| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/04016/И |
| Дугаар | 101/ШШ2017/03804 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2017/03804
| 2017 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/03804 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 хаягт оршин байрлах Жи-мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр Шар хад 40 гудамж, 614 тоот хаягт оршин суух, Мижид овогт Намжилдоржийн Март /регистрийн дугаар /-д холбогдох,
300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагч Н.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баттөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Март нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай компанитай 1156629 тоот Төхөөрөмж зээлээр худалдах-худалан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй авсан. Н.Март нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа.
Иймд Н.Мартаас Төхөөрөмж зээлээр авах гэрээ-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 954 хоногийн алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, Жи-мобайл ХХК-иас төхөөрөмж авсан нь үнэн боловч ашиглаагүй буцааж өгөх гэхээр авахгүй байсан. Уг төхөөрөмжийг төлөх чадваргүй, дээр нь ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй. Буцааж өгөөд зөвшилцье гэхээр болохгүй байна. Цоо шинээрээ байгаа. Ашиглах гэхээр уг антен нь манай тэнд сүлжээ барихгүй, маш удаан уншихгүй байсан. Би уг төхөөрөмжийн мөнгийг төлхөөс татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК нь хариуцагч Н.Мартад холбогдуулан, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан, Төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1156629 дугаартай гэрээ, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, зээл төлөх хуваарь болон зохигч талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь NP10 төхөөрөмжийн үнэ болох 240,000 төгрөгөөс 20,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд талуудын байгуулсан Төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1156629 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хариуцагч нь тогтоосон хугацаанд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Н.Март нь худалдагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөх, гүйцэтгээгүй төлбөрийн үнийн дүнд алданги төлнө.
Хариуцагч нь тухайн төхөөрөмжийг сүлжээ барихгүй, маш удаан байсан гэж маргаж байх боловч энэ талаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Мартаас 300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мартаас улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УНДРАА