Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00799

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00799

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..........., С.А  ХХК-ийн /РД:ххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: .............. тоотод тоотод оршин суух, Г.Ат РД: ххххххххх/ холбогдох

10.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А  ХХК-ийн захирал Д.Оюунсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А  ХХК-ийн захирал Д.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.А  ХХК-ийн захирал, иргэн Д.Оюунсүрэн би 0000УБТ улсын дугаартай, тоёота Х маркийн суудлын авто машиныг 2015 оны 11 дүгээр сард бусдаас 9.000.000 төгрөгт тооцож авсан. Г.А нь уг авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нөхөр н.Сүхболдын маань Хаан банк дахь 00000000000 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн.

Ингээд үлдэх 6.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байсан бөгөөд тэрээр авто машины чинь мөнгийг танай компаниас гэрээ байгуулаад хүүтэй мөнгө зээлээд аваад өгье гэсэн. С.А  ХХК бол 1 хувьцаа эзэмшигчтэй ба тэрхүү хувьцаа эзэмшигч нь би өөрөө бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Манай компани Г.Атай 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээнд бид харилцан гарын үсгээ зурсан бөгөөд гэрээний хугацаа дууссан хэдий боловч Г.А нь үндсэн зээл болон хүү огт төлөөгүй.

 

Иймд Г.Ааас үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 900.000 төгрөг, зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор заасны дагуу тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 3.450.000 төгрөгийн хэмжээнд тооцон нийт 10.350.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Г.Аын өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.А болон нэхэмжлэгч талын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан. С.А  ХХК бол Д.Оюунсүрэн гэдэг 1 хувьцаа эзэмшигчтэй компани юм байна.

Г.А нь 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч талаас авто машин 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Мөн өдөр нь үлдэх 6.000.000 төгрөгийг хүүгүй зээлсэн зээлийн гэрээ үйлдэн 3 хувааж төлөхөөр тохиролцсон.

Г.А нь 6.000.000 төгрөгийнхөө үр шимийг хүртээгүй. Г.А болон С.А  ХХК-ийн хооронд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл.

Г.А нь автомашины үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөгийг С.А  ХХК, эсхүл иргэн Д.Оюунсүрэнд, хэнд нь ч өгч болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А  ХХК нь хариуцагч Г.Ат зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 900.000 төгрөг, алданги 3.450.000 төгрөг, нийт 10.350.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч С.А  ХХК нь Г.Ааас зээлийн гэрээний үүрэгт буюую үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 900.000 төгрөг, алданги 3.450.000 төгрөг, нийт 10.350.000 төгрөг нэхэмжилнэ,

Хариуцагч Г.А нь С.А  ХХК эсхүл иргэн Д.Оюунсүрэнд авто машины үлдэгдэл төлбөрт 6.000.000 төгрөг төлнө гэж тус тус тайлбарлаж байна.

 

С.А  ХХК-ийн захирал, иргэн Д.О нь өөрийн эзэмшлийн 0000УБТ улсын дугаартай, тоёота Х маркийн суудлын авто машиныг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.Ат 8.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, мөн өдөр нь Г.А урьдчилгаа хэмээн 2.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

/ХХ-ийн 33-35 дугаар тал/

 

Г.А нь С.А  ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөгийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн барьцаат зээлийн гэрээ байх ба уг гэрээнд талууд хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

Хариуцагч тал 6.000.000 төгрөгийг аваагүй гэсэн хэдий боловч гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр уг мөнгийг С.А  ХХК-иас авсан нь талуудын гарын үсэг зурагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдлоо.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд Г.А болон С.А  ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

/ХХ-ийн 3-7, 32 дугаар тал/

 

Хариуцагч Г.А нь авто машины үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөгийг төлөх зорилгоор С.А  ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөгийг хүүгүй зээлсэн зээлийн гэрээ байгуулсан гэх боловч 6.000.000 төгрөгийг төлөхтэй холбоотой хожим буюу 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан тул уг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх гэрээг нотлох баримтаар гаргуулах болон уг гэрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарласан ба тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хэлцлийг ойлгох бөгөөд Г.А нь авто машины үлдэгдэл төлбөр болох 6.000.000 төгрөгийг төлөх зорилгоор бусдаас мөнгө зээлсэн зээлийн гэрээ бодитоор байгуулсан тул уг гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш юм.

 

Нэхэмжлэгч С.А  ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж болох нь тус компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд зээлдэгч Г.А 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу төлөлт хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч С.А  ХХК нь зээлийн гэрээний 4.2-т Өдрийн зээл авсан зээлдэгч зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 0.5 хувиар алданги тооцно гэсний дагуу алданги 3.450.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Г.Ат өдрийн бус хэрэглээний зээл олгосон талаараа тайлбарлалаа.

Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар дээрх гэрээг буюу гэрээний заалтыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал дээрхи алданги тооцсон заалт нь өдрийн зээл авсан зээлдэгчид хамаарах заалт байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Г.А нь алданги 3.450.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэв.

 

Хариуцагч Г.Аын гүйцэтгэх ёстой үүрэг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ ёсоор

-Үндсэн зээл-6.000.000 төгрөг,

-Зээлийн хүү 900.000 төгрөг /1 сарын хүү 300.000 төгрөг, 3 сарын хүү/

-Нийт 6.900.000 төгрөг байна.

 

Иймд хариуцагч Г.Ааас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.450.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Г.А нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гадна хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар хариуцагч Г.Ааас 6.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.450.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.А  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас 125.350. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН