Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан, Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт *******, Цахар овогт ******* нарт холбогдох 201601000234 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1982 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Халх овогт *******.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 4 сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Цахар овогт *******.

1.Шүүгдэгч  ******* нь БНХАУлсын иргэн Ли Шинь Тиан /Li Shengtian/, ОХУ-ын иргэн Радик Гильфанов нарын захиалгаар Монгол Улсын иргэн*******, БНХАУ-ын иргэн Ли Жэнь Пөн /Li Zhengpeng/, Жин Чен Бау /Jin Qianbao/ нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д тарифын бус аргаар хязгаарласан бараа болох, Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр улсын хилээр гаргах Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д заагдсан “ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг бүр нь 6500000 төгрөгийн үнэтэй “хүрэн байвгайн” хойд 72, урд 64 ширхэг, нийт 234000000 төгрөгийн үнэтэй 136 ширхэг сарвуу, мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар  “Эрдэнэс”-д хамаарах, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29,70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг 71-50ДОР улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн,

Дээрх “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29.70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 71-50ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,

2.Шүүгдэгч******* нь БНХАУлсын иргэн Ли Шинь Тиан /Li Shengtian/, Оросын Холбооны Улсын иргэн Радик Гильфанов нарын захиалгаар Монгол Улсын иргэн *******, БНХАУ-ын иргэн Ли Жэнь Пөн /Li Zhengpeng/, Жин Чен Бау /Jin Qianbao/ нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д тарифын бус аргаар хязгаарласан бараа болох, Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр улсын хилээр гаргах Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д заагдсан “ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг бүр нь 6500000 төгрөгийн үнэтэй “хүрэн байвгайн” хойд 72, урд 64 ширхэг, нийт 234000000 төгрөгийн үнэтэй 136 ширхэг сарвуу, мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Эрдэнэс”-д хамаарах, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29,70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг 71-50ДОР улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн,

Дээрх “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29.70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 71-50ДОР улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлт дээр байгаа БНХАУ-ын болон ОХУ-ын иргэнийг танихгүй. 2016 оны 11 сарын 07-ны өдөр 4 ширхэг баавгайн савар, 29 ширхэг чулуу зэргийг авч явж байгаад  “Хавирга” авто замын боомт дээр баригдсан. Тэр үед Ли Шин Фэн гээд хятадтай хамт баригдсан. Энэ хүн анх хэлэхдээ хил хүргээд өгчих, цалин  хөлсийг нь өгье гээд явсан. Би Ариунзулд туслаад явдаг юм. Тэр хятад Хавирга боомт дээр ирээд өөр машинд суусан. Бид ажил хийснийхээ хөлсөнд цалингаа авах ёстой гээд л явсан гэв.

Шүүгдэгч******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 сарын 07-ны өглөө Хавирга боомт руу явахдаа би өөрийнхөө гэрт хоносон байсан болохоор өөрийнхөө Приус-10 маркийн машинтайгаа гэрээсээ гарч, эмнэлгээр дайрч Ариунзулыг аваад, Чадангууд буудал орж Ли Жень Пенийг аваад Ариунзулын гэрт очсон. Ланд машинаа асаагаад Ланд машины ард ачсан байсан 6 шуудайтай баавгайн саварнуудаа үзээд, хашааны зүүн хойд буланд байх хагас баригдсан блокон жижиг амбаарт Ли Жень Пөн бид 2 хоёулаа зөөж хийсэн. Тэр үед Ариунзул гэртээ байсан. Бид хоёрыг юу хийж байгааг мэдээгүй. Гэртээ хувцсаа бэлдэж байсан. Тэгээд блокон байр руу зөөж байсан чинь Ли Жень Пен дохио зангаагаар “наанаас чинь хулгайд алдана, тэр машиндаа хий” гээд миний Приус-10 маркийн машиныг заасан. Тэгээд тэр 6 шуудай баавгайн саврыг миний приус-10 маркийн машинд хийгээд гадуур нь хучиж үлдээсэн. Ер нь бол эдгээр 136 ширхэг баавгайн савар, 29 хэсэг чулууг 2016.10.16-нд яваад 2016.10.16-нд ирэхдээ, 2016.10.20-нд яваад 2016.10.20-нд ирэхдээ, 2016.10.23-нд яваад 2016.10.23-д ирэхдээ, 2016.10.25-нд яваад 2016.10.26-нд ирэхдээ, 2016.10.28-нд яваад 2016.10.29-нд ирэхдээ, 2016.10.30-нд яваад 2016.10.31-нд ирэхдээ нийт 6 удаагийн явалтаар ОХУ-аас авч ирсэн. Ли Жень Пен хэлэхдээ бөөгнүүлж бай, өөрсдөө ирж авна гэдэг байсан. Би авч ирээд Ариунзулын хашаанд байх блокон байранд хийгээд дээрээс нь юмаар бүтээдэг байсан. ...Ийм хэрэг хийсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /4-р хавтас 93-95/

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярья. Би анх хувиараа наймаа хийж явж байхдаа орчуулагч Цолмонтой танилцсан. Тэгээд надад ОХУ-ын Борзя хотоос хүнсний зүйл зөөгөөд Хятад руу оруулж ирж байх ажлын санал тавихаар нь би зөвшөөрөөд “нөхцөл болзол нь юу юм бэ” гэхэд “машины бензин тос, хоол унд, буудлын үнийг төлнө” гэсэн юм. Батбаяр гэдэг хүнийг би танихгүй. Намайг “Алтан-Эмээл”-ээс ирэхэд нэг хүний утасны дугаарыг өгсөн. Тэр дугаар руу залгаад “тантай намайг яриарай” гэсэн гэхэд Батбаяр гэж хүн ирээд Лан круйзер-100 маркийн машиныг миний нэр дээр шилжүүлэхийн өмнө “бензиний нэг банк нь ажилладаггүй шүү, арын  банкинд нь бензинээ хийж байгаарай” гэсэн. Удалгүй Цолмон надтай холбогдоод Борзя руу яваад ирэх үү, саналаа хэлээрэй гэсэн. Тэгээд би Цолмонд “яваад ирье, гэхдээ би өмнө нь Орос руу явж үзээгүй, нэг удаа яваад ирье” гээд Баярхүүгийн хамт Борзя руу явсан. Надаар муу юм хийлгэнэ гэж бодоогүй. Сард нэг удаа явахад 300 юань өгнө гэж тохирсон юм. Эрээнцавын боомтоор 10 сарын 26-ны өглөө гараад очиход нэг орос тосож аваад бид хоёрыг  буудалд  буулгаад “хоол  авч идээрэй” гээд 1000 рубль өгсөн. Маргааш өглөө нь 6 цагт ирэхдээ машины ард хүнсний зүйл ачсан байсан. Тэгээд тэр хүнсний бүтээгдэхүүнийг ачаад Дорнод аймагт ирээд Цолмонтой холбогдож “яваад ирлээ” гэхэд “энэ ажлыг  хийвэл ямар байна вэ” гэж асуусан.Тэгэхээр нь би “боломжийн  юм байна” гэхэд “би удахгүй Дорнод аймагт очно, та нар олон удаа хүнсний бүтээгдэхүүнийг  зөөх  юм бол  Ланд  круйзер-100 машинаа өгнө” гэсэн. Би гайхаад “яагаад машинаа өгөх гэж байгаа юм бэ” гэхэд “ Дорнод аймагт орос бараа зарах  гэж байгаа, манжуурт ч бас их зарагддаг” гэсэн. Би гайхаад элдэв бусын буруу зүйл хийлгэхгүй биз дээ гэж асууж байсан. Энэ ажлын  талаар  Баярхүү юу ч мэдэхгүй. Би л надтай ханиндаа явбал яв гэдэг байсан юм. Зөвхөн Цолмон гэдэг хүнээр л дамжуулж холбогддог байсан. Ингээд бодоод байхад намайг ашиглаж л байсан юм шиг байна. Намайг ядуу зүдүү болохоор яаж ч болно гэж бодсон байх. Цолмон “Болор” төвийнхөнд орчуулагчаар ажилладаг байсан болохоор нь үнэхээр итгэсэн. Би засварын газрын ажилтан Батбаярын мэдүүлгийг уншихад үнэхээр худал мэдүүлсэн байна. Засварын газрын ажилтан намайг танихгүй шүү дээ, би амьдралдаа зах дээр  наймаа хийж үзээгүй байхад намайг наймаа хийдэг гэсэн байна лээ. Машины хувьд дөнгөж хүлээж аваад хөдлөх  гэхэд асахгүй байсан. Тэгэхээр нь би  хүлээлгэж өгсөн Батбаяр руу залгаад “машин асахгүй байна” гэхэд бензин хийгээд үз, гэхдээ урд талын бензиний банкинд хийж болохгүй шүү гээд дахиад хэлсэн. Надад засварчин Батбаяр “үнэхээр  өөрийн  чинь  нэр дээр машин шилжигдсэн юм уу” гэж асуусан болохоос “энэ тоноглогдсон машин  байна” гэж ерөөсөө ч хэлээгүй. Худал мэдүүлэг өгсөнд үнэхээр гомдолтой байна. Би нийт 8 удаа хилээр хүнсний зүйл аваад тээвэрлэсэн. Бараагаа аваад ирэхэд хятадууд өөрсдөө хүлээж авдаг байсан. Заримдаа би хятадуудтай хамт урагшаа гардаг байсан. Хавирга боомт дээр баригдахаас өмнө юу байсныг үнэхээр мэдээгүй. Тухайн үед миний бие өвдөөд  байсан юм. Тэгэхэд хятадууд ирээд “хятад руу явж биеийг чинь эмчлүүлж өгье, цалингийг  чинь ч өгье”  гэсэн юм. Харин шуудайтай зүйлийн талаар Баярхүү 2016 оны 10 сарын 26-ны өдөр Борзяд байхдаа надад хэлэхдээ машин тэрэг онгичиж ухаад шуудайтай юм хийгээд байсан гэж хэлсэн юм. Тэгээд Хятад руу явж байх замдаа Баярхүү хятад хүнд хандаад “болохгүй юм хийгээд байгаа юм уу” гэхэд “чамд хамаагүй, Ариунзулд  ч хамаагүй, хятад монголын  хилийг  би  аргалнаа,  би цалингийг чинь л  өгнө, та нарт огт хамаагүй, хэрвээ миний юмыг оролдох юм бол ална шүү”  гээд хоолойн дээрээ зурж харуулсан. Гай дуудаж байгаа юм шиг тэр өдөр нь баригдсан.  Бид 2-ыг  хэлсэн гэж бодсон байх. Хил  дээр очоод баавгайн савар, 29 ширхэг чулуу машины бензины саванд байсныг мэдсэн. Түүнээс өмнө мэдээгүй байсан гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Жин Чинбау, Хилчин 2 намайг “машин барьж чадах уу” гэж асуухаар нь би “чадна” гэсэн. “Чамд нэг ажлын санал тавья, ОХУ-аас машинаар хүнсний зүйл ачаад БНХАУ-ын Манжуурт авчирч өгнө, цалин нэг удаагийн явалтад 300 юань, сард багадаа 6 удаа явна, буудал, хоол, замын зардал нь цалингаас гадна бид нар өгнө” гэсэн. Тэгээд нилээн ярилцсан. Би хориотой хууль бус зүйл зөөхгүй гэдгээ хэлэхэд тийм зүйл байхгүй, 100 хувь баталж байна гэсэн. ...Тэгсэн нэг Юнителийн дугаар надад өгсөн. Тэр дугаар руу залгаад өнөөдрийн дотор машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гэсэн. ...Би хэлсэн хүнтэй нь уулзаад хамт 71-50ДОР улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн машинд нь суугаад шууд бирж рүү  явж очоод тэр машиныг шууд миний нэр дээр шилжүүлж өгсөн. Надаас нэг ч төгрөг аваагүй. Машин авсны маргаашнаас нь Жин Чинбау ах над руу ви чатаар холбогдоод машинаа авсан уу гэхээр нь авсан гэсэн чинь “сайн байна, одоо машинаа унаад Орос руу яв” гэж хэлсэн. ...Түүнээс хойш яваагүй байж байгаад  2016 оны 6 сарын 15-20-ны үед анх ОХУ руу машинтайгаа явсан. Баярхүү бид хоёр цуг явсан. Би Баярхүүд хэлэхдээ “Жин Чинбау гэж хүнтэй ярилцаж, тохиролцсон, надад машин авч өгнө, тэгээд ОХУ-аас хүнсний зүйл зөөж БНХАУ-ын Манжуурт хүргэж өгнө, тэгээд нэг удаагийн явалтад 300 юань авна” гэж хэлсэн. Тэгээд Эрээнцавын боомтоор гарч Запкаска гэх тосгонд очсон. ...Тэгээд Жин Чинбау ахтай холбогдоход нэг буудал зааж өгсөн. Тэр буудлын гадаа очиход нэг жижигхэн биетэй, залуухан эрэгтэй хужаа тосч авсан. Тосч аваад бид хоёрын машинд суугаад нэг орос машиныг дагаж яваад нэг грашид очоод миний машиныг хийсэн. Тэгээд бид хоёрыг орос машиндаа суулгаад буудалд хүргэж өгсөн. Хоолны мөнгө гээд 1000 рубль өгөөд, өглөө 6 цагт ирнэ гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 6 цагийн үед машиныг маань авч ирж өгөхөд ард талд нь дүүрэн юм ачсан байсан. Чихэр, гурил, ургамлын тос гэх мэт зүйлс ачсан байсан. Тэгээд бид хоёр шууд Монгол руу явсан. ...Түүнээс хойш 1-2 хоногийн зөрүүтэй дараалан 2 удаа явсан. Тэр 2 явалтаар Борзя гэх тосгонд очсон. ...Тэгээд Баярхүү бид хоёрыг нэг зочид буудалд оруулж өгөөд машиныг маань аваад явсан. Маргааш өглөө нь 7 цагийн үед машиныг маань авчирч өгсөн. Машинд чихэр, давс, гурил зэрэг зүйлс ачсан байсан. Тэгээд хил дээр ирээд Жин Чинбау ахтай холбогдоод явсан тухайгаа хэлсэн.  Энэ мэтчилэн нийт 11-12 удаа ОХУ руу явсан. ОХУ-аас авч ирсэн бараагаа БНХАУ руу 2 удаа хүргэж өгсөн. ...Хилчин ах, И Пен хоёр Дорнодод ирээд миний мэдэхийн 15-16 орчим хоноод буцсан. Тэр хоёрыг Дорнодод байх хооронд 4 удаа ОХУ руу явж ирсэн. ОХУ-аас ачиж ирсэн ачаа буюу чихэр, тос, гурил, тараг зэргийг би ирэнгүүтээ л гэртээ буулгачихдаг байсан. Эхний 2 удаагийн явалтан дээр Хилчин ах, И Пен хоёр машинаа Чадангууд буудлын гадаа надаас хүлээн авсан. Буудлын гадаа машин аваад ирээ л гэдэг байсан. Би хэлснээр нь машинаа аваачаад өгдөг. Машин аваад 2-3 цагийн дараа буцааж өгдөг. Мөн дараагийн хоёр удаагийн явалтан дээр манай хашаанд Хилчин ах, И Пен хоёр ирээд машины 4 хаалгыг нь нээчихээд л дотор нь юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байгаад байсан. ...Хилчин ах, И Пен хоёр БНХАУ руу явсан. Хилчинг явсны дараа ОХУ руу нэг удаа явж ирсэн. ... 2016 оны 10 сард нийт 4 удаа ОХУ руу явсан. Сүүлд явсан 4 удаагийн явалтаар авч ирсэн чихэр, гурил, тос, давс зэрэг зүйлсээ БНХАУлс руу гаргаагүй байсан. Эдгээр бараанууд бүгд манай гэрт байсан. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 11 сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын үед Чадангууд буудал дээр очиж И Пенийг аваад гэртээ очоод машиндаа чихэр, тос зэрэг хүнсний зүйлээ багтах хэмжээгээр нь бүгдийг нь ачаад 9 цаг өнгөрөөгөөд Дорнод аймгийн төвөөс Хавирга хил рүү явсан. ...Би машинд байсан зүйлсийг үнэхээр мэдэхгүй. Тэнд тийм зүйл байсан гэдгийг мэдээгүй. Албаны хүмүүс шалгаад илрүүлэхэд И Пен намайг танихгүй гэж хэлж байсан. Би их гайхсан...” гэх мэдүүлэг /4-р хавтас 78-83/

     Бичгийн нотлох баримтанд:

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагыг сануулсан тухай тэмдэглэл /1-р хавтас 3/

- Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах 000040 дугаартай хуудас /1-р хавтас 4-5/

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 17-22/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас 36-37/

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хавтас 47-52/

- Е62103954 дугаартай LI. ZHENPENG-ий паспортын хуулбар /1-р хавтас 62/

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас 161-177/

- Бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 221-223/

- Гэрч Г.Ганцацралыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 194-195/

- Гэрч Б.Цацралтуяаг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 196-198/

- Гэрч Б.Золбоог байцаасан тэмдэглэл /2-р хавтас 199-200/

- Гэрч Б.Батбаярыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 213-215/

- Гэрч Д.Батбаярыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 221-223/

- Гэрч Б.Нямбаярыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 229-231/

- Гэрч Э.Саруултуяаг байцаасан тэмдэглэл /3-р хавтас 27/

- Гэрч А.Өнөрцэцэгийг байцаасан тэмдэглэл /3-р хавтас 34-36/

- Гэрч О.Ононг байцаасан тэмдэглэл /3-р хавтас 53-55/

- Гэрч Б.Эрдэнэбаярыг байцаасан тэмдэглэл /3-р хавтас 60-63/

- Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн №18 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 113-114/

- Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн №1060 тоот албан бичгээр ирүүлсэн чулууны тодорхойлолт, дүгнэлт /3-р хавтас 122-127/

- Эрүүгийн 201601000234 тоот хэрэгт хийсэн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 145-166/ зэргийг шинжлэн судлав.

     Шүүгдэгч  *******,*******   нар бусадтай бүлэглэн нь 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэстгэрт байрлах  “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Тоёота Ланд крузер-100” маркийн 71-50 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн  шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох хүрэн байвгайн хойд 72, урд 64 ширхэг, нийт 234000000 төгрөгийн үнэтэй 136 ширхэг сарвуу, 29,70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг  хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Тоёота Ланд крузер-100” маркийн 71-50 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн  шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох  29.70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулуу, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагыг сануулсан тухай тэмдэглэл /1-р хавтас 3/, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах 000040 дугаартай хуудас /1-р хавтас 4-5/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 6-22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 36-45/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хавтас 47-52/, туршилт хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас 161-177/,  бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 221-223/, гэрч Г.Ганцацрал  /2-р хавтас 194-195, Б.Цацралтуяа /2-р хавтас 196-198/, Б.Золбоо /2-р хавтас 199-200/, Б.Батбаяр /2-р хавтас 213-215/, Д.Батбаяр /2-р хавтас 221-223/ нарын мөрөдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн №18 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 113-114/, Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн №1060 тоот албан бичгээр ирүүлсэн чулууны тодорхойлолт /3-р хавтас 122-127/, Эрүүгийн 201601000234 тоот хэрэгт хийсэн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 145-166/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж, түүний өмнөөлөгч З.Нямсүрэн нь “энэ хэргийг буруу тусгаарласан тул нэгтгэн шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэж байна.

Шүүгдэгч И.Ариузул нь бусадтай бүлэглэн хзгаарласан эд зүйлийг хууль бусаар Монгол улсын хилээр  нэвтрүүлсэн болох нь:

Шүүгдэгч И.Ариузул нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2016 оны 10 сарын 26-ны өдөр машинд шуудайтай юм хийгээд байна” гэдгийг мэдсэн. Тухайн үед “надад Баярхүү хэлсэн”  гэх мэдүүлэг.

Шүүгдэгч И.Ариузулын Е1751940 дугаартай гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2016 оны 10 сарын 23-нд орсон. гарсан /Россия. Соловьевск боомт/, 2016 оны 10 сарын 25-нд орсон, 2016 оны 10 сарын 26-нд гарсан /Россия. Соловьевск боомт/, 2016 оны 10 сарын 28-нд орсон, 2016 оны 10 сарын 29-нд гарсан /Россия. Соловьевск боомт/, 2016 оны 10 сарын 30-нд орсон, 2016 оны 10 сарын 31-нд гарсан /Россия. Соловьевск боомт/ штамп дарагдсан байв” гэж тусгагдсан байдал /1-р хавтасны 47-48/

Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Зулаад машины банк чинь ийм байна” гэдгийг хэлсэн чинь “чимээгүй, чимээгүй” гэж байсан. Тийм болохоор олон юм яриагүй.Энэ талаар өөр хүнд хэлээгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтас 223/

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 5 билүү 6 сард “Тоёота Ланд крузер-100” маркийн машиныг Да хүрээ захаас ченжээс худалдаж авсан. ...Би худалдаж аваад Дорнодын 7150ДОР гэсэн дугаарыг авсан. ...Дараа нь Улаагийн нэр дээр шилжүүлж өгсөн. ...Би уг машины бензин банкны дээд талыг тасдаж бензинээс өөр зүйл хийх зориулалттай болгосныг мэдэхгүй. Би тийм болгоогүй...” гэх мэдүүлэг /2-р хавтас 215/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар "...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу тэдэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой" байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүгдэгч *******ын “Би гэмт хэрэг үйлдээгүй”, түүний өмгөөлөгчийн “Энэ хэргийг буруу тусгаарласан тул нэгтгэж шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн, давтан үйлдлээр хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч *******,******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүнрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч ******* нь иргэний үнэмлэхийн хаягаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 207 тоотод бүртгэлтэй  одоо эх, эгч, 2 дүү, хүү  нарын хамт ам бүл 7-уулаа амьдардаг болох нь түүний мэдүүлэг болон бусад баримтаар батлагдаж байна. Иймд түүний битүүмжлэгдсэн нийт 630000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгөнөөс шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 350000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагтыг, мөн шүүгдэгч*******гийн эзэмшлийн ХААН банкинд дахь 5103047083 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 200000 төгрөгнөөс 100000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

     Шүүгдэгч  нар  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511, -д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т  заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан шүүгдэгч*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэсэн тул шүүгдэгч *******ын эзэмшлээс “HAIR” загварын 32 инчийн зурагт, “HITACHI” загварын хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн ”Эд хөрөнгө битүүмжлэх”, мөн шүүгдэгч*******гийн ХААН банкин дахь 5103047083 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 200000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээж, харин “Бичил Глобус” групп ХХКомпаний эзэмшлийн 71-50ДОР улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-100” маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн” Эд хөрөнгө битүүмлэх тогтоол”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 234000000 төгрөгийн үнэлгээтэй 136 ширхэг хүрэн баавгайн сарвуу, 29.7 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй ногоон өнгийн пийсүү чулуу, 126 килограмм жинтэй, 28 хэсэг 97000000 төгрөгний үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш чулууг хурааж улсын орлого болгох, харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 71-50ДОР улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл нь “Бичил Глобус” групп ХХКомпанийн эзэмшлийнх болох нь нотлогдож байх тул /шүүгдэгч Ариузул нь зээлийн барьцаанд тавьж зээл авч тэдний өмчлөлд шилжүүлсэн/ уг машиныг эзэмшигчид нь буцаан олгож, машины үнэ 20000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус бүр 10000000 төгрөгийг гаргуулан мөн адил улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Samcung S5” маркийн гар утсыг шүүгдэгч *******д буцаан олгож. шүүгдэгч И.Ариузулын Е-1751940 дугаарын, шүүгдэгч*******гийн Е-1480384 дугаартай гадаад паспортуудыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай, шүүгдэгч*******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар “Бичил Глобус” групп ХХКомпаний эзэмшлээс 71-50ДОР улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-100” маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн ”Эд хөрөнгө битүүмлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, харин  шүүгдэгч *******ын эзэмшлээс HAIR загварын 32 инчийн зурагт, HITACHI загварын хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн ”Эд хөрөнгө битүүмжлэх”, мөн шүүгдэгч М. Баярхүүгийн ХААН банкин дахь 5103047083 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 200000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Халх овогт *******, Цахар овогт ******* нарыг бүлэглэн, давтан үйлдлээр хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс HAIR маркийн 32 инчийн 350000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хураан улсын орлого болгож, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар, шүүгдэгч*******гийн хувьд ногдох 200000 төгрөгнөөс 100000 төгрөгийг хураан улсын орлого болгож, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5-д зааснаар ялтан*******д оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 234000000 төгрөгийн үнэлгээтэй 136 ширхэг хүрэн баавгайн сарвуу, 29.7 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй ногоон өнгийн пийсүү чулуу, 126 килограмм жинтэй, 28 хэсэг 97000000 төгрөгний үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш чулуу зэргийг хурааж, тээврийн хэрэгслийн үнэ 20000000 төгрөгийг хувь тэнцүүлэн ялтан нараас тус бүр 10000000 төгрөгийг тус тус гаргуулан  улсын орлого болгосугай.

5. Ялтан *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаарэд мөрийн баримтаар хураагдан ирсэн  “Samcung S5” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан *******д буцаан олгож, ялтан И.Ариузулын Е-1751940 дугаарын, ялтан*******гийн Е-1480384 дугаартай гадаад паспортыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар “Бичил Глобус” групп ХХКомпани эзэмшлээс 71-50ДОР улсын дугаартай “Тоёота Ланд крузер-100” маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн” Эд хөрөнгө битүүмлэх тогтоолыг” хүчингүй болгож, харин  ялтан *******ын эзэмшлээс битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн ”Эд хөрөнгө битүүмжлэх”, мөн ялтан М. Баярхүүгийн ХААН  банкинд дахь 5103047083 тоот төгрөгийн харилцөа дансны үлдэгдэл 200000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн 2017 оны 2 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай, ялтан*******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 6 сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн   304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх   хуулийн  306  дугаар  зүйлийн 306.1 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР

                                    ШҮҮГЧИД                          Ү.ОДГЭРЭЛ

                                                                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ