Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/03532

 

 

 

 

 

2021 11 03

101/ШШ2021/03532

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш г ХХК-д холбогдох,

 

22,360,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Э. М нь 2017.09.21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай № В блок гэрээг байгуулан үүгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В-р блок, 1-р орц, 4 давхар F тип 30,8 мкв 1 өрөө орон сууцыг 890,000 төгрөгөөр тооцон нийт үнэ нь 27,412,000 төгрөг болж, 14,907,500 төгрөгийг Ш г ХХК-тай гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулахдаа шилжүүлсэн болно.

Гэтэл ажил гүйцэтгэгч Ш г ХХК гэрээнд заасан энэхүү зорилго нөхцлөө биелүүлээгүй захиалсан орон сууцууд маань одоо болтол ашиглалтанд ороогүй. Гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө нэхэх буюу захиалгатай орон сууц-аа ашиглалтанд оруулах талаар шаардсаар ирсэн. Захиалгат орон сууц ашиглалтанд орох хугацаа дуусахаас өмнө байраа хэзээ ашиглалтанд орох талаар хүлээсээр, хугацаандаа ашиглалтанд оруулахгүй болохоор нь арга буюу шилжүүлсэн мөнгөө алдангийн хамт нэхэхэд гэрээгээ 6 сарын хугацаагаар шинэчлэн энэ хугацаанд алдангийг үндсэн мөнгөний хамт өгье гэдэг.

Э.М бидний хувьд Ш г ХХК-д өгөх ёстой мөнгөө өгч байр ч үгүй, мөнгө ч үгүй даруй 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Зах зээлийн ороо бусгаа цаг, Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын давалгаанд нэрвэгдэж ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна.

Бид Ш г ХХК-д өгсөн мөнгөөрөө өөр орон сууц захалсан бол өдийд орох оронтой, шинэ байртай болчихсон байх байсан. Одоо орон сууцны үнэ тогтмол өсч байна, бидэнд маш их эрсдэл үүссэнийг Ш г ХХК болон захирал нь мэдэж байгаа гэж бодож байна.

Энэхүү 3 гэрээний Тав.хариуцлага. 5.4-т Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний төлсөн үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу Э.Мийн төлсөн 14,907,500 төгрөг, үүний алданги гэрээ ёсоор 7,453,500 төгрөг, нийт 22,360,500 төгрөгийг Ш г ХХК-иас гаргуулж өгнө үү.гэв.

 

Хариуцагч Ш г ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Мийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус захиалагчтай манай компани захиалгын гэрээ үйлдсэн нь үнэн. Дэлхий нийтэд үүссэн цар тахал, эдийн засгийн хямрал, үнийн өсөлтөөс шалтгаалж барилгын ажил удааширсан нь үнэн. Бид тус захиалагчийн төлсөн 14,907,500 төгрөгийг 2-3 хувааж төлөх боломжтой байна. Алдангийг төлөх боломжгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ш г ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 14,907,500 төгрөг, алданги 7,453,500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч тал захиалгын гэрээ үйлдсэн нь үнэн, дэлхий нийтэд үүссэн цар тахал, эдийн засгийн хямрал, үнийн өсөлтөөс шалтгаалж барилгын ажил удааширсан нь үнэн. Захиалагчын төлсөн 14,907,500 төгрөгийг 2-3 хувааж төлөх боломжтой, алдангийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага алдангиас 2,453,500 төгрөгийг хасч, үндсэн төлбөр 14,907,500 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 19,907,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.М, хариуцагч Ш г ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, В блок, 1-р орц, 4 давхар, F тип, 1 өрөө, 30,8 мкв талбайтай орон сууцыг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгө, материалаар гүйцэтгэж, захиалагч 1 мкв-ын үнэ 890,000 төгрөг, нийт үнэ 27,412,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-3-4 тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзлээ.

Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөрийн хэмжээ, хугацаа хэтэрсэн байдлыг талаар маргаагүй.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад, нэхэмжлэгч нийтдээ 3 байр захиалж, нийт 48,772,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч Э.М нь гэрээний үүргийн дагуу гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний төлбөрт 14,907,500 төгрөгийг Ш г ХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Ш г ХХК-ийн авлагын дансны туслах дэвтрийн тайлан баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Харин хариуцагч Ш г ХХК нь 2018 оны 4-р улиралд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул уг гэрээний 5.4-т Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний төлсөн үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу алданги төлөх үндэслэлтэй байна.

Алдангийн тооцооллын хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнтэй нийцэж байх тул алданги 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Ш г ХХК-иас гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн төлбөр 14,907,500 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 19,907,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мт олгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ш г ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлсэн 14,907,500 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 19,907,500 /арван есөн сая есөн зуун долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 257,487 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/15812 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ