| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/04149/И |
| Дугаар | 101/ШШ2017/03828 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2017/03828
| 2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2017/03828 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Монкише ХХК-ийн байр, 308 тоот хаягт байрлах Энгүүн зөвлөх ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36 дугаар байр, 2 тоот хаягт оршин суух, Булгадар овогт Эрдэнэбатын Ихбаяр /регистрийн дугаар /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,380,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтаннаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Энгүүн зөвлөх ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн төлөөлөгч М.Алтаннаран шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энгүүн зөвлөх ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Э.Ихбаяртай 21,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор 16032401 тоот зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн уг зээлийн гэрээтэй хамт 16032401-01 тот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Э.Ихбаярын өмчлөлийн 58-83 УНЗ улсын дугаартай, ТХ-ийн гэрчилгээний дугаар -01177368, арлын дугаар WDC1648711A235675, хар өнгийн Benz GL-450 маркийн автомашиныг мөн 01-86 УНУ улсын дугаартай, ТХ-ийн 01181572 гэрчилгээний дугаартай, арлын WDXYR19E9X162717 дугаартай, хар саарал өнгийн Benz G500 маркийн автомашиныг тус тус барьцаалж автомашины гэрчилгээний нэрийг Энгүүн зөвлөх ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.
Э.Ихбаяр нь гэрээний хугацаа дуусахад зээл авснаас хойш 2 сарын хүү болох 2,940,000 төгрөгийг төлсөн боловч 1 сарын хүү болох 1,470,000 төгрөг болон үндсэн зээлнээс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 с араар сунгасан боловч мөн 3 сарын хүүгээ төлөөгүй юм. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл болох 21,000,000 төгрөгийг л төлсөн боловч хүү алдангид нэг ч төгрөгийг төлөөгүй юм.
Иймд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх 4 сарын хүүнд 5,880,000 төгрөгийг мөн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш үндсэн зээл төлсөн хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 128 хоногийн алданги болох 12,810,000 төгрөг нэхэмжилж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 10,500,000 төгрөг, төлөөгүй 4 сарын хүү 5,880,000 төгрөг, нийт 16,380,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
16,380,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээтэй холбоотой асуудал, бичиг баримтын асуудал үүссэнээс болоод Энгүүн зөвлөх ХХК нь Э.Ихбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгулж, хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг бүрэн шийдэврлэгдсэн. Тухайн үед энэ асуудлаар алдангийг нэхэн боломж байсан. Хариуцагч Э.Ихбаяр их өндөр хүүтэй зээл авчихаад төлбөр төлөх чадваргүй болоод өөрөө алдангийг хасуулахаар тохиролцсон байдаг. Тийм учраас зээлийн гэрээний сунгалтын гарын үсгийг үнэн зөв эсэхийг шалгуулах хүсэлт гаргасан. Урьд нь ч авсан мөнгөний талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ асуудлаар урьд нь шийдвэрлэсэн прокурорын хүчин төгөлдөр тогтоол байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энд эрсдлийн хувийг тооцоод зээлийн гэрээний хүүг 7 хувиар байгуулсан. Мөн алдангийг их өндөр тооцсон. 21 сая төгрөг зээлсэн хүн үндсэн төлбөрөө төлөөд 16 сая төгрөгийн хүү төлсөн байгаа нь их өндөр байгаа. Зээлийн гэрээний сунгалт маргаантай байгаагаас болж нэхэмжлэлийн үнийн дүн, хүү, алдангийн тооцоо маш өндөр нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч тал ямар ч хохиролгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Энгүүн зөвлөх ХХК нь хариуцагч Э.Ихбаярт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Талууд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 16032401 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Энгүүн зөвлөх ХХК нь зээлдэгч Э.Ихбаярт 21,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай, 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлжээ.
Мөн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 16032401-01 дугаартай фидуцийн гэрээг талууд байгуулж, зээлдэгч нь зээлийн барьцаанд 58-83 УНЗ улсын дугаартай, ТХ-ийн гэрчилгээний дугаар -01177368, арлын дугаар WDC1648711A235675, хар өнгийн Benz GL-450 маркийн автомашиныг мөн 01-86 УНУ улсын дугаартай, ТХ-ийн 01181572 гэрчилгээний дугаартай, арлын WDXYR19E9X162717 дугаартай, хар саарал өнгийн Benz G500 маркийн автомашинуудын өмчлөх эрхийг тус тус Энгүүн зөвлөх ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Зээлийн гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зээлдэгч нь гэрээний сунгалтад 210,000 төгрөгийг төлсөн болох нь зээлийн гэрээний сунгалт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний сунгалт дээрх гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргаж, зээлийн гэрээ сунгагдаагүй мэтээр тайлбарлаж байх боловч гэрээний сунгалт-д 210,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Э.Ихбаяраас тушаасан бэлэн мөнгөний орлогын баримтаар үгүйсгэгднэ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2.-т Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно. гэж заасан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй бол гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус заасан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг гаргуулна.
Хариуцагч нь энэ асуудлаар урьд нь шийдвэрлэсэн прокурорын хүчин төгөлдөр тогтоол байгаа, нэхэмжлэгчид зээлийн дүнг төлж барагдуулсан, нэхэмжлэгч хохиролгүй болсон хэмээн маргаж байх боловч хариуцагч Э.Ихбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан залилан мэхлэх санаа зорилгыг агуулсан байдал тогтоогдоогүй, харин хуурамч нотлох баримт бүрдүүлэн фидуцийн гэрээний зүйл болох автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 202 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, 21,000,000 төгрөгийг М.Аланнарангийн эзэмшдэг Голомт банк дахь 1601049157 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Ихбаяр төлсөн баримт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дээрх тогтоол зэргээс үзэхэд, хариуцагч Э.Ихбаяр эрүүгийн хэрэгт шалгагдаж, зээлдүүлэгчийн хохирол төлбөрийг төлсөн бус, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.
Хариуцагч Э.Ихбаяр нь зээлийн гэрээний дагуу 2 сарын хүү болох 2,940,000 төгрөгийн төлсөн, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгаснаас хойш 4 сарын хүү болох 5,880,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 21,000,000 төгрөгийг төлсөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3,225,600 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Ихбаяраас 9,105,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Энгүүн зөвлөх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,274,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, хариуцагч Э.Ихбаяр нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 58-83 УНЗ улсын дугаартай, ТХ-ийн гэрчилгээний дугаар-01177368, арлын дугаар WDC1648711A235675, хар өнгийн Benz GL-450 маркийн автомашин, 01-86 УНУ улсын дугаартай, ТХ-ийн 01181572 гэрчилгээний дугаартай, арлын WDXYR19E9X162717 дугаартай, хар саарал өнгийн Benz G500 маркийн автомашинуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 310,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ихбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 230,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Энгүүн зөвлөх ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
Й