Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/02186

 

 

 

 

 

 

 

 

2022 05 11

101/ШШ2022/02186

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0, Сүхбаатарын талбай, Өөрийн байранд байрлах, Г б ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Олхонууд овогт Э.Б /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,373,693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч Э.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банктай 3055117377 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь 3055117377 тоот зээлийн гэрээний хавсралтийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл аваад эхний 1 сар төлөөд 2019 он дуустал төлөхгүй байж байгаад 2020 оны 01 сараас 2020 оны 10 сар хүртэл төлөөд түүнээс хойш одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. Э.Б нь зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчиж 606 хоног хугацаа хэтэрсэн байгаа ба зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа утсаар холбогдох замаар сануулсан. 3055117377 тоот зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 24,314,835 төгрөг, хүүний төлбөр 7,859,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199,405 төгрөг, нийт 32,373,693 төгрөг байна. Иймд 3055117377 тоот зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул Голомт банк ХХК нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар болон баримт гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, зээл болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Э.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,373,693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Э.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эрх, үүрэгтэй танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан. /хх-ийн 17-18 дугаар тал/

 

Түүний шүүхэд хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дууссан боловч тэрээр тайлбар гаргаагүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх товыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцүүлэхээр тогтоосон. Хариуцагч шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцаж, тов мэдэгдэх хуудаст гарын үсгээ зурж мэдсэн. /хх-ийн 21 дүгээр тал/

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Голомт банк ХХК нь 30,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.Б нь уг мөнгөн хөрөнгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд төлөх, барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч Г б ХХК нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хариуцагч Э.Б-д шилжүүлсэн, тэрээр зээл төлөх хуваарийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс одоог хүртэл зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Зохигчид зээлийн гэрээг 60 сарын хугацаатай байгуулсан буюу хариуцагч Э.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

 

Зээлдэгч Э.Б нь үндсэн төлбөрт 5,685,164 төгрөг, хүүд 8,804,089 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 116,951 төгрөг, нийт 7,859,452 төгрөг төлсөн байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө гэж, 3.1.1-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа болон нотлох баримтаа гаргаагүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Э.Б-с нэхэмжлэгчийн шаардсан хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх үндсэн төлбөр 24,314,835 төгрөг, хүүний төлбөр 7,859,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199,405 төгрөг, нийт 32,373,693 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч М.Ж гэж тэмдэглэгдсэн байх боловч уг иргэн гэрээнд гарын үсэг зураагүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...гэрээнд Э.Б-н хүү М.Ж-г хамтран зээлдэгчээр оролцуулахаар төлөвлөсөн боловч тухайн үед уг иргэн ирээгүй. Манай банк хамтран зээлдэгчийн шаардлагагүй гэж тухайн үедээ үзсэн тул Э.Болормаагаар гарын үсэг зуруулж, түүнтэй гэрээ байгуулсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Б-с 32,373,693 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 319,819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ