Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0756

 

 

 

 

 

 

 

   2022          10           12                                    128/ШШ2022/0756

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Д**** /РД:****/

            Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 1. Нэхэмжлэгч Б.Д**** тус шүүхэд хандан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Б.Д****ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

            2. Нэхэмжлэгч Б.Д**** нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын салбарын статистик, мэдээллийн сан, дүн шинжилгээ хариуцсан шинжээчийн албан тушаалд томилогдсон.

            Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолоор яамны бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Б.Д****ийг яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын салбарын статистик, мэдээллийн сан, дүн шинжилгээ хариуцсан шинжээчийн үүрэгт ажлаас чөлөөлж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан.

            3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандсаныг Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр “...таныг Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангахгүй байхад ... уг албан тушаалд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчин томилсон байна. ... Авлигатай тэмцэх газрын ... 2020 оны 05/3240 дүгээр албан бичигт албан тушаалын тодорхойлолтын ... шаардлага хангахгүй байгаа талаар дурдсан. Иймд ... уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй” хэмээн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч Б.Д**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Миний бие 2012 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаад 2018 онд БНХАУ-ын Гуанжоу хотын Гуанжоу Их сургуульд боловсролын статистик мэргэжлээр докторантурт суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд орсон.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар тус яамны боловсролын салбарын статистик, мэдээллийн сан, дүн шинжилгээ хариуцсан шинжээчийн албан тушаалд түр томилогдсон. Тус оныхоо 5 дугаар сард яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс зохион байгуулагдсан шинжээчийн албан тушаалын тусгай шалгалтад тэнцэж, Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот тогтоолыг үндэслэн яамны Төрийн нарийн бичгийн даргын  2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тушаалаар боловсролын салбарын статистик, мэдээллийн сан, дүн шинжилгээ хариуцсан шинжээчийн албан тушаалд томилогдсон. Засгийн газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор яамны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын статистик хариуцсан шинжээчийн албан тушаалд томилогдсон байтал тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/146 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, манай хэлтсийн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын статистик хариуцсан шинжээчийн албан тушаал болон Дээд боловсролын статистик хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг нэгтгэж, цөөрүүлсэн, харин мэдээллийн технологийн асуудал хариуцсан ахлах шинжээчийн орон тоог шинээр бий болгосон. Улмаар 2022 оны 3 дугаар сард бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг дахин хийж, манай хэлтэст дахин шинжээч, мэргэжилтний орон тоог статистикийн чиглэлээр нэмсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасан ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сар өнгөрсний дараа нэгтгэсэн орон тоог дахин бий болгож, тухайн албан тушаалд дахин хүн томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчиж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу нэгтгэсэн албан тушаалд ахлах шинжээч, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан 2 албан хаагчаас тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж, авах үүрэгтэй. Ингэхдээ үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан үзэх ёстой байсан ба Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан шалгуур нөхцөлийг бүрэн хангаж байсан. Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/126 дугаар тушаалын хавсралтаар баталсан байрны тодорхойлолтод албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг бүрэн хангасан учраас тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байсан гэж үзэж байна.

Миний эрхэлж байсан шинжээчийн албан тушаалын чиг үүрэг дээр дээд боловсролын статистикийн чиг үүргийг нэмж, ахлах түшмэлийн тушаалыг бий болгосон нь хууль бус байна.  Төрийн албаны зөвлөл яамны чиг үүрэгт хуль тогтоомжоор өөрчлөлт ороогүй байхад албан тушаалын тодорхойлолтыг ойр ойрхон өөрчлөх зөвшөөрөл өгч, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан баталгааг хангахгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 3-т заасны дагуу гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн гүйцэт хянаагүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны тушаалыг хүчингүй болгож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, Салбарын статистикийн мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү“ гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн намайг ажлаас чөлөөлсөн тухай Б/146 дугаарыг тушаалыг хүчингүй болгуулж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас халсан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх гэж байгаа бол өөр албан тушаал санал болгох ёстой байсан.

Төрийн захиргаа удирдлагын газраас сонсох ажиллагаа надад явагдсан ба тухайн сонсох ажиллагааны үед амаар надад санал тавьсан гэдэг. Гэхдээ би тухайн үед надад албан бичгээр саналаа танилцуулах ёстой байсан гэдгийг хэлж байсан. Буцааж ажилдаа томилогдох хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр гаргахдаа тодорхой бичиж өгсөн” гэв.

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 23 дугаар тогтоолоор яамны бүтцийг дахин шинэчлэн батлагдсан. Засгийн газрын 23 дугаар тогтоолын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаар 88 байсныг 95 болгосон бөгөөд албан хаагчдын ажлын байрны нэр, албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн чөлөөлөгдсөн албан хаагчдыг Боловсролын ерөнхий газарт шилжүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд үүний дагуу Б.Д****ийг Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Д****ийг ажилд томилох тухай” Б/64 дүгээр тушаалаар ажилд томилсон.

            Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Д****той эвлэрэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүхээс тодорхой хугацаа олгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Д****ийг ажлаас чөлөөлөх тухай Б/146 дугаарыг тушаалыг гаргасан. Энэхүү тушаалын үндэслэл нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор яамны орон тоо 110 байсныг 88 болгож бууруулсан. Энэ хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн нарийн бичгийн даргын яамны ангилал зэрэглэл батлах тухай А/103 дугаартай тушаалаар сүүлд Б.Д****ийн ажиллаж байсан Цахим бодлого статистикийн хэлтсийн орон тоо 5 байсныг 4 болгож цөөрүүлсэн. Ингэж цөөрүүлсний үндсэн дээр ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-ийг үндэслэсэн байдаг. Энэ заалт дээр төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасан байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Д****ид сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагааны тэмдэглэлд Б.Д****ийг Боловсролын зээлийн санд шилжүүлэн ажиллах саналыг тавьсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл түрүүнд нэхэмжлэгчийн хэлж байгаагаар санал тавьсан ч саналыг заавал бичгээр тавих ёстой байсан гэсэн. Ажлын байраар хангуулах гэсэн болохоос биш саналыг заавал амаар тавих ёстой, бичгээр тавих ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Бид яг энэ хуулийн 62.1-д заасан арга хэмжээний дагуу харьяа байгууллагад шилжүүлэн ажиллуулах арга хэмжээг авсан боловч энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас дараагийн арга хэмжээ буюу 3 сарын тэтгэлэг өгч ажлаас чөлөөлсөн байдаг.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Л.Ц*** болон Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Г*** нар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст хэчнээн тушаал нь гарсан байсан хэдий ч үргэлжлүүлэн ажлаар хангах үүднээс н.Н*** даргатай аман байдлаар уулзаж ажлаар хангаж өгнө үү гэсэн байдлаар уулзаж санал тавьсан. Энэ дагуу Б.Д**** тухайн ажилд орсноос биш өөрөө н.Н*** даргатай очиж уулзаад ажилд орчихсон зүйл биш. Манайх өөрсдөө цаанаасаа ийм арга хэмжээг авсан учраас хуулийн дагуу арга хэмжээгээ авсан гэж үзэж байгаа.

Б.Д**** нь төрийн албанд буюу Боловсрол, шинжлэх ухааны яаманд томилогдохдоо тусгай шаардлагыг хангаагүй байна гэх албан бичиг Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн. Энэ албан бичиг дээр Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 49 дүгээр тогтоол, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/26 дугаар тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байхад тухайн албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл таныг Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангахгүй байхад тухайн албан тушаалын тусгай шалгалтад бүртгэж, сонгон шалгаруулж, уг албан тушаалд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчиж томилсон байна гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс баталгаажуулж ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэгч Б.Д****оос тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-т зааснаар ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сар өнгөрсний дараа уг ажлын байр дахин бий болгож, тухайн албан тушаалд дахин хүн томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчиж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан тушаалтныг шалгаруулах авах ёстой байсан.

3. Төрийн захиргаа удирдлагын газраас сонсох ажиллагаа явуулах үед өөр ажлын байрыг амаар санал болгон тавьсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 51 дүгээр  дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 110 байхаар тогтоосныг Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 265 дугаар тогтоолоор “88” болгон багасган, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан.

            Үүнтэй холбогдуулан хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаалаар, өмнө Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/21 дүгээр тушаалаар 5 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулахаар батлагдсан яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийг Цахим бодлого, статистикийн хэлтэс болгон өөрчилж, орон тоог Хэлтсийн дарга 1 /ТЗ-11/, ахлах шинжээч-1 /ТЗ-10/, ахлах мэргэжилтэн-2 /ТЗ-8/ нийт 4 байхаар тогтоосон.

Улмаар яамны бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст /хуучнаар/ Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын салбарын статистик, мэдээллийн сан, дүн шинжилгээ хариуцсан шинжээчээр /ТЗ-9/ ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Д****ийг Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар,

Маргаан бүхий захиргааны актыг гаргах хүрээнд хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 29-ний өдөр тус тус нэхэмжлэгчтэй уулзаж, бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан орон тоо цөөрсөн тул харьяа байгууллага болох “Боловсролын зээлийн санд шилжүүлэн ажиллах” саналыг тавьсныг нэхэмжлэгчээс татгалзсантай холбогдуулан маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 10 дугаар сарын 22-ны болон 29-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч Б.Д****ийн эрхэлж байсан албан тушаал болох яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст дэх Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын салбарын статистик, мэдээллийн сан, дүн шинжилгээ хариуцсан шинжээчийн ажлын байр нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 49 дүгээр тогтоолоор зөвшөөрөгдсөн Албан тушаалын тодорхойлолтод зааснаар төрийн албаны Ахлах түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэг болон тухайн Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон ажилсан жилийн шаардлагыг хангахгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 05/3240 дугаар албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/6390 дүгээр албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 06/1013 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтална хэмээн, 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, Засгийн газрын 2021 оны “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 265 дугаар тогтоолоор яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, орон тооны дээд хязгаарыг 88 байхаар тогтоосонтой холбогдуулан хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг гарган, тухайн Албан тушаалын тодорхойлолт болон Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч Б.Д****ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” саналыг тавьсныг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан журмыг бодит нөхцөлд тохирсон байдлаар тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий шийдвэр байна.

Мөн, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буй этгээдүүдээс албан хаагчийг шалгаруулж авах тухай хуулийн зохицуулалт бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” 23 дугаар тогтоолоор яамны орон тооны дээд хязгаарыг “95” болгон нэмэгдүүлсэн гэх үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан ахлах түшмэлийн болон тухайн Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан шалгаруулах үйл ажиллагаанд оролцуулах болон Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасан журмын дагуу эгүүлэн томилох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэн эл үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн өмнө нь тус шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтээр 3 удаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 1 удаа хойшилж байсан тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Д****оос Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Б.Д****ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХТУЛГА