| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0150/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/249 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/249
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.***,
улсын яллагч Д.Агар,
хохирогч Ч.***,
шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Я.*** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.***т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 08 цаг 47 минутын орчим *** дүүргийн *** дүгээр хороо *** автобусны буудлын урд замд “Toyota Prius-41” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчин явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд
1. Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тэр өдөр би өглөө 07:00 цаг өнгөрч байхад цайз захын хойно байдаг найзын гэрээс гараад *** дүүрэг *** найз *** гэрээс нь аваад хуучин *** руу явж машинаа зарах гэж байсан. Тэгээд 08:00 цаг өнгөрч байхад *** автобусны буудлын урд замын явган хүний гарцаар өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай приус-41 маркийн машинтайгаа баруун гар тал руугаа эргэх үйлдэл хийж байхад замын урд талаас эмэгтэй хүн ганцаараа явган хүний гарцаар зам гарч байхад нь мөргөж...хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 04-09 дэх тал),
3. Хохирогч Ч.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гомдолтой байна...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
хохирогч Ч.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдөр өглөө ажилдаа явах гээд автобусанд суугаад 120 мянгатын автобусны замын баруун талын буудал дээр 08 цаг 47 минутын орчимд буусан. Тэгээд замын урд талаас хойд тал руу алхаж явж байгаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад цагаан өнгийн Prius-41 маркийн машины жолооч намайг мөргөж гэмтээсэн. Би урд зүгээс хойд зүг рүү ганцаараа явж байсан. Миний баруун ташаа руу ирж мөргөсөн. Яг мөргүүлж байхдаа би биеэрээ эргэж харсан учраас хоёр өвдөг шилбэ хэсэг рүү мөргүүлсэн. Тэр машин урд талаар мөргөсөн яг аль хэсгээрээ мөргөсөн талаар санахгүй байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн №14695 дугаартай “Ч.***ийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, баруун шантны гадна булууны ясны эдийн няцрал, хоёр өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
5. "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №507 дугаартай “Урд их гэрлүүд тусгал хэвийн, хол ойр дээрээ шилждэг ажиллагаа хэвийн ч гэрлийн гаднах бүрхүүл ашиглалтын явцад гандаж шаралсанаас тусгалын хүч муу байгаа нь Авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 11800cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd (стандарт 10000-225000cd) байна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-56 дахь тал),
6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1954 дугаартай магадалгаанд “...2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн *** дугаартай гомдлыг хянан шийдвэрлэхэд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой байна..” (хавтаст хэргийн 64 дэх тал),
7. Жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “...манай эхнэр машинд мөргүүлсэн гэх...” хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал),
8. Тээврийн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 503 дугаар “...*** ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийн хуулбарлан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсугай...” тогтоол (хавтаст хэргийн 27 дахь тал),
9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...зураг-4. Буюу 47 дэх секундэд явган зорчигч хохирогч Ч.*** явган зорчигчийн гарцан дээр тээврийн хэрэгсэлд анх мөргүүлж буй дүрс...зураг-5. газарт унаж буй харагдана...тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчийг тээврийн хэрэгсэл дотор суулгаж буй харагдана...” тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
10. Бичиг баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, түүний хавсралт (хавтаст хэргийн 91-96 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дэх хуудас), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цагийн орчимд *** дүүргийн *** дүгээр хороо *** автобусны буудлын урд замд “Toyota Prius-41” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хойд зүгээс баруун урд зүг рүү эргэх үйлдэл хийж замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчиж явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.***ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14695 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Б.***ийн 507 дугаартай дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.*** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гаргахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр баримтаар 3.282.700 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар 482.000 төгрөг буюу эрүүл мэндийн зардалд нийт 3.764.700 нэхэмжилснээр шүүгдэгч Б.*** 2.502.000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***оос 1.264.700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Харин хохирогч Ч.*** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.
Хавтаст хэргийн 36 дахь талд “...хохирсон Чимэддоржийн *** сэтгэцэд учирсан хор уршгийн 3 /гурав/ дугаар зэрэглэлийг тогтоов...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн...мөрдөгч Ч.Өлзийбаяр...” гэж авагдсан ба мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-д хэрэг хамаарч байна.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.***ийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч Б.***оос гаргуулах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Б.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *** аймгийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...эрүүгийн хариуцлагын талаар прокурорын гаргасан саналтай нийцэж байна. Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүгдэгч Б.*** “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Ч.*** “...хохирлоо барагдуулмаар байна...” гэв.
Шүүгдэгч Б.*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн зүйлийн 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,...хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажилгүй, 43 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуусгавар болох хүртэл хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
Шүүгдэгч Б.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг 07 (долоо) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.***т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***оос 1,264,700 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.***т олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР