| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 2430000000239 |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2024-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
2024 12 30 2025/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б. Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000000239 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 21-нд өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Өнөр” хороолол задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, РД:******* ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өнөр хорооллын задгай тоотод ******* үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зүүн хацар, зүүн чихний омогт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ээж ороод чимээгүй бай гэж хэлсэн байсан, тэгээд би архи уусан байсан болохоор тийм үйлдэл хийчихсэн байсан гэв.
2430000000294 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч ******* өгсөн “…Би 2024 оны 07 дугаар сарын 26-ны орой Янсанжавын Чука гэх Асгат сумын залуутай Сүхбаатар худалдааны төвийн урд таарсан Чука гэж дууддаг бүтэн нэрийг нь мэддэггүй юм. Тэгээд бид хоёр хамт явж байгаад Сүхбаатар сумын танил ах Нацагдоржтой вокзал дээр таарсан. Тэгээд Нацагдорж ах манайд очиж хоол ид л дээ гэхээр нь тэгье гээд бид гурав 1 шил 0.75 литрийн “Хараа” архи дэлгүүрээс аваад 19 цагийн үед Хүүхдийн больницод байх Нацагдорж ахын гэрт очсон. Тэгээд Нацагдорж ах бид гурав архиа уунгаа хөзөр тоглоод хааяа нэг татаад Нацагдорж ахын гэрийн хаалга нь нээлттэй байж байсан, тэгтэл хажуу айлын бололтой нэг эгч хаалгаар шагайгаад "Нацагаа минь юун хүмүүс цуглаагаад шуугилдаад байгаа юм бэ, эхнэр чинь байхгүй байгаа юм уу” гэхэд, Нацагдорж ах "манай нэг хоёр дүү ирсэн юм, бид хэд ганц юм уугаад 13 тоглож байгаа юмаа" гэсэн. Тэгэхээр би “эгчээ танд хамаагүй ш дээ, танайд бахираагүй биз дээ” гэж хэлтэл "чи хаанахын хэн бэ, ямар том дуугардаг, олон үгтэй хүүхэд вэ” гэж хэлээд тэр эгч гэр лүүгээ орсон. Тэгээд бид гурав тоглоомоо үргэлжлүүлээд их удаагүй 10 орчим минутын дараа хүн орж ирэхээр нь би, эргэж хартал Ганбаа гэх зүс таних залуу нэлээн согтуу хоёр гараа ардаа барьчихсан зогсож байхаар нь "чи юу болов оо суу л даа" гэсэн чинь "миний суух суухгүй чамд хамаагүй, пизда минь, чи миний аавд агсам тавьдаг хэн бэ" гэсэн тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, би аавыг чинь ч танихгүй танайхаар ч ороогүй" гэсэн чинь гэнэт араар гүйж орж ирээд нэг гараа миний эрүүн доогуур оруулахаар нь би хоолой л боох нь гэж бодоод нээх санаанд ороогүй байж байтал миний зүүн чих халуун оргиод явчихсан, тэгтэл миний зүүн чихнээс цус гараад эхэлсэн, тэгтэл Ганбаа гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод оёдол тавиулж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. …Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. …Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг,/хх-ийн 6-7 х/
Гэрч ******* өгсөн “…Би 2024 оны 07 дугаар сарын 26-ны орой цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, Сүхбаатар сумын танил дүү Алхбаатартай вокзал дээр таарсан. Тухайн үед Алхбаатар нэг хүнтэй хамт явж байсан. Би тухайн хүнийг нь танихгүй, тэгээд бид гурав манай руу очихоор болоод нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад манайд очсон. Тэгээд бид гурав архиа уунгаа манай үүдний өрөөнд хөзөр тоглоод байж байтал манай хажуу айлын Ганбаатарын ээж Сумъяа манай руу орж ирээд нөхрийгөө асуугаад "танайд ямар юун хүмүүс ирээд байгаа юм бэ” гэхэд нь Алхбаатар хажуугаас "танд хамаагүй" гэхэд Сумъяа "ямар том дуутай хэн бэ” гээд тэр хоёр маргалдаж байгаад Сумъяа гараад явсан. Би ч нэлээн согтсон байсан, тэгтэл нэг их удаагүй байхад Сумъяагийн хүү Ганбаатар орж ирээд манай үүдэнд зогсож байгаад Алхбаатартай маргалдаж муудаад байсан, яг юу гэж хэлсэн болохыг нь би одоо санахгүй байна. Тэгтэл гэнэтхэн миний хажуугаар Ганбаатарын гар орж ирээд Алхбаатарыг цохиод авлаа гэж бодтол Алхбаатарын чихнээс нь цус гараад эхлэхээр нь би Ганбаатарын гар луу харахад гарт нь хавтгай цагаан юм харагдсан, тэгээд би бодоод байхад хутга байсан бол ороод явчихна тэгэхээр нь хутга бол биш, заазуур юм уу төмөр л байх гэж бодсон, яг юу байсныг нь хараагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10 х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 285 дугаартай “... 1. ******* биед зүүн хацар, зүүн чихний омогт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 15-16 х/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 19-21 х/
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23/155 дугаартай албан тоот хавсралтын хамт /хх-ийн 22-23 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-56 х/
Хохирогч ******* эмчилгээний картны хуулбар /хх-ийн 59-60,63-64 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 х/
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны оройн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өнөр хорооллын задгай тоотод ******* "чи миний аавд агсам тавьдаг хэн бэ" гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зүүн хацар, зүүн чихний омогт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч ******* өгсөн “…Тэгтэл хажуу айлын бололтой нэг эгч хаалгаар шагайгаад "Нацагаа минь юун хүмүүс цуглаагаад шуугилдаад байгаа юм бэ, эхнэр чинь байхгүй байгаа юм уу” гэхэд, Нацагдорж ах "манай нэг хоёр дүү ирсэн юм, бид хэд ганц юм уугаад 13 тоглож байгаа юмаа" гэсэн. Тэгэхээр би “эгчээ танд хамаагүй ш дээ, танайд бархираагүй биз дээ” гэж хэлтэл "чи хаанахын хэн бэ, ямар том дуугардаг, олон үгтэй хүүхэд вэ” гэж хэлээд тэр эгч гэр лүүгээ орсон. Тэгээд бид гурав тоглоомоо үргэлжлүүлээд их удаагүй 10 орчим минутын дараа хүн орж ирэхээр нь би, эргэж хартал Ганбаа гэх зүс таних залуу нэлээн согтуу хоёр гараа ардаа барьчихсан зогсож байхаар нь "чи юу болов оо суу л даа" гэсэн чинь "миний суух суухгүй чамд хамаагүй, пизда минь, чи миний аавд агсам тавьдаг хэн бэ" гэсэн тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, би аавыг чинь ч танихгүй танайхаар ч ороогүй" гэсэн чинь гэнэт араар гүйж орж ирээд нэг гараа миний эрүүн доогуур оруулахаар нь би хоолой л боох нь гэж бодоод нээх санаанд ороогүй байж байтал миний зүүн чих халуун оргиод явчихсан, тэгтэл миний зүүн чихнээс цус гараад эхэлсэн, тэгтэл Ганбаа гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод оёдол тавиулж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх,
Гэрч ******* өгсөн “…Тэгээд бид гурав архиа уунгаа манай үүдний өрөөнд хөзөр тоглоод байж байтал манай хажуу айлын Ганбаатарын ээж Сумъяа манай руу орж ирээд нөхрийгөө асуугаад "танайд ямар юун хүмүүс ирээд байгаа юм бэ” гэхэд нь Алхбаатар хажуугаас "танд хамаагүй" гэхэд Сумъяа "ямар том дуутай хэн бэ” гээд тэр хоёр маргалдаж байгаад Сумъяа гараад явсан. Би ч нэлээн согтсон байсан, тэгтэл нэг их удаагүй байхад Сумъяагийн хүү Ганбаатар орж ирээд манай үүдэнд зогсож байгаад Алхбаатартай маргалдаж муудаад байсан, яг юу гэж хэлсэн болохыг нь би одоо санахгүй байна. Тэгтэл гэнэтхэн миний хажуугаар Ганбаатарын гар орж ирээд Алхбаатарыг цохиод авлаа гэж бодтол Алхбаатарын чихнээс нь цус гараад эхлэхээр нь би Ганбаатарын гар луу харахад гарт нь хавтгай цагаан юм харагдсан, тэгээд би бодоод байхад хутга байсан бол ороод явчихна тэгэхээр нь хутга бол биш, заазуур юм уу төмөр л байх гэж бодсон, яг юу байсныг нь хараагүй...” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 285 дугаартай “... 1. ******* биед зүүн хацар, зүүн чихний омогт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны оройн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өнөр хорооллын задгай тоотод Ш.Алхбаатарыг "чи миний аавд агсам тавьдаг хэн бэ" гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зүүн хацар, зүүн чихний омогт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Хохирогч Ш.Алхбаатар нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 181.268 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй байгаа болно. Хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэл тогтоосон байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна..
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дэлгэрхишигээс: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, харин хохирогч Алхбаатарын сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах төлөх боломжгүй байна гэж үзэж байна. Хэрэг гарах үед хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, энэ хүн олон хэрэгт хохирогчоор тогтоогдож байгаа хувийн байдал, мөн хохиролтой холбоотой асуудал байгаа, түүний сэтгэл санааны хохирол яаж өөрчлөгдсөн бэ, яаж илэрсэн болох талаар нотлох баримт байхгүй байгаа. Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй, өнөөдөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа. Харин нийгмийн даатгалын санд гарсан төлбөрийг төлнө... гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч ******* биед халдаж зодон эрүүл мэндэд нь хацар, зүүн чихний омогт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ...шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг...,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: Прокурорын гаргаж байгаа саналыг дэмжиж байна, шүүгдэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдээ асардаг, өөрөө улирлын чанартай ажил хийдэг, тодорхой ажил хийж орлого олдог, мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдийн асаргааны мөнгө авдаг, иймд түүнд торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд тэрээр удаа дараа бусдын биед хохирол учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр шийтгэгдэж үүндээ дүгнэлт хийхгүй байгаа, тогтсон ажил төрөлгүй, орлогогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Дээрх жишиг аргачлалын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хамаарах уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.
Ш.Алхбаатар нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч Ш.Алхбаатар нь дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 181,268 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23/155 дугаартай албан тоот, эмчилгээний зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 181,268 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ
Иймд хохирогч Ш.Алхбаатар нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 300 (гурван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 181,268 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
6. Хохирогч Ш.Алхбаатар нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР