| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/01664/И |
| Дугаар | 101/ШШ2019/02137 |
| Огноо | 2019-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2019/02137
| 2019 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2019/02137 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Ц,
Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц, Д.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... П.Ц болон Д.Б бид кафе түрээслүүлэх зарын дагуу Б.М-тай холбогдсон. Б.М нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж 7 тоот хаягт байрлах Аз кафег ажиллуулж байсан бөгөөд Бөхөд ХХК-ийн захирал гэх Б******* гэдэг хүнтэй уулзуулж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.М нь уг кафений тоног төхөөрөмжийг өөрөө худалдаж авсан, үүнийгээ авна гэсэн. Хэрэв та нарт тоног төхөөрөмж байхгүй бол өөрийнхөө тоног төхөөрөмжийг 12.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Бидэнд тухайн үед хоол хийхийн тулд тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байсан учраас худалдан авч, төлбөр 12.000.000 төгрөг төлсөн. Бид цайны газрын үйл ажиллагааг явуулаад хэд хонож байтал Д.Б-д ар гэрийн гачигдал гараад цайны газрыг өөр хүнд түрээслүүлсэн. Тэгтэл Бөхөд ХХК-ийн захирал гэх Б*******гийн дүү Б*******, эхнэр Ц******* гэх хүмүүс бидэнтэй ирж уулзаж, би энэ кафений жинхэнэ эзэн, Б******* бол хуурамч захирал, кафег суллаж өг гэсэн. Бөхөд ХХК-ийн захирал гэх Б*******, Б******* нар хэн нь жинхэнэ захирал эсэх нь тодорхойгүй, нэг нь биднийг үйл ажиллагаа явуулж болно гээд, нөгөө нь суллаж өг гэсэн. Энэ байдлаас болоод бид үйл ажиллагаа явуулж чадаагүй. Б.Мнь ах дүү хоёрын энэ асуудлыг мэдэж байсан атлаа бидэнд хэлэлгүй 12.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжөө зарсан байсан. Бид Б.М-тай холбогдож тоног төхөөрөмжөө буцааж өгөөд мөнгөө авъя гэхээр надад та нарт өгөх мөнгө байхгүй гэсэн. Бид гал тогооны тоног төхөөрөмжийг худалдах гэсэн боловч зах зээлийн үнээс өндөр үнэтэй гээд зарагдахгүй байж байгаад нийт 7.500.000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч Б.М нь гал тоног төхөөрөмжийг зах зээлийн үнээс өндрөөр авахаас өөр гарцгүй байдалд оруулж, биднийг хохироосон учир хохирол 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Г нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж 7 тоот хаягт байрлах ажлын байрыг кафений зориулалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл өөрийн хөрөнгөөр иж бүрэн засвар хийж кафег ажиллуулсан. Гэвч миний эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллуулах боломжгүй болсон. Иймд өөр хүнд түрээслүүлэхээр болсон. Б.Б-д цаашид түрээсийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулахаар П.Ц, Д.Б нарыг зуучилж өгсөн. Дүү Б.Б-той өмчийн маргаантай байдаг гэдгийг огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Мөн П.Ц, Д.Б нарт өөрийн гэсэн тоног төхөөрөмж байхгүй байсан тул би тоног төхөөрөмж, эд хогшлоо багцаар нь нийт 12.000.000 төгрөгөөр худалдсан. Би анхнаас нь хэлсэн, энд байгаа ихэнх зүйл шинэ, би өөрөө Хятад улсаас авчирсан, мөн зарим юмыг хуучин гэдгээ хэлсэн. Газан плитка 500.000 төгрөгөөр зарагддаг би 350.000 төгрөгөөр бодсон, хөргөгч 1.000.000 төгрөгөөр авсан тэр үнээр нь бодож өгсөн, хуучин хөлдөөгч 250.000 төгрөгөөр авснаа 200.000 төгрөгөөр, шарах шүүгээ 600.000 төгрөг гэх мэт үнээр зарсан байгаа. Таазны гэрэл, текний гэрэл бүх л зүйлийг өгсөн. Хуучин юмыг дэндүү үнэтэй зарсан гэж тайлбарлаад байгаа нь худлаа зүйл. Би анх уулзахдаа л 12.000.000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Би тоо ширхэг тус бүрээр нь үнэлээгүй багцалж зарсан. Хуурч мэхэлсэн зүйл байхгүй. П.Ц, Д.Б нар миний худалдсан тоног төхөөрөмжийг гуравдагч этгээдэд худалдсан байдаг. Жагсаалтыг нь харахаар миний худалдсан зүйл бүрэн ороогүй байдаг. Иймээс одоо надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц, Д.Б нар нь хариуцагч Б.М- д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 12.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлиийн шаардлагаа багасган хохирол 4.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч П.Ц, Д.Б, хариуцагч Б.Мнар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, хариуцагчийн түрээслэн ажиллуулдаг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж 7 тоот хаягт байрлах Аз цайны газрын гал тогооны тоног төхөөрөмж, эд хогшлыг нэхэмжлэгч нар 12.000.000 төгрөгөөр худалдан авчээ.
Зохигчид гал тогооны тоног төхөөрөмж, эд хогшил худалдах, худалдан авах талаар амаар хэлэлцэн тохирсон байх бөгөөд энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага хуулиар тавигдаагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохирч, амаар хэлцэл хийсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч П.Ц, Д.Б, хариуцагч Б.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба энэ талаар талууд шүүхэд маргаагүй.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг тус тус хүлээх ба хариуцагч нь Аз цайны газарт байрлах гал тогооны тоног төхөөрөмж, эд хогшлыг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн, нэхэмжлэгч нар 12.000.000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, баримтуудаар тогтоогдож байна /хх-4/.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нь цайны газрын түрээсийн гэрээг буруу этгээдтэй хийлгэсэн, цайны газар өмчлөлийн маргаантай байгаа талаар мэдэгдээгүй, мөн гэрээний зүйлийг хэт өндөр үнээр худалдан нэхэмжлэгчид хохирол учруулсан гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинаас цайны газрын түрээсийн харилцаатай холбоотой ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй бөгөөд зохигчдын тайлбар болон гэрч П.П*******ын мэдүүлгээс үзэхэд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж 7 тоот хаягт байрлах Аз цайны газрыг хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Б.Б гэх этгээдтэй түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байх үедээ тоног төхөөрөмж, эд хогшлоо худалдахаар зар тавьсны дагуу ирсэн нэхэмжлэгч нарт тоног төхөөрөмж, эд хогшлоо худалдахаар тохирч, улмаар түрээслүүлэгч Б.Б*******тай уулзуулсан, мөн нэхэмжлэгч нар Б.Б*******тай түрээсийн гэрээ байгуулсан боловч цайны газрын өмчлөлтэй холбоотой маргаан гарч, нэхэмжлэгч нарын түрээс дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна.
Хэдийгээр зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах болсон гол нөхцөл нь дээр дурдсан цайны газар мөн боловч хариуцагч нь цайны газрын түрээслэгчийн хувьд, түрээслүүлэгчийн талаар өөрт байгаа мэдээллээ өгч, түрээслүүлэгчтэй уулзуулснаар нэхэмжлэгч нарын өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй. Учир нь, түрээсийн гэрээ нь зөвхөн түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын хооронд үүсэх тусдаа, бие даасан гэрээ бөгөөд түрээслүүлэгч этгээдийн бүрэн эрхийг нягтлах, тодруулах нь түрээслэгч буюу нэхэмжлэгчийн хариуцах асуудалд хамаардаг болно.
Өөрөөр хэлбэл, дээрх асуудал нь худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамааралгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас тоног төхөөрөмж, эд хогшлыг багцаар нь 12.000.000 төгрөгөөр худалдах санал гаргасныг нэхэмжлэгч нар хүлээн авсан байх бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус зааснаар талуудыг гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон, мөн уг тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иймээс талууд худалдах, худалдан авах гэрээний үнийг 12.000.000 төгрөгөөр тохирсон явдалд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг бусдад /Ариунбилэгт/ 7.500.000 төгрөгөөр буюу хариуцагчаас худалдан авснаас бага үнээр худалдсан нөхцөл байдалд хариуцагчийн ямар гэм буруу байгааг шүүхэд нотлож чадаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар тодорхойлсон.
Гэвч хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах, улмаар хохирол шаардах эрх үүсээгүй байна.
Дээр дурдсаныг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.М*******аас 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ц, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ц, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА