Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/00647

 

 

 

 

2020 02 17

101/ШШ2020/00647

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ш-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.С-д холбогдох,

 

13,120,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш.С нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Шгаас 7,700,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлдэгч Ш.С нь зээлийн хүүг cap бүр, үндсэн зээлийг 2 хувааж cap бүрийн 28-ны өдөр зээлдүүлэгч Д.Шд төлж дуусгахаар тохиролцсон байдаг гэтэл зээлдэгч нь гэрээнд заасан энэхүү үүргээ бодитой шударгаар гүйцэтгээгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээний нөхцөл, агуулгад Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх-өөр харилцан тохиролцож гэрээнд тусгасан байна. Зээлдэгч нь уг зээлийн гэрээн дээр нэмж зээлдүүлэгчээс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг авсан.

 

 

Зээлдэгч гэрээний нөхцөлд зааснаар үндсэн зээл 7,700,000 төгрөг, зээлийн хүү 1,540,000 төгрөг /2 сарын хүү/, хугацаа хэтэрсэн 155 хоногийн алданги 3,580,500 төгрөг зээлийн гэрээн дээр нэмж авсан 300,000 төгрөг, нийтдээ 13,120,500 төгрөгийг зээлдүүлэгчид өгөх гэрээний үүрэг үүсээд байна. /7,700,000 төгрөгийн 1 хоногийн алданги 23,100 төгрөг. 2019.05.29-2019.10.30 өдрийг хүртэл 155 хоногийн алданги 3,580,500 төгрөг болж байна./ Зээлдэгч нь шалтаг шалтгаан тайлбарлаж зээл, зээлийн хүү, гэрээний алданги, сүүлд зээлийн гэрээн дээр нэмж авсан зээлээ төлөхгүй өнөөдрийг хүргэж ирсэн тул гэрээнээс үүссэн энэхүү маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, хариуцагч Ш.Сгээс иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэг 13,120,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Ш.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,120,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Зохигч талуудын хооронд 2019 ны 03 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Д.Ш нь зээлдэгч Ш.Сд 7,700,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 2 сарын хугацаатай, 1 сард 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн уг гэрээн дээр 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг зээлдэгч Ш.С нэмж авсан гэж бичигдсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хуулийн шаардлагыг хангасан, мөн Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

Иймээс хариуцагч нь үндсэн зээл, хүү, алданги төлөх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хариуцагчийн нэмж авсан 300,000 төгрөгийн зээлд хүү, алданги тооцохгүй гэсэн тул 300,000 төгрөгийн зээлийг үндсэн зээл дээр нэмж төлөх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний тооцооллыг гаргахад үндсэн зээл 7,700,000 төгрөг, 2 сарын хүү 1,540,000 төгрөг, нийт 9,240,000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүн дээр хугацаа хэтэрсэн алдангийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 153 хоногоор тооцоход 4,241,160 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэснээс хэтрээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь алданги 3,580,500 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ш.Сгээс үндсэн зээл 7,700,000 төгрөг, хүү 1,540,000 төгрөг, алданги 3,580,500 төгрөг, үүн дээр нэмж авсан зээл 300,000 төгрөг, нийт 13,120,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Шд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Ш.Сгээс зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 1,540,000 төгрөг, алданги 3,580,500 төгрөг, нийт 13,120,500 /арван гурван сая нэг зуун хорин мянга таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Шд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,552.50 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 223,552.50 /хоёр зуун хорин гурван мянга таван зуун тавин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ