| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/03839/И |
| Дугаар | 101/ШШ2021/03475 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/03475
| 2021 11 01 | 101/ШШ2021/03475 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б
Хариуцагч: Б.Э-т холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Иргэн Н.Б миний бие нь өөрийн гэр бүл цуцлуулах асуудлаараа өмгөөлөгч Б.Э-с хууль зүйн туслалцаа авахаар ярилцсан юм. Гэвч энэ ярилцсан зүйлээ нэг мөр болгож шийдвэрлэж тохиролцоогүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Гэхдээ надаас 2020 оны 10-р сарын 27-ны өдөр 9,000,000 (есөн сая) төгрөг хаан банкны тоот дансаар авсан. Өмгөөллийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байтал миний бие өөрийн нөхөртэйгөө гэр бүл цуцлах асуудлаа харилцан тохиролцож дуусгавар болгосон. Өмгөөллийн үйл ажиллагааг гэрээ байгуулан албан ёсоор явуулаагүй учир зөвлөгөө чиглэл өгсөн ажлын хөлсөнд 3 сая төгрөг авч үлдээд үлдсэн мөнгийг эгчдээ буцаагаад өгөөч гэсэн боловч надаас нэмж 30 сая төгрөг нэхэмжилнэ гэж сүрдүүлсэн. Энэ хугацаанд миний бие ажилгүй группэд байдаг 3 хүүхдийн хамт амьдардаг учир санхүүгийн хүнд байдалд орсон. Зөвлөгөө чиглэл өгч байсныг миний хувьд үгүйсгээгүй, чиглэл, зөвлөгөө өгсөн асуудалд 3 сая төгрөг авч үлдэхийг зөвшөөрсөн. Гол нь өмгөөллийн үйл ажиллагааг ямар нэгэн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлээгүй, өөрийнх нь ямар нэгэн оролцоогүйгээр асуудал тохиролцож дууссан байхад миний бүх мөнгийг буцааж өгөхгүйн дээр надаас 30 сая төгрөг нэхэмжилнэ гэж айлган сүрдүүлээд байгаа юм. Иймээс өмгөөлөгч Б.Э-ын энэхүү үйлдэлд хариуцлага тооцуулахаар энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандсан боловч шийдвэрлэж өгөлгүй шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг бичгээр өгсөн болно. Зөвлөгөө чиглэл өгсөн асуудалд 3 сая төгрөг бол хангалттай хэмжээний хөлс гэж миний хувьд бодож байна. Харин ямар ч гэрээ хийгээгүй, ямар ч өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй хэр нь 9 сая төгрөг үндэслэлгүйгээр бүгдийг авна гэдэг өмгөөлөгч хүний хувьд ёс зүйгүй зүйл гэж үзэж байна. Иймээс Б.Э-ын надаас ямар нэгэн үндэслэлгүйгээр олж авсан үлдэгдэл 6,000,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
6 сая төгрөг төгрөг буцаан гаргуулна. Хариуцагчтай өмгөөлүүлэх гэж тохиролцсон. Өмгөөлүүлэх явцад эд хөрөнгийн маргааныг зохицуулах гэж байсан. Гэтэл хуучин нөхөр маань эд хөрөнгөө зараад нүүгээд явчихсан байсан. Өмч хөдлөхгүй гэж тайвшруулж байсан. Гэртээ яваад очиход хоосон болсон байсан болохоор хариуцагчид хэлэхэд асуудалгүй, зарагдахгүй гэсэн. Гэтэл хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон байсан тул би Э-аас татгалзах талаар мессеж бичсэн. Э-ын хүсэлтээр манай нөхөр Ууганбатыг баривчлуулсан, шүүхэд нэхэмжлэл бичиж өгснийг хүлээн зөвшөөрнө. Энэ ажлын талаарх төлбөрийг суутгаад үлдэх 6 саяыг авах гэж очиход гар гээд хөөж гаргасан. Ингээд шүүхэд хандаж байна.
Хариуцагчтай хийхээр тохиролцсон ажлууд дээр маргаагүй. Зөрчлийн хуулиар нөхөр баривчлагдсан нь үнэн юм. Өмнөх хэрэг дээр гэрлэлт цуцлагдаж, 3 хүүхэд миний асрамжид үлдэж, улмаар тэтгэлэг гаргуулна гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Эд хөрөнгийн маргааны хувь 4 өрөө 1 орон сууц болон 3 авто зогсоолын асуудлаар маргасан боловч надад юу ч олдоогүй. Шийдвэрийн 2021 оны 03 дугаар сарын эхээр авсан бөгөөд би гомдол гаргаагүй. Энэ хэрэг дээр өмгөөллийн үйлчилгээ авахаар анх уулзахад нийт төлбөр нь 30,000,000 төгрөг гэж амаар тохиролцсон бөгөөд гэрээ байгуулаагүй гэв.
Хариуцагч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буян-Очир овогтой Э миний бие, тус шүүхэд хянагдаж буй иргэн Н.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа миний урьд үйлчлүүлж байсан Батцэцэг гэх хүнээр дамжуулан миний эгч Б нь хууль зүйн туслалцаа хэрэг боллоо гэж утсаар холбогдсон. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амралтын өдөр ч гэсэн яаралтай уулзах хэрэгтэй байна гээд утсаар залгасаар манай гэрийн гадаа ирж уулзан учир явдлаа ярьж гэр бүл цуцлуулах асуудлаар шүүхэд хандах хэрэгтэй байна гэж өөрт тулгарсан асуудлаа ярьсан. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний ажлын байранд уулзалдаж, түүнд учирсан асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд зохих арга хэмжээ авхуулах тухай иргэний болон зөрчлийн хэрэг маргаанд түүнд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ уулзалтад үйлчлүүлэгч Н.Б болон түүний дүү гэх Батцэцэг, С.Цацралтуяа нар байсан юм. Дээрх 2 гэрч тухайн үед болсон яриа өгүүлэмжийг бүгдийг нь мэдэж байгаа юм. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай өргөдөл гаргасан ба Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд холбогдуулан гомдол гаргасан. Ингээд ХУДЭХАШ Шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1373 дугаар шийтгэврээр зөрчил гаргагчид 20 цагийн албадан сургалтад хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 306 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлийг тус тус гардан авч, коронавируст “covid-19” цар тахлын хариу арга хэмжээ болох нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан үед ч өөрсдийн эрүүл мэндийг үл хайхран холбогдох баримтуудыг бүрдүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХУДИХАШ Шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийнхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг удаа дараа сунгаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж энэ талаар гомдол гаргагч Н.Бд мэдэгдэж, түүний цахим хаягаар нэхэмжлэлийн шаардлага, холбогдох хүсэлтүүдийг илгээж байсан болно. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа хэлсэн, ямар үндэслэлээр яагаад нэхэмжлэлээ шийдвэрлүүлэхээс татгалзах болсон талаар тодруулахад ямар нэгэн дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй болно. ХУДИХАШ Шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулах гэсэн боловч нэгэнт хэргийн оролцогч бус этгээдэд хувь хүний нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Өмгөөлөгч миний бие зөрчлийн хэрэг маргаан болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан
1. Эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл;
2. ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол;
3. Нэхэмжлэлийн шаардлага;
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт;
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт;
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хүсэлтүүдийг тус тус хууль эрх зүйн шаардлага хангасан хэлбэрээр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөөг өгсөн болно.
Бид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсийг харилцан тохиролцсон ба үйлчлүүлэгчийн сэтгэл санаанд болон эрх зүйн мэдлэгт бүрэн нийцсэн зөвлөгөө туслалцааг үзүүлсэн мөн хэргийн аль ч үе шатанд хариуцагчтай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аливаа асуудлаар эвлэрэн хэлэлцэж болно гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж, харилцан ойлголцсон болно. Иймд өмгөөлөгч намайг ямар ч мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд түүний төлсөн төлбөр нь өөрт учирсан асуудлыг хууль эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх талаар хангалттай үр дүнтэй зөвлөгөө байсан тул ажлын хөлс төлсөн. Мөн Н.Б нь өөрийн хүссэн үр дүндээ хүрсэн байж болох ба өмгөөлөгч миний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон ажлын туршлага, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тэрээр дураараа үнэлэн төлсөн төлбөр тооцооноос хасах ямар ч эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулагдсан байдаг. 11 сарын 18-нд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх тэмдэгтийн хураамж дутуу гээд татгалзсан тул 12 сарын 7-нд дахин гаргасан байдаг. Холбогдох хүсэлтүүдийн хамт гаргасан байдаг. Өрөөнөөсөө би хөөж гаргасан зүйл байхгүй. Таны хүсэлтээр энэ ажиллагаа дууссан гэдэг талаар л тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гэрлэлт цуцлуулах, асрамж, тэтгэлэг тогтоолгох, эл хөрөнгийн маргаан болон зөрчлийн хуулиар гомдол гаргах ажилд нийт 31,250,000 төгрөг авахаа тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 9,000,000 төгрөг аваад үлдэгдлийг ажил дууссаны дараа авахаар тохиролцсон байсан юм гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ бүрэн гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж төлсөн хөлсний зарим хэсэг болох 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Э нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ үзүүлсэн, нэхэмжлэгч Н.Б өөрөө өмгөөлөгчөөс татгалзсан тул урьдчилгаа болох 9,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я-д 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу хуралдаан товлогдсон өдрөөс 14 хоногийн өмнө тов мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. Гэвч өмгөөлөгч нь сүүлд өөр хурал товлогдсоныг мартсан бөгөөд уг давхацсан хурал нь өмнө зарлагдсан гэх тайлбар гаргасан нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Улмаар өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид хууль зүйн туслалцаа авах тухай амаар хэлцэл хийсэн үйл баримтын талаар маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаан болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх асуудалд хууль туслалцаа авах үйлчилгээний хөлсөнд 30,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан. Харин хариуцагч нь эдгээр үйлчилгээний хөлсөнд нийт 31,250,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.
Иймд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлөх хөлсний урьдчилгаанд нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй буюу мөнгийг хүлээн авсан данс түүний эзэмшдэг данс мөн болохыг зөвшөөрсөн. /хэргийн 5-6 дугаар тал/
Энд нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан бол хариуцагч нь бичгээр гэрээ байгуулсан гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй.
Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг бичгээр байгуулаагүй нь Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцээгүй байна.
Гэвч Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцааг хүсэлтийн дагуу гүйцэтгэхийг зөвшөөрсөн. Үүнийг тодруулбал, нэхэмжлэгч нь “анх хариуцагчийн албан өрөөнд гэрч Ш.Батцэцэгийн хамт очиж, гүйцэтгүүлэх ажил болон төлөх хөлсний талаар тохиролцсон” гэж тайлбарлаж байх тул хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.
Хэдийгээр зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д нийцэхгүй байх боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар гүйцэтгэх ажил болон төлөх хөлс буюу гол нөхцөлийн талаар тохиролцсон нь хэн алины тайлбараар тогтоогдож байх тул хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Ийнхүү хэлцэл хийгдсэний дараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар хариуцагчийн үзүүлсэн үйлчилгээний дагуу гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, нэхэмжлэгчийн нөхөр нь зохих хариуцлага хүлээсэн талаар хэн аль нь маргаагүй. Үүнээс үзэхэд хэлцлээр тохиролцсон ажлын тал хувийг хариуцагч гүйцэтгэж дуусгажээ.
Үүний дараа нэхэмжлэгч нь ямар нэг шалтгаанаар буюу хариуцагчийн буруутай гэх үйлдэл нотлогдоогүй байхад өөрийн хүсэл зоригийн дагуу хэлцлээс татгалзсан болох нь үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд үзлэгээр бэхжүүлсэн мессежийг “миний бичсэн мессеж мөн” гэх тайлбараар тогтоогдсон. /хэргийн 76 дугаар тал/
Мөн нэхэмжлэгч нь өмнөх иргэний хэргийн шүүх дээрх гол маргаан болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар хариуцагч нь буруу ажиллагаа хийсний улмаас эд хөрөнгө алга болсон гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрөө болон энэ хэрэг дэх өмгөөлөгчөөр дамжуулан өмнөх гэрлэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн хэргээс шаардлагатай баримтыг авч, ирүүлэх боломжтой юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь уг гэрлэлтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй гэх тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Үүнээс гадна гэрлэлтэй холбогдох маргаан нь хувь хүний нууцад хамаарах, хаалттай шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх тул энэ хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх уг хэргээс холбогдох баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр гаргуулах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь өөрөө гаргах боломжтой байсан баримтыг гаргаагүй нь өмнөх хэрэгт байгаа баримтыг ирүүлэхийг хүсээгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь гэрлэлтэй холбоотой маргаанд эд хөрөнгийн асуудал өөрт нь ашиггүйгээр шийдвэрлэгдсэн гэж тайлбарласан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон нь түүний хүсэл зориг байсан болох нь дээр үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар урьдчилан амлалт өгөхийг хориглодог. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж болохгүй нөхцөлийг заасан бөгөөд мөн зүйлийн 15.6-д үйлчилгээ үзүүлсэн хөлсийг буцаан олгох талаар зохицуулсан.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авах хэлцлээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзсан, мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор төлсөн хөлсийг буцаан шаардах эрх үүсэхгүй бөгөөд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Эт холбогдох 6,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД