Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0859

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б***

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газарт холбогдох барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгч М.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага :

1.1 Монгол Улсын иргэн М.Б***** нь тус шүүхэд хандан “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд баригдсан иргэн М.Б****** 48 айлын орон сууцын барилгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1  Нэхэмжлэгч М.Б*** нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах 6 давхар 48 айлын орон сууц барьж, 2015-2016  онд ашиглалтад оруулсан.

2.2. Тухайн үед техникийн нөхцөлүүдийг хүчингүй болгосон тул иргэн М.Б.... нь өөрийн бариулсан орон сууцны барилгад улсын комисс ажиллуулж чадаагүй.[MT1] 

2.3. Улмаар техникийн нөхцөлүүдээ бүрэн авч, 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хотын стандарт, хяналтын газарт “барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах талаар” хандсан.

2.4. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хотын стандарт, хяналтын газраас Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”[1]-ийн 10.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр барилга ашиглалтад оруулах комисс ажиллахаас татгалзсан.[2]

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс “... Барилга байгууламжид оршин суугч нар орж, амьдарсан байгаатай маргахгүй. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3 дахь заалтын дагуу шүүхэд хандсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.6. Хариуцагчийн зүгээс “... Шүүхээс улсын комисс ажиллуулахыг даалгаж шийдсэн тохиолдолд энэ нь тухайн барилгыг ашиглалтад шууд хүлээн авсан гэсэн үг биш болохыг нэхэмжлэгч анхаарах нь зүйтэй. Улсын комисс ажиллах нөхцөл боломжийг нэхэмжлэгч хангах үүрэгтэй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл :  

3.1 Нэхэмжлэгч М.Б....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах 6 давхар орон сууц барьж ашиглалтад оруулсан. Улсын комисст хүлээлгэж өгөх гэсэн боловч айл оруулсан учраас комисс ажиллах боломжгүй татгалзаж байна гэсэн хариуг өгсөн. Ингээд шүүхэд хандсан. Тиймээс улсын комиссыг ажиллуулж өгнө үү” гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу улсын комиссыг зохион байгуулж ажилладаг. Бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 12 байгууллагын 14 хүн, нэмэлтээр тухайн байгууллагын захиалагч, гүйцэтгэгч гээд ойролцоогоор 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Засгийн газрын тогтоолын 10.3 дахь хэсэгт зааснаар тухайн барилга байгууламжийг ашигласан бол шүүхээс захирамж гаргуулж байж ажиллах нэмэлт заалт орсон учраас тус барилга дээр манай байгууллагын ахлах мэргэжилтэн урьдчилсан үзлэгээр очоод тухайн барилгад хүн амьдарч байгааг тогтоосон. Тиймээс тогтоолын дагуу хариу албан бичиг хүргүүлсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заажээ.

2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, эрх бүхий байгууллага буюу Засаг дарга хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар зохицуулжээ.

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэлсэн болон талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч М.Б нь 2015-2016 онд Хан-Уул дүүрэгт байрлах 6 давхар 48 айлын орон сууц барьсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн зүгээс энэ үйл баримттай маргаагүй.

 4. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед орон сууцны барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлттэй байсан боловч холбогдох техникийн нөхцөлүүдийг хүчингүй болгосон тул энэ талаар шийдвэрлүүлэх боломжгүй байсан гэж тайлбарласан бөгөөд мөн энэ үйл баримттай хариуцагч маргаагүй.

5. Түүнчлэн, нэхэмжлэгч М.Б... бариулсан тус барилгыг ашиглалтад оруулахаас өмнө айл оруулсан болох нь Хотын стандарт хяналтын газраас М.Бэлэгтэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх ба энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй болно.

 6. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгуулалтыг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтад “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна. “ гэж зохицуулжээ.

7. Дүрмийн энэхүү зохицуулалтын зорилго нь нэг талаас, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж заасан хуулийн зохицуулалтыг хангуулах, нөгөө талаас Барилгын тухай хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага, дүрэм журмыг барилгын ажлыг гүйцэтгэгчид хангуулах буюу нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэсэн байна.

8. Тиймээс аливаа барилга байгууламжийг комисс ажиллахаас өмнө ашигласан нь тогтоогдсон тохиолдолд тухайн барилгад комисс ажиллуулахгүй, тухайн асуудлыг  шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар заажээ.

9. Нэгэнт нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс тус орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаас өмнө айл оруулсан үйл баримттай маргаагүй энэ тохиолдолд хариуцагч нь оршин суугч иргэдийн нийтлэг ашиг сонирхол, аюулгүй байдлын үүднээс Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “иргэн М.Б.... 48 айлын орон сууцын барилгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

11. Шүүхийн энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн барьсан орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авсан гэж үзэхгүй, харин ашиглалтад хүлээн авах эсэхийг улсын комисс шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссыг ажиллах хугацаанд ажиллах нөхцөл бололцоогоор хангах бүхий л арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б**** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан иргэн М.Б....” 48 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                            Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[2] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 11 дэх тал