| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0089/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/472 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Н.Халиунаа /томилолтоор/,
Шүүгдэгч Т.*** нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** дугааp хороо, *** тоотод, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээ байсан,
*** овогт *** /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
Т.*** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ заалны ширээний чулуун тавцанг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас иргэн Х.***д 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Т.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...__...” гэсэн мэдүүлэг
2. Хохирогч Х.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** дүүргийн *** дүгээр хороо *** тоотод *** ХХК-ны захирал ажилтай бөгөөд манай компани нь *** нэртэй Зочид буудал, Караоке, Авто засвар, Нийтийн байр чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хороолол *** тоот гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт амарч байтал орой 23 цаг 20 минутын орчимд манай караокед барменаар ажил хийдэг Д.*** над руу залгаад согтуу хүн агсам тавиад заалны чулуун ширээний тавцан хагалчихлаа гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өг гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Д.*** над руу дахиж залгаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлээд өөр эд зүйл эвдэж сүйтгэсэн зүйл байгаа эсэх талаар асуутал байхгүй гэж байсан...Ширээний чулуун тавцанг 2022 онд худалдааны төвөөс 650,000 төгрөгөөр худалдан авч байсан . Одоо энэ худалдан авч байсан үнээрээ үнэлж байна... Тухайн ширээнийхээ хагарсан чулуун тавцангаа төлүүлмээр байна...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),
3. Гэрч Д.*** “...Би *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокед 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ буюу “***” нэртэй караокед байж байхад 17 цагийн үед манай караокед үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүмүүс манай караокед VIP өрөөнд сууж байгаад үл таних 4 хүний 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн нь хамт гараад явсан бөгөөд 2 эрэгтэй хүн үлдсэн юм. Тэгээд тухайн үед үлдсэн үл таних 2 эрэгтэй хүн манай VIP өрөөнөөс гарч ирээд нийтийн караокены хэсэгт орж ирээд үл таних 2 эрэгтэй хүний хар өнгийн хувцастай, өндөр эрэгтэй хүн надад хандаж дуу тавиад өгчих гэхээр нь би тухайн хүнд хандаж дуу хийх юм бол тооцоогоо хийж захиалга өгч байж дуу хийнэ гэсэн чинь тухайн хар өнгийн хувцастай өндөр үл таних эрэгтэй хүн муу сайн алнууд гэж хараагаад орилж хашхираад байж байсан бөгөөд би тухайн үед текнийхээ ард талд доошоо хараад юм хийгээд байж байтал юм хагарах шиг чимээ сонсогдохоор нь би гайхаад харахад тухайн хар өнгийн хувцастай, өндөр эрэгтэй хүн манай караокены чулуун ширээг хагалчихсан байсан. Тэгэхээр нь би тухайн эрэгтэй хүн дээр очоод та яаж байгаа юм гэхэд миний урдаас салаавч гаргаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),
4. Гэрч Г.*** мэдүүлэг “...2024 оны 10 сарын 15-ны өдөр би 14 цагийн орчимд ажлаа тараад ажлын газрын ах ***ын хамт нисэхэд бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад Зурагтын хуучин эцэс орж *** ахын найз гэх ***, *** нартай уулзаад бид 4 гудамжинд 1 шил 0.5 литрийн Соёрхол гэх нэртэй архи хувааж уусан. Дараа нь бид дөрөв *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй караоке орж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад өрөөний цаг дуусаад сунгах гэтэл ***, *** 2 юм хэлэлгүй түрүүлээд гараад явчихсан. Тэгэхээр нь *** бид 2 энд сууж байхаар гаръя гээд караокены нийтийн зааланд гарч дуулаад сууж байгаад би текэн дээр очоод пиво захиалаад зогсож байтал юм хагарах чимээ гарахаар нь гайхаад хартал *** ах сууж байсан ширээгээ хагалчихсан байсан. Караокены ажилтан бид 2 очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд байж байтал гаднаас цагдаагийн алба хаагчид орж ирээд *** бид хоёрыг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал),
5. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эд зүйл эвдэлсэн...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
6. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Ширээний чулуун тавцан нь 2022 оны 07 дугаар сард худалдан авсан 1,2 метр өргөнтэй, 3 метрийн урттай 650,000 төгрөгийн урттай...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 14 дэх тал),
7. Хохирогч Х.***ын “...Хохирлын мөнгө болох 650,000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.*** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ заалны ширээний чулуун тавцанг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас иргэн Х.***д 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Х.***ын мэдүүлэг, гэрч Д.***, Г.*** нарын мэдүүлэг, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн магадалгаа, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор;
-бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд шүүгдэгч нь хохирогч Х.***ын эзэмшлийн караокены үедээ заалны ширээний чулуун тавцанг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байх ба тухайн эд хөрөнгийг сэргээн засварлах, дахин ашиглах боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй харин гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн шинжийг хангасан улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар эвдэрсэн эд зүйлийн хохирлыг 650,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Т.*** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Тус хэргийн улмаас хохирогч Х.***д 650,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид үнэлгээгээр тогтоогдсон 650,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан тул гомдол саналгүй (хавтаст хэргийн 30 дахь тал) талаарх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Түүнчлэн шүүгдэгч Т.***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.***од 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг ялаас түүний цагдан хоригдсон 9 хоногийн хугацааг хасаж тооцуулах...” саналыг гаргасан.
Шүүгдэгч Т.***ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.***ын “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй талаар илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг оногдуулсан ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийн хугацааг хасаж, түүний нийт эдлэх ялыг 228 цагийн хугацаагаар тогтоож оногдуулахаар шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.*** нь энэ хэрэгт 9 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.***од оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийг 8 цагаар тооцож нийт нийтэд тустай ажил хийлгэх ялаас 72 цагийг хасаж түүний эдлэх нийт ялыг 228 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.***од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.***од сануулсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР