Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00220

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00220

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хнэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 05 дугаар багт оршин суух Шарнууд овогт БД /...................../-д холбогдох

Зээлийн төлбөр 7.710.073 /долоон сая долоон зуун арван мянга далан гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/01404/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Шарав овогтой Днь 2014 оны 10-р сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт мэс засалч, их эмчээр ажиллаж байхдаа анх 2010 оны 11-р сарын 25-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан ХУлаан-Уул тооцооны төвөөс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэйгээр, 15 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр тогтмол 299.800 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. Улмаар 2011 оны 01-р сарын 24-ний өдөр 3.815.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.500.000 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл хүүг сар бүр тогтмол 224.500 төгрөгөөр төлөхөөр авсан. 2013 оны 01-р сарын 25-ны өдөр 2.658.518 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 6.341.482 төгрөгийн цалингийн зээлийн нэмэлт зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр 343.200 төгрөг төлөхөөр авсан, 2013 оны 09-р сарын 25-ны өдөр 13/680 тоот зээлийн гэрээ байгуулан 7.492.720 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2.507.280 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 367.800 төгрөг төлөхөөр авсан. Зээлдэгч 2015 оны 05-р сараас хойш төлөлт хийгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 542 хонож байна. Зээлийн үлдэгдэл 5.872.167 төгрөг, хүү 1.643.651 төгрөг, торгуулийн хүү 194.255 төгрөг, бүгд 7.710.073 төгрөг /долоон сая долоон зуун арван мянга далан гурван төгрөг/ өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 7.710.073 төгрөгийг зээлдэгч Ш.Дамбийням, хамтран зээлдэгч Б.Д нараас гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Навчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Днь 2014 оноос хойш нийт 4 удаагийн цалингийн зээл авсан. Эхлээд 4.000.000 төгрөг дараа нь 2.500.000 төгрөг, 6.341.482 төгрөг, 7.492.720 төгрөгийн тус тус нэмэлт зээл аваад 2015 оын 05 дугаар сараас хойш зээл зээлийн хүүг төлөхгүй хугацаа хэтрүүлж байгаа. Иймд зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 7.710.073 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Днь эрүүл мэндийн байдал 0муутай байгаа учраас хэрэг хүлээх чадваргүй гэж үзээд хариуцагчаас татгалзаж хамтран үүрэн гүйцэтгэгч Дг хариуцагчаар татаж байгаа учраас тус зээл, зээлийн хүүг хариуцагч Дгаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Днь 1985 оноос 2014 оныг хүртэл 28 жил гаруй мэс засалч, их эмчээр ажилласан. Энэ хугацаандаа цалингийн зээлийг хугацаа сунгаж авч ирсэн. 2013 оноос бие нь муудаж эмчилгээн явах шаардлагатай болсон учраас цалингийн зээлээ 10.000.000 /арван сая/ болгож нэмж авсан. 2014 оны 03-р сараас ажлаасаа халагдсан. 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сарын дуустал эхнэр Д миний бие хувиараа ёөрд 367.800 төгрөг төлж ирсэн. Эхнэр Д миний бие 2015 оны 03 дугаар сарын 31-нд аарцаг ясны гэмтэл авч Хөвсгөл аймгийн мэс заслын тасагт 10 хоног эмчлүүлээд цаашид 2-оос 3 сар хэвтэрт байх болсон тул уг зээлийг төлөх чадваргүй болсон. Энэ тухайгаа Хөвсгөл аймгийн Хаан банкны салбар Улаан-Уул сумын тооцооны төвийн эрхлэгч Түмэн-Өлзий болон эдийн засагч Жамбал нарт танилцуулсан. Эдгээр хүмүүс өөрсдийн биеэр ирж байгаа байдлыг үзэж харсан. Би яагаад ч төлж чадахгүй боллоо, одоо шүүхэд шилжүүлж хүүг нь зогсоож өгөх хэрэгтэй байна. Хүү нь зогсчихвол үндсэн үлдэгдэл 5 сая гаруй төгрөгийг яаж ийгээд төлье гэдгээ хэлсэн. 3 сарын дараа шүүх хүлээж авахгүй байна гэсэн хариу өгсөн. Би 8 сард 1 сарын дараа Түмэн-Өлзий эрхлэгчтэй уулзахад таны материалыг салбарлуугаа явуулсан, хариу ирэхгүй байна гэдэг хариулт өгсөн. Харин 10,11 сарын үед Хөвсгөл аймгийн Хмэргэжилтэн Батзаяа, мөн Улаан-Уул сумын тооцооны төвийн эдийн засагч Жамбал нар надтай уулзсан. Би зээлийнхээ хүүг зогсоолгох шаардлагатай байна, 5 сая гаруй төгрөгийн зээлээ төлнө гэдгээ танилцуулсан. Энэ тухайгаа мэргэжилтэн Батзаяад бичиж өгсөн. Мэргэжилтэн Батзаяа та ийм хүсэлттэй байна уу гэсэн хариу өгсөн. Өөр тайлбар өгөөгүй. Ингээд бүтэн жил гаруй чимээгүй болчихоор нь Дэмчийн биеийн байдал, мөн мөнгө төлөх чадваргүй гэж үзээд хаагдчихсан юм байх л гэж бодож явсан. Одоо ирж таны нөхрийн цалингийн зээлийн хүүг зогсоох гэж байна, шүүх дээр ирж уулз гэхээр нь арай л харвачихсангүй. Иргэнийхээ хувьд маш их гомдолтой байна. Өмнө нь хүсэлтийг минь шийдээд өгсөн бол амьд хүн аргатай, ямар нэгэн байдлаар төлөх л байсан. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл 5.872.167 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү болон торгуулийн хүүг төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанд бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Хнь хариуцагч Б.Дд холбогдох 7.710.073 /долоон сая долоон зуун арван мянга далан гурав/ шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Д нь нөхөр Ш.Д-ын хамт Х2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж 3.815.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.500.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 2.658.518 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 6.341.482 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 7.492.720 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.507.280 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 2-11 дүгээр хуудас/,

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч Б.Д нь 2015 оны 05 дугаар сараас хуваарьт төлөлтийг хийгээгүй талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй, баримт гаргаж мэтгэлцээгүй тул шүүх үүргийг мөн хугацаанаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул түүнээс хойш буюу 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 548 хоногийн дараа Хнь зээлийн гэрээг цуцалж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцжээ.

Зохигчийн хооронд 2013 оны 01 сарын 25-ны өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ-ний 2.3.4-т зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Д нь төлөгдөөгүй үлдсэн зээлийн хэмжээ болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, үндсэн зээлийг төлөх эсэх дээр маргаагүй ба харин нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, 2015 оны 03 сарын 31-нд аарцаг ясны хугарал гэмтэл авч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт эмчлүүлээд цаашид 2-3 сар хэвтэрт байх болсон тул уг зээлийг төлөх чадваргүй болсон тухайгаа банкинд мэдэгдэж байсан учир нэмэгдүүлсэн хүү, хүүд нэхэмжилсэн нийт 1.837.906 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Мөн хариуцагч Б.Д нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураар оролцож зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.11-д зааснаар ...хамтран үүрэг гүйцэтгэгч батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээсэн байх тул хариуцагч Б.Дгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэл 5.872.167 төгрөг, хүү 1,643,351 төгрөг, торгуулийн хүү 194.255 төгрөг, нийт 7.710.073 төгрөгийг гаргуулж Хаан банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.Д нь өөрт олгогдсон эрхийг эдэлж шүүхэд нотлох баримтаа гарган өгч, хэргийн материал танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэхэд шүүх ямар нэгэн байдлаар саад болоогүй төдийгүй түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүйг дурдаж байна.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 20, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд түүний 99506397 дугаарын утсаар тус тус холбогдож мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Дгаас 7.710.073 төгрөг гаргуулж нэхэмжлэгч х олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 138.311 /нэг зуун гучин найман мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгаас 138.311 /нэг зуун гучин найман мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч х т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН