Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2021/ДШМ/232

 

 

 

 

 

 

     2021            3             9                                            2021/ДШМ/232                              

 

 

Т.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Баярсайханы бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Т.Мт холбогдох эрүүгийн 2006 00000 2733 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овогт Тын М, ......... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......................... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар хороолол, ..... дүгээр байрны ...... тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:........................../;  

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” барьцаалан зээлдүүлэх газарт “iPhone 11” загварын гар утсаа 1.400.000 төгрөгт барьцаанд тавьчихаад, буцаж ирээд гар утсаараа яриадхъя гэж хэлэн хуурч, залилан 1.400.000 төгрөгийн хохирол М.Мөад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дөв овогт Түвшинбаярын Мыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор О.Баярсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэртэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэсэн заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Т.Мт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо” гэж дүгнэсэн байх бөгөөд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар ямар санал гаргасан, шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгоогүй байх ба шүүх тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй ба шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчтай ялыг тохиролцож байгаа. Прокурорын гаргасан саналын дагуу шүүхийн шийдвэр гарсан талаар ямар нэгэн байдлаар бичээгүй. Энэ талаар шийтгэх тогтоолд бичээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгоогүй. Ямар үндэслэлээр уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор О.Баярсайханы бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” барьцаалан зээлдүүлэх газарт “iPhone 11” загварын гар утсаа 1.400.000 төгрөгт барьцаанд тавьчихаад, буцаж ирээд гар утсаараа яриадхъя гэж М.Мөад хэлэн хуурч, залилан 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Мөын “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Т.М гэгч нь “iPhone 11” загварын гар утсаа 1.400.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад удалгүй ирээд “гар утсаараа ярьчихаад өгье” гэж хэлээд, гар утсаа авчихаад зугтаагаад явчихсан. Тэгээд би ажлаасаа гарах үедээ Т.М гэгчийн зээл болох 1.400.000 төгрөг, зээлийн хүү 56.000 төгрөг, нийт 1.456.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж, барьцаалан зээлдүүлэх газарт өгсөн...” /хх 7-8/,

шүүгдэгч Т.Мын “...мөнгө хэрэг болоод ...“У” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар гар утсаа 1.400.000 төгрөгөөр тавьсан. ...гар утсаа авч яваад гэрийнхэндээ харуулчихаад ирье гэж гуйж байгаад авч гараад өглөө нь “Амжилт” гэх нэртэй өөр барьцаалан зээлдүүлэх газар 1.200.000 төгрөгөөр тавьсан...” /хх 11-12/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 76-79/,

“У” барьцаалан зээлдүүлэх газрын Т.Мтай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 4/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Мыг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн шүүгдэгч Т.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн “...Т.М хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Прокурор О.Баярсайхан “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгоогүй. ...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар ямар санал гаргасан, шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар бичгээр гаргасан шүүгдэгч Т.М болон хохирогч М.Мө нарын хэн алины хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 743 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан байх бөгөөд хэргийг шүүхэд 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ирүүлснээр шүүх 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаартай Шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхийн энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан зохицуулалтуудад нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Харин шүүх, шүүгдэгч Т.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгоогүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх магадлалд дурдаж шийдвэрлэв.

Дээрх алдаа, зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй бөгөөд цаашид энэ төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Баярсайханы бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Баярсайханы бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ                                             

 

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР

 

 

                       ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ