үнийг судлахад 9,500,000.00 гаруй төгрөгийн үнэтэй байсан.

 

Гэтэл манай компани энэхүү автомашиныг 14,800,000.00 төгрөгөөр худалдан авч, улмаар их хэмжээний засварын зардал гаргасан атлаа эвдрэлтэй машинд дахин 2,000,000.00 төгрөг төлөхгүй. Хэдийгээр бид гэрээ байгуулсан өдөр 10,800,000.00 төгрөг, мөн зээлийн гэрээ байгуулсны дараа 2,000,000.00 төгрөгийг төлсөн боловч доголдолтой автомашин худалдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Х.Таас хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагчаас 2,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Х.Т 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч “М” ХХК-тай Япон улсад ашиглагдаж байсан “ниссан краван” маркийн автомашиныг 14,800,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч буюу худалдагч тал автомашиныг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлж, худалдсан эд хөрөнгийн үнэд 10,800,000.00 төгрөг хүлээн авсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь тохирсон хугацаанд үнийг бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахад заавал бичгээр гэрээ байгуулсан байхыг тусгайлан шаардаагүй бөгөөд зохигчид дээр дурьдснаар автомашиныг хүлээн авсан, 10,800,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагчид 4,000,000.00 төгрөгийг хүүгүй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 5-р хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Тодруулбал, хэдийгээр талуудын хооронд ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсан, аль эсхүл зээл өгөх, авах талаар амаар тохиролцсон ч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Гэвч нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч “М” ХХК-нд зээлийн гэрээний зүйл болох 4,000,000.00 төгрөгийг бодитоор өгөөгүй боловч талууд автомашин худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 14,800,000.00 төгрөгийн үлдэгдэл 4,000,000.00 төгрөгийг ийнхүү 2 сарын хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр зохигчид энэхүү тохиролцоогоор дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу 4,000,000.00 төгрөгийг шилжүүлээгүй ч хариуцагч нь нэхэмжлэгчээс 14,800,000.00 төгрөгийн үнэтэй автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул түүнд дээрх хэмжээний үнэ цэнэтэй эд хөрөнгө шилжсэн гэж үзэх бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид 4,000,000.00 төгрөг төлөх үүрэг дуусгавар болоогүй байгааг талууд хүлээн зөвшөөрч, ийнхүү хожим төлөхөөр тохиролцсон байгаагаас дүгнэвэл зохигчид автомашин худалдах, худалдан авах гэрээний 4,000,000.00 төгрөг төлөх үүргийг зээлийн гэрээний үүргийн харилцаа болгон өөрчилж, өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д үүрэг дуусгавар болгох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 236.1.3.-д заасны дагуу талууд өмнөх үүргийг солих талаар харилцан тохиролцсоноор тухайн үүргийн харилцааг дуусгавар болж, өөр төрлийн үүрэг шинээр бий болдог. Тодруулбал, нэхэмжлэгч Х.Т болон хариуцагч “М” ХХК нар 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000.00 төгрөг төлөх үүргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний эрх, үүргээр сольж, энэ төрлийн гэрээний харилцааг бий болгожээ.

       

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч тал 4,000,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн ба талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч тал 2,000,000.00 төгрөгийг төлжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Гэтэл зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүй, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхээс татгалзсан шалтгаан нь зээлийн гэрээтэй холбоотой биш байна.

                                         

Иймд, зээлдүүлэгч Х.Т нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч “М” ХХК-иас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281 зүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгчид 2,000,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг үндэслэн хариуцагч “М” ХХК-иас 2,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР