| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0351/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/570 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
шүүгдэгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт, *** аймгийн *** сум, *** баг, **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
*** овогт *** (РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*** нь Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "***" зочид буудалд ресейпшнээр ажиллах хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ээлжид гарч байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн өрөөний төлбөрийг хувийн дансанд шилжүүлэн авч завшиж, "***" ХХК-д бага хэмжээнээс дээш буюу 1,240,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Г.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш их гэмшиж байна...дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ний өдөр хүртэлх хугацаанд би Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед над дээр дадлага хийх гэж байсан нэг охин хамт ажиллаж байсан. тэгээд тухайн охинд хийх ажлыг нь зааж өгчхөөд ажлаа хийж байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 05-ний шөнө 02 цагийн үед байгууллагын орлого болох 900,000 мянга гаран төгрөг өөрийн хувийн дансаар аваад тухайн зочид буудлаас явсан. тэгээд тухайн буудалд над дээр дадлага хийж байсан нэг охин болон буудлын хамгаалагч нар уг буудал дээр үлдсэн бөгөөд би дахиж тухайн буудал дээр очоогүй ээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
яллагдагчаар өгсөн “...Би одоог хүртэл мөнгийг нь гаргаж өгч чадаагүй байгаа яагаад гэвэл би одоог хүртэл тогтсон ажилтай болж чадахгүй байгаа болохоор тухайн байгууллагад хохирлоо төлж чадахгүй байгаа мөн 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай хүүхдийн усны найр болоод тухайн өдрөөс хойш хүүхэд харах хүнгүй байгаа болохоор хүүхдээ хараад мөнгө олж чадахгүй байсан ба манай төрсөн эцэг эх нар сувилалд явж байгаад саяхан ирсэн одоо би ажилд орох гээд ажил хайж байгаа. Мөнгөтэй болоод хохирлыг нь шууд барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.*** гэх эмэгтэй манай *** ХХК-д буудлын ресейпшн албан тушаалд 2024 оны 02 сарын 01-ний өдөр ажилд орсон. Ингээд *** нь *** зочид буудалд 2 удаа ээлжээр ажилласан. Тэгэхдээ 2024 оны 03 сарын 03-ний өдрөөс 04-нд шилжих шөнө ээлжид гарахдаа зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн төлбөр мөнгийг өөрийнхөө хувь хүний дансандаа шилжүүлж авсан байна лээ. Тухайн өдрийн үйлчлүүлэгч нарын шилжүүлсэн 1,380,000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлж аваад үүрээр 05 цагийн үед ажлаас гараад явсан байсан. Тухайн үед *** зочид буудалд дагалдан хийж байсан ***гэх эмэгтэйтэй хамт хоносон. *** нь зочид буудлаас ажлаа хаяж явахдаа *** гарчхаад ороод ирье гэж хэлээд эргэж ирээгүй гэсэн... Тухайн өдөр 39 өрөө үйлчлүүлэгчтэй байсан. Тус *** өрөөний төлбөр 3,790,000 төгрөг байх ёстой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
3. “***” ХХК-иар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
4. “***” ХХК-ийн итгэмжлэл олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
5. “***” ХХК-ийн ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 24-27 дахь тал),
6. 2023 оны 08 дугаар сарын 08-н өдрийн 7 дугаар хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 26 дахь тал),
7. Эд хөрөнгө хариуцлагын гэрээ (хавтаст хэргийн 27 дахь тал),
8. Г.***ийн Хаан банкны ***дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн “...11 удаагийн гүйлгээгээр нийт 1,240,000 төгрөг орсон байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
9. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50-56 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал), Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 30-42 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.*** нь Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "***" зочид буудалд ресейпшнээр ажиллах хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ээлжид гарч байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн өрөөний төлбөрийг хувийн дансанд шилжүүлэн авч завшиж, "***" ХХК-д бага хэмжээнээс дээш буюу 1,240,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг бөгөөд хөрөнгө завших гэмт хэргийн тухайд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөгөөрөө бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Шүүгдэгч Г.*** нь *** ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтоор *** зочид буудлын ресейпшнээр ажиллаж байхдаа буюу бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн.
Иймд шүүгдэгч Г.*** нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "***" зочид буудалд ресейпшнээр ажиллах хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ээлжид гарч байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн өрөөний төлбөрийг хувийн дансанд шилжүүлэн авч завшиж, "***" ХХК-д бага хэмжээнээс дээш буюу 1,240,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарангэрэлд 1,240,000 төгрөгийн хохирол учирсан талаар яллах дүгнэлтэд дурдагдаж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.*** нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Г.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна...” гэсэн,
шүүгдэгч “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн тус тус санал гаргасан.
Шүүгдэгч Г.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг оногдуулсан ялаас түүний цагдан хоригдсон 3 хоног буюу 24 цагийн хугацааг хасаж, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 216 цагийн хугацаагаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.***ийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу гурав хоногийг 24 цагаар тооцож түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 240 цагаас хасаж түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 216 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.*** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР