Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/01402

 

 

 

 

 

2020 04 24

101/ШШ2020/01402

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.А нь тус А с ХХК-ийн ломбардаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №533 дугаартай зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №606 дугаартай зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №575 дугаартай зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй тус тус авч гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч Э.А нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, сар бүр төлөх графикийн дагуу зээлийг эргүүлэн төлөхгүй нэр төдий эхний хоёр гурван сар төлчхөөд сүүлийн жил гарангийн хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээнүүдийг цуцалж дуусгавар болгож байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 21,000,000 төгрөг, зээлийн хүү 15,840,000 төгрөг, нийт 36,840,000 төгрөгийг гаргуул өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.А би Ю.Цээс 21,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлсэн мөнгө болон надад өөрт байсан хөрөнгө, нэмэлтээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч нийт 300,000,000 төгрөгт мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрны түрээс, ажиллах хүчний зардалд зарцуулсан. Мах махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч манай үйлдвэр нь БНХАУ руу дулааны аргаар мах боловсруулж экспортлох үйлдвэр байсан бөгөөд экспортын зөвшөөрөл авах маш удаан хугацаанд хөөцөлдсөн ба зөвшөөрлийг хууль ёсоор нь авах жижиг үйлдвэрийн хувьд маш хэцүү байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын авилга, хээл хахуулийг өгч чадаагүйн улмаас зөвшөөрөл авах нь удаан хугацааны ажил болсон. Мэргэжлийн хяналтын махны экспорт хариуцсан дарга нар нь мах экспортлогчдоос авсан авилгаа оймсондоо хүртэл нууж байсныг та бид мэдэх билээ. Зөвшөөрөл авах бүх бичиг баримт, барилгын засвар, тохижилт бүрэн болж зөвшөөрлөө авах дээрээ тултал салбар яамны сайд нь авилга, албан тушаалын хэргээр ажлаа өгч мөн л олон сар зөвшөөрлөө авч чадаагүй. Учир нь мах экспортлох зөвшөөрөл дээр Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд гарын үсэг зурдаг. Үүний дараа салбар яамны сайд томилогдож дахиад л хөөцөлдөж эхэлсэн боловч экспортлох квот авах нь нэг килограмм тутамд 2 юаний авилгатай болж миний бие авч чадалгүйгээр мах боловсруулах үйлдвэр маань дампуурсан. Дээрх нөхцөл байдлаас болж зээлийн төлбөрийг цаг тухайд нь төлж чадаагүй юм. Би 2018 онд 21,000,000 төгрөгийн зээл авснаас хойш зээлийн төлбөрт нийт 11,855,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл 21,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа 21,000,000 төгрөг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч 15,840,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 15,840,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Ц нь А с ХХК-ийн ломбардаас зээл олгосон зээлийн 3 гэрээний дагуу зээл 21,000,000 төгрөг, хүү 15,840,000 төгрөг, нийт 36,840,000 төгрөгийг хариуцагч Э.Агээс гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.А нь А с ХХК-иас зээл аваагүй, иргэн Ю.Цээс зээл авсан, бичгээр гэрээ байгуулаагүй хүү төлөхгүй, 21,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч, үүнээс төлсөн 10,980,000 төгрөгийг хасч, үлдэх 10,020,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх мөнгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А с ХХК-ийн байрыг түрээсэлж, тэдний мөнгөөр зээл олгодог гэх боловч А с ХХК-ийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс 21,000,000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга, А с ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтын бичвэр зэргийг шүүх хуралдааны явцад тулгаж тооцоход хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хүүнд төлсөн 600,000 төгрөгөөр 5 удаа нийт 3,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 240,000 төгрөгөөр 2 удаа нийт 480,000 төгрөг, бүгд 3,480,000 төгрөгийг хүүнд төлсөн гэж хариуцагч зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасантай нийцэж байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан А с ХХК Барьцаат зээлийн үйлчилгээ гэсэн 533, 606, 575 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, тодруулбал нэхэмжлэгч нь А с ХХК-ийн нэрийн өмнөөс барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулах, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй, нөгөөтэйгүүр зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч Ю.Ц, хариуцагч Э.А нарын хооронд үүссэн байна гэж үзээд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Харин эрүүгийн журмаар шалгуулахад төлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 1,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг үндсэн зээл 21,000,000 төгрөгөөс хасч үлдэх 13,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Э.Агээс зээл 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 23,340,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Э.Агээс 13,500,000 /арван гурван сая таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Цт олгож, нэхэмжлэлээс 23,340,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 225,450 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ