| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/340 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Н.***, түүний өмгөөлөгч Т.*** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.***од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*** овогтой *** (РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын эмнэлгийн орчимд хохирогч Ч.*** эзэмшлийн 200,000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси нөүт-8 загварын гар утас, карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Н.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруу дээрээ маргахгүй...хүүхэдтэйгээ амьдарч байгаа одоо хүүхэд маань ах дээр байгаа...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод манай найз *** намайг дуудсанаар болохоор Улаанбаатар хотод ирж Яармагийн нэг дүгээр буудлын ойролцоо баригдаж байгаа барилга дээр байрлаж, туслах ажил хийдэг байсан. Манай *** гэх багын найз намайг Төмөр замын вокзал дээр дуудаад надад 10,000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөндөө 2 хайрцаг тамхи аваад ажил руугаа буцаад очсон. Тэгээд намайг ажил дээр байхад орой нь над руу Замын-Үүдэд байхад самарт хамт явж танилцаж байсан залуу болон түүнтэй хамт байсан эмэгтэй залгаад вокзал дээр хүрээд ир гэхээр нь би автобусанд суугаад ирэхэд тэр 3 вокзалын хажуу талын хөшөөний тэнд 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд би ууж байсан архинаас нь хамт уугаад байж байтал архи дуусчихсан. Тэгэхээр нь би вокзал дээр байсан найз *** дээр очоод дахиж 10,000 төгрөг гуйж аваад 8,500 төгрөгийн үнэтэй хуванцар савтай архи аваад бөөнөөрөө хувааж уучхаад тэндээсээ хөдлөөд 10 дугаар хороололд тэр хэдийн байрлаж байснаа буудал руу явж байх замдаа төмөр замын эмнэлгийн ойролцоо 2 үл таних ах согтуу сууж байгаад босоод такси барих гээд цаашаагаа алхаад явж байхдаа гартаа барьсан пивоо асгахад надтай хамт явж байсан залуугийн нэг нь наад зам дээр чинь хүн амьтан явдаг шүү дээ гээд маргалдаад надтай хамт явж байсан залуу нэг том биетэй ахыг нь түлхэхэд тэр ах газарт унасан. Тэгэхээр нь би тэр ахын хувцсыг нь гөвж өгөхдөө халаасанд нь байсан гар утсыг нь аваад цаашаагаа ганцаараа гүйгээд явсан. Дараа нь нөгөө эмэгтэй над руу залгахад би вокзалын хажуу талын CU-д байна гэхэд тэр эмэгтэй над дээр хүрээд ирсэн. Тэгээд би хоёр тэр CU-д орж нөгөө ахын гар утасны гэрэнд байсан виза картыг уншуулж хараа нэртэй 2 шил архи аваад 25 дугаар эмийн сан руу явж байхад түрүүнд хамт байсан 2 залуу мөн над руу залгахад тэр хоёртой 25 дугаар эмийн сангийн замын хойно уулзаад 10 дугаар хорооллын найз нэртэй буудал орсон. Тэгээд буудалд авсан архиа уугаад...унтаад өгсөн. Маргааш нь босоод бид 3 Хар хорин зах руу яваад миний авсан гар утсыг тэнд явж байсан үл таних нэг хүүхдэд 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд гар утсаа зарсан мөнгөндөө том савтай 1 ширхэг пиво, 1 хайрцаг тамхи аваад Хар хорин захын гадаа ууж дуусгачхаад явж байхдаа би цагдаад баригдсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал),
2. Хохирогч Ч.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын эмнэлгийн зүүн талд явж байсан. Тэгээд тухайн эмнэлгийн зогсоолын зүүн талд байх үед үл таних 3 хүн ардаас ирээд миний дагз хэсэг рүү цохисон бөгөөд цохилтын улмаас би газар унасан. Үүний дараа тухайн хүмүүс миний гар утас, Хаан банкны картыг авч зугтаасан бөгөөд ардаас нь хөөгөөд гүйцээгүй...Би Самсунг нөүт 8 загварын хар өнгийн гар утсаа алдсан. Тухайн гар утсыг 2020 онд Тэди төвөөс 800,000 орчим төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
3. Гэрч Д.*** мөрдөх шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аравдугаар хороололд байдаг найз гэх нэртэй буудалд ***, ***, *** нартай хамт хоночхоод үдээс хойш *** вокзал орж нэг найзаасаа мөнгө авах хэрэгтэй байна гэж хэлхээр нь дөрвүүлээ хамтдаа уг буудлаас гараад вокзал орсон. Вокзал дээр ирээд *** найзтайгаа уулзчихаад бид гурвыг дагуулаад барс 1 худалдааны төв орж архины лангуунаас 1 шил архи аваад вокзалын хойд талын сандал дээр очиж уусан. Тэгээд худалдаж авсан архиа ууж дуусах үед харанхуй болчихсон байсан тул буцаад зочид буудалдаа очиж хонохоор болоод алхаж явах үед гудамжинд явж байсан хоёр эрэгтэйд *** “та нар гудамжинд хогоо” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тухайн хоёр эрэгтэйн өндөр нүдний шилтэй нь *** руу дайрахаар нь би очоод салгах гээд бариад автал миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. Намайг цохисны дараагаар би тухайн эрэгтэйн зүүсэн байсан хүзүүний ороолтоос нь бариад хоолойг нь боогоод бие нь сулраад ирэхээр нь буцаагаад тавих үед газарт суугаад өгсөн. Тухайн хүнийг газарт суулгаж хаячхаад би буцаад яваад өгсөн шиг санагдаж байна. Нэг мэдэхэд би өндөр том биетэй тарган эрэгтэй хүний доор орчихсон байсан. Намайг газарт хэвтэж байх үед нүдний шил зүүсэн ах наад залуу чинь яагаач үгүй, наад залуугаа явуул гэх үед миний дээр байсан эрэгтэй намайг орхиод цааш явах үед нь би босоод зугтаагаад буудал руугаа явж байх үедээ *** таарсан. *** таарчхаад буцаад вокзал ороод гудамжинд байсан хүний утсыг гуйж *** руу ярьсан. *** ярих үед 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Буудал дээр ирэх үед *** гартаа тортой юм барьчихсан байсан. Тэгээд бид дөрөв *** гэх буудалд очоод хоносон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
4. Гэрч Т.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой ***, ***, *** эхнэр гэх үл таних нэг эмэгтэйн хамт байрлаж байсан 10 дугаар хороололд байх зочид буудалд очиж хонохоор эргэн дурсахуй баарны хойд талд сандал дээр суугаад пиво ууж байсан хоёр эрэгтэй хүнтэй таарсан. Тухайн хоёр эрэгтэй бид дөрвийг очихоос өмнө босоод урд талд гараад 25 дугаар эмийн сан руу явдаг замаар хойшоо чиглэлтэй алхаж байсан. Тэгтэл туранхай жижиг биетэй эрэгтэй нь ууж явсан лаазтай пивоо явган хүний зам руу шидчихээр нь би та одоо болиоч ээ, хүүхэд явдаг зам дээр хогоо хаяхаа болиоч гэж хэлсэн. Намайг хогоо ав гэж хэлтэл хог хаясан эрэгтэй нь хаясан хогоо авчхаад над дээр ирээд чи муу бацаан юу гээд байгаа юм гэж хэлээд намайг зодох гээд дайрах үед *** ирээд чи хүн зөв юм хэлж байхад яагаад байгаа юм гэж хэлээд тухайн ахтай барьцалдаад авсан. *** тухайн эрэгтэйтэй цаашаа чирэлцээд явах үед би хамт явж байсан эмэгтэйтэй нь хойно үлдээд хараад зогссон. Харин *** араас нь очоод зууралдаад авсан. Би тухайн хүмүүсийг хоорондоо зодолдох үед нь явчихсан. Удалгүй *** миний хойноос хүрээд ирсэн тэгээд бид хоёр хамтдаа вокзал орсон. Орой вокзал дээр байх үед Дэлгэрмөрөн гудамжинд байсан үл таних хүний утсыг гуйгаад *** ярьтал 25 дугаар эмийн сан дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хэлснийх нь дагуу яваад очих үед Ганаа торон дотор хоёр шил архи хийчихсэн бариад зогсож байсан. Тэгээд бид дөрөв хамтдаа *** дугаар хорооллын хойд талын найз гэх нэртэй зочид буудалд ороод тухайн хоёр шил архийг уусан. Нэг мэдэхэд би тасарчихсан байсан, харин ухаан орох үед хоёр цагдаа ороод ирсэн регистрийн дугаар шалгаж байгаад намайг авч яваад Дэнжий мянгад байх эрүүлжүүлэх саатуулах байр руу авч явсан…” (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
5. Гэрч О.*** мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 11 сарын 05-ний өдөр *** над руу залгаад Төмөр зам дээр хүрээд уулзъя хүрээд ирээч гэхээр нь би Төмөр замд байрлах Эргэн дурсахуй баарны ойролцоо яваад очиход ***, ***, *** гурав байсан тэгээд бид дөрөв вокзалын автобусны буудал руу явсан. *** нэг найзтайгаа уулзаад 10,000 төгрөг аваад дэлгүүрээс архи аваад бид дөрөв хувааж уучхаад явж байсан чинь нэг согтуу эгч явж байсан чинь *** наадах чинь гайгүй юмтай хүн байж магадгүй чи байрны голоор аваад орчих гэхээр нь би согтуу эмэгтэйг байрны голоор авч ороод харанхуй газар луу алхаад явж байсан чинь араас *** ирээд гар утсыг булаагаад аваад явсан. Тэгээд бид дөрөв буцаад Эргэн дурсахуй баар луу алхаад явж байсан чинь хоёр согтуу эрэгтэй хүн 25 дугаар автобусны буудал руу алхаж явж байхыг хараад *** намайг цаашаа зам гараад байж бай гэхээр нь би цаашаагаа зам гараад явж байсан чинь *** *** хоёр араас нь очоод цохиод тэр хоёр зодолдоод байж байсан чинь хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хараад цагдаа дуудна гэсэн чинь ***, *** хоёр зугтсан. Би *** 25 автобусны буудал дээр байрлах CU дээр зогсож байсан чинь хүрч ирээд нэг карт олсон гэж хэлээд тухайн картыг *** өгсөн чинь намайг хоёулаа хамт CU ороод архи аваад ойр зуурын юм аваад гараад ирье гэхээр нь би *** цуг дэлгүүр ороод архи ундаа авсан. *** тухайн архи ундааны тооцоог ***, *** хоёроос авсан картаар тооцоог хийсэн…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-52 дахь тал),
6. Таньж олуулах ажиллагаагаар хохирогч Ч.*** нь “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийн зургийг харлаа. Миний гар утсыг аваад явсан гэх хүнийг би 4 тоогоор дугаарласан хүнийг мөн байна гэж таньж байна. Зүс царайгаар нь танилаа...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11-17 дахь тал),
7. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах *** ХХК-ийн баруун талд байх автомашины замын зүүн талын явган хүний зам хэсэг...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18-21 дэх тал),
8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Иргэн Ч.*** ардаас 21 цаг 31 минутын үед хар өнгийн хүрэмтэй, малгайтай цамцтай, саравчтай малгайтай эрэгтэй хүн, хар өнгийн хүрэмтэй, жинсэн өмдтэй, богино хар өнгийн үстэй эрэгтэй хүн болон шар ангийн хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн дагаж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 27-37 дахь тал),
9. Эрүүгийн мөрдөгчийн “...*** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын эмнэлгийн эсрэг талд дээрэмдүүлсэн гэх хэрэгт хэрэг гарсан газрын ойр орчимд байрлах хяналтын камерын бичлэг шүүж үзэж сэжигтэй этгээдүүдийн царай болон өмсөж явсан хувцас зэргийг тогтоосны дагаа сэжигтэй этгээдүүдийг олж тогтоох зорилгоор гэрэл зургийг *** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг болон архины хамааралтай иргэдэд үзүүлж ажиллахад камерын бичлэг дээр бичигдсэн 175-180 см өндөртэй эрэгтэй хүнийг *** буюу *** гэж таних бөгөөд хамт явж байсан намхан залуугийн зургийг үзүүлэхэд өөрийгөө *** гэж танилцуулсан гэхдээ хамт явж байсан эмэгтэй нь болохоор *** гэж дуудаад байсан жинхэнэ нэрийг нь сайн хэлж мэдэхгүй ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 53 дахь тал),
10. Эд зүйл баримт бичиг, ачаа тээш зэрэгт үзлэг хийсэн “...*** регистрийн дугаартай, *** овогтой ***-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 2024 оны 11 дүгээр сарын 05-Hbl өдрийн 22 цаг 03 минутад "***” гэх гүйлгээний утга бүхий 24.000 төгрөгийн зарлага гарсан…*** регистрийн дугаартай, *** овогтой ***-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 2024 оны 11 дүгээр сарын 05-Hbl өдрийн 22 цаг 04 минутад "***” гэх гүйлгээний утга бүхий 20.400 …*** регистрийн дугаартай, *** овогтой ***-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 05 минутад "***” гэх гүйлгээний утга бүхий 16.050 төгрөгийн зарлага гарсан...” гэх тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 54-57 дахь тал),
11. Хас Үнэлгээ ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2205 дугаартай “...Samsung Galaxy note 8 загварын гар утсыг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 200,000 төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-63 дахь тал),
12. Шинжээч Т.*** “... виза картыг үнэлэх боломжгүй тул үнэлээгүй. Учир нь банкны карт нь үнэгүй захиалан гаргаж байгаа. Материаллаг хохирол багатай тул үнэлэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 108 дахь тал), эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 81-90 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,
Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21:30 цагийн орчим Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын эмнэлгийн хажууд хохирогч Ч.*** эзэмшлийн 200,000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси нөүт-8 загварын гар утас, карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогчид 425.030 төгрөгийг хохирол учруулсан болох нь хохирогч Ч.***, гэрч Т.***, О.***, Д.*** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний 2205 дугаартай тайлан, шинжээч Э.*** мэдүүлэг, эд зүйл баримт бичиг, ачаа тээш зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч Н.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21:30 цагийн орчим Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын эмнэлгийн хажууд явж байхдаа хохирогч нартай үл ялих зүйлээр шалтаглан муудалцаж, хохирогч Ч.*** босгох явцад түүний карманд байсан гар утас, банкны карт зэргийг авсан,
улмаар цааш зугтаж 25 дугаар эмийн сангийн хажууд байрлах “CU” нэртэй дэлгүүрт орж хохирогч Ч.*** эзэмшлийн банкны картыг ашиглаж, бараа, бүтээгдэхүүн худалдан авсан үйл баримт тогтоогдсон.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Шүүгдэгч Н.***ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хохирогчийг харсаар байхад эд зүйлийг нь авч байгаа нь илээр, хохирогчийн биед халдаагүй байгаа нь хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдлээр бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөртөө авч байгаа нь хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
“Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг шийдвэрлэх бөгөөд прокуророос шүүгдэгч Н.***ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр 200.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан, хор уршигт 225.030 төгрөгийг картаас авч хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хэргийн үйл баримтыг өөрчлөөгүй, зөвхөн хохирлыг зөв тогтоож шийдвэрлэсэн болно.
Үндэсний системийн төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25-д "цахим мөнгө" гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монгол банкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.*** эзэмшлийн картад агуулагдаж байгаа мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий буюу 225.030 төгрөг нь цахим мөнгө бөгөөд шүүгдэгч нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ гар утас болон цахим мөнгө зэргийг авсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Хохирогч Ч.***д гар утас болон цахим мөнгөний хохирол 425.030 төгрөг учирсан нь хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч уг төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 156 дахь тал),
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.***оос 425,030 төгрөг гаргуулан хохирогч Ч.***д олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Н.***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.***ээс “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж…” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Н.***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Э.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлөөгүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***ын цагдан хоригдсон нийт 86 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***ыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.***од оногдуулсан 7(долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***ын цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.***оос 425,030 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.***д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Н.***ыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
17
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР