Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/03847

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* тоот хаягт оршин суух, Боржигин овогт Д*******ын Ц******* //-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь эх 45 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Сартуул овогт Б*******ны Э******* /регистрийн дугаар /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баттөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн танил*******д 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 45 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ингэхдээ бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн болно.

Зээлдэгч******* нь 2016 оны эхээр 27 сая төгрөгийг цувуулан надад төлсөн бөгөөд үүнээс хойш 1 жил гаруйн хугацаанд хөөцөлдсөн боловч миний бие үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байна.******* нь элдэв шалтаг тоочсоор намайг чирэгдүүлж хохироож байна. Иймээс шүүхэд хандлаа.

Гэрээний 2.7-д 0,5 хувийн аланги тооцно нэж тохиролцсон бөгөөд төлөгдөөгүй 18,000,000 төгрөг болон алданги болох 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний дагуу алданги нь тоймгүй их мөнгө болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээгээ бууруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******,******* нарын хооронд байгуулагдсан гэхн зээлийн гэрээ нь үнэн хэрэгтээ дүр үзүүлж хийсэн хэлцэл юм.

Учир нь ******* анх У******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 460,6 м.кв талбайг шөнийн клубын зориулалтаар ашиглахаар тохиролцож олон жил түрээсээр ажиллуулсан. Тухайн үед******* нь *******ын түрээслэж байсан шөнийн клубт ажиллаж байсан ба ******* ажиллуулж чадахгүй болоод 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн би *******аас түрээслэж ажиллуулж эхэлсэн.

******* У******* ХХК-тай түрээсийн гэрээтэй гэдгээ хэлэхгүй давхар надад түрээслэж нэг дахин илүү түрээс авч байсан /10,00,000 төгрөг/ анх ******* уг бааранд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг өөрийнх нь гэж хэлээд бид хоёр тохиролцож нийт 45,000,000 төгрөгөөр зарахаар болсон нотариат ороод зээлийн гэрээ хийсэн бодит байдал дээр 45,000,000 төгрөг зээлээд хүлээж авсан өгсөн асуудал огт болоогүй: Харин ******* ахад ажиллахгүй байгаа тоног төхөөрөмжөө та өөрөө ав гэсэн, надад одоо хэрэх болохгүй 45,000,000 төгрөгөөс хасаад 33,000,000 төгрөг болгож төлөхөөр тохиролцсон би удаагүй тоног төхөрөмжийн төлбөр болгож *******ад 27,000,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл өнөөдрийн байдлаар тэдгээр тоног төхөөрөмжийг У******* ХХК манайх гэдэг, иргэн Баярхүү миний тоног төхөөрөмж би авмаар байна гээд маргаад байгаа. Энэ бүхний эцэст *******ад итгэж тоног төхөөрөмжийн үнэ гэж 27,000,000 төгөг өгснөөрөө би хохироод байна. Уг тоног төхөөрөмжүүд нь олон жил ашиглагдсан, зарим нь ажилладаггүй зэргээс болж олон удаа засварт оруулж янзлуулсан. Энэ бүх зардал гээд хамгийн их хохирч байгаа хүн нь би байдаг. Гэтэл ******* зээлийн гэрээ хийж 45,000,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч ******* нь 45,000,000 төгрөгийг зээлдэгч*******д 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар 01-ний өдрийг хүртэл хугацаатай, хүүгүй зээлдүүлж, зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр олгосон, зээлдэгч нь зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр зээлийн гэрээний 2.5, 2.6-д тус тус заажээ.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөнөөсөө 27,000,000 төгрөгийг цувуулан авсан, одоо үлдэх 18,000,000 төгрөгөө алдангийн хамт гаргуулна гэж шаардаж байх бөгөөд хариуцагч нь тоног төхөөрөмжийг 45,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй, дүр үзүүлэн хийсэн гэж маргаж байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Гэвч хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөгийг эргүүлэн авсан, үлдэх 18,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу алдангийн хамт гаргуулна хэмээн шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАА