Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/04016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж -8, Бүгд Найрамдах Болгар улсын элчин сайдын яамны байранд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Их тойруу 30 байр 219 тоотод оршин суух, Цагаан сахалт овогт Т*******гийн А******* /РД: /-т холбогдох, 

5,789,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн, Б.Золзаяа, хариуцагч Т.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандахнар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК Т.А*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн уулын баяжуулах Таяннуур үйлвэрт Шатах, тослох материалын няравын ажилд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 12/16 дугаар тушаал гарган томилсон.

Нярав Т.А******* нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн түлш түгээлт, хадгалалтын үйл ажиллагаанд хийсэн гэнэтийн тооллогоор нийт 5,789,250 төгрөгийн 3487.5 литр дизель түлш дутаасан зөрчил гаргасан бөгөөд энэхүү зөрчлөө Т.А******* хүлээн зөвшөөрч улмаар компанид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах талаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичгээр тайлбар гаргаж өгсөн.

Гэвч Т.А******* ажлын байраа орхин явж, хохирол төлбөрийг төлж барагдуулалгүй 7 сарын хугацааг өнгөрүүлсэн тул тус компани 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр

 

эрүүгийн хэрэг үүсгэхээс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 3021 дугаар тогтоолоор татгалзсан.

 

Иймд манай компани Т.А*******аас хариуцсан ажил үүрэгтээ хариуцлагатай хандан, гэнэтийн тооллого шалгалтаар илэрсэн дутуу 3487.5 литр дизель түлшийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 литр дизель түлшний үнэ болох 1660 төгрөгөөр тооцон нийт 5,789,250 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Т.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус компаний Төв аймаг дахь Заамар сумын Э******* ХХК-ийн алтын уурхайд шатахууны няраваар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл болон зөрчил гаргаж байгаагүй.

 

Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 23-нд тооллогын акт үйлдэн ажлаа хүлээлгэж өгөөд, тус ажлаас гарах өргөдлөө 2016 оны 10 дугаар сарын 04-нд өгөхдөө ямар нэгэн дутагдал, зөрчилгүй байсан. Захирал өргөдлийг хүлээн аваад 10 дугаар сарын 21 хүртэл ажилла, орны хүн байхгүй байна гэсэн. Тэгээд ажилласан.

 

Ажиллаж байх хугацаанд буюу 10 дугаар сарын 16-нд цаг агаар халуун байх үед тооллого хийсэн. Уг тооллогоор +2593 литр түлш илүү тоологдсон.

10 дугаар сарын 18-нд зуны түлшнээс өвлийн түлр рүү шилжиж, өвлийн түлшний орлого авсан. /хувийн жингийн зөрүү гарсан/

10 дугаар сарын 19-нд дахин тооллого хийхэд -814 литр түлшний дутагдалтай гарсан.

10 дугаар сарын 22-нд ажил хүлээлгэж өгөхдөө 331 литр түлшний нийлбэр болох 3487 литр түлшний төлбөр тавьсан байсан.

 

Би уг төлбөрийг төлөх боломжгүй учир нь:

1. Дизель түлш нь орчны температураас хамаарч эзэлхүүн нь ихсэж, багасч байдаг.

2. 10 дугаар сарын 16-нд тоолоход сүүлийн 3 хоног хэт дулаарч, хөөрч түлшний эзлэхүүн нэмэгдсэн байсан.

3. 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө цас орж, шуурч шөнөдөө маш хүйтэн хоносон нь түлшний хувийн жил хүндэрч эзлэхүүн багассан.

4. Зуны түлш дээр өвлийн түлш буусан нь хувийн жингийн зөрүү гарсан.

5. Уг шатахуун хадгалах сав нь зориулалтын газар бус шороон дээр сууриласан нь савны хазайлт үүсэж, хэмжилтэд нөлөөлсөн байх магадлал өндөр байна.

 

Дээрх шинж тэмдэг болон орчны нөлөөлөл, цаг уур, савны хазайлт, савны таблиц зэргээс хамаарч дээрх илүүдэл, дутагдал гарсан гэж үзэж байна.

Тус компани нь түлшний орлогын машиныг анх ачуулаад хотоос гарах үед нь компанийн ажилтан шалгаж лацдаад лацны дугаарыг падаан дээр бичиж явуулдаг. Уг ирсэн ачааг Сонор харуул хамгаалалтын ажилтан ирсэн цагийг бүртгээд падаан дээрх лацны дугаар болон машины улсын дугаарыг тулгаж шалгаж үзээд задлах зөвшөөрөл

 

өгсний дараа уг ачааг нярав, жолоочийн хамт хэмжилтээ хийгээд орлогыг авч дууссаны дараа, хамгаалалтын ажилтан дууссан цагийг бүртгээд машин дээр гарч түлш үлдсэн эсэхийг нягтлаад гарах зөвшөөрөл өгдөг.

10 дугаар сарын 18-нд ирсэн орлого зохих журмын дагуу шалгуулж, бүртгүүлээд хамгаалалтын ажилтнаас лацыг хөндөх зөвшөөрөл аваад ном журмын дагуу буулгаж дуусаад хамгаалалтын ажилтанд шалгуулаад уурхайгаас гарч явсан.

Иймд төлбөр болох 3584 литр их хэмжээний түлш уурхайгаас авч гарах ямар ч боломж байхгүй болно.

Компанид бичиж өгсөн тайлбарыг миний бие өөрийн хүсэл зорилгоор бичээгүй болно. Үүнийг миний анхны хийсэн тайлбар дээр зассан болон тайлбар зассан гэсэн мессежний хавсралтаар нотлогдох болно.

Т.А******* миний бие тухайн ажлын байрыг орхин яваагүй, ном журмын дагуу ажил үүргээ 2016 оны 10 дугаар сарын 22-нд компаниас томилосон комиссын бүрэлдэхүүнтэй тооллого хийж 331 литр түлшний илүүдэлтэй хүлээлгэн өгсөн болно.

Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хянан шалгаад хэргийг хаасан гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.А*******т холбогдуулан, дутаасан дизель түлшний үнэ болох 5,789,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

******* ХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар Хариуцагч Т.А*******ыг тус компанийн Газрын тосны агуулахад Шатах тослох материалын нярав албан тушаалд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилосон байх бөгөөд Талууд Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч Т.А******* нь ******* ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь уулын баяжуулах Таяннуур үйлдвэрт, шатах, тослох материалын няраваар ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн тооллогоор нийт 5,789,250 төгрөгийн 3487.5 литр дизель түлш дутагдуулсан байсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 17, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн Газрын тосны агуулахад хийгдсэн Шатахууны тооллогын бүртгэл, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаан хийгдсэн ******* ХХК-ийн Баянголын Уурхай дахь шатахуун түгээс станцын өдрийн тайлан, гэрч Т.Цэдэвсүрэн, Б.Нямбазар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шатахуун түгээх станцад хариуцагч Т.А*******ын хариуцсан дизель түлшээс 3487.5 литр дутагдсан тухайн үед дизель

түлншний үнэ 1660 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан 2016 оны 10 дугаар сарын дизель түлшний борлуулалтын үнэ, Петро плас ХХК болон Эм Пи ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ-16-10-6 дугаартай, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ, түлншний тээврийн үнийн тооцоо.

 

Хариуцагч нь ******* ХХК-ийн Баянголын Уурхай дахь шатахуун түгээс станцын өдрийн тайланг цахимаар үйлдсэн талаараа үгүйсгээгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тооллогоор дизель түлшний нийт дүн 71,129.40 литр, 2016 оны 10 дугаар сарын 16-ны үлдэгдэл 68.536 литр, зөрүү 2,593,40 байсан, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооллогоор дизель түлнший нийт 77,509.50 литр, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үлдэгдэл 78,404 литр, зөрүү нь -894.50 литр /хасах/ байсан шалтгааныг цаг агаар, орчны температураас шалтгаалсан, улирлын түлшийг хольсноос үүдэлтэй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6/74 дугаартай Цаг агаарын тодорхойлолт, Нефть, нефтийн бүтээгдэхүүний хувийн жин тодорхойлох арга MNS 0481-88 Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн албан хэвлэл зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргээс үзэхэд, хариуцагч Т.А******* нь хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж актаар хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд хариуцаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан Эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ., 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг тус тус баримтлан, хариуцагч Т.А*******аас 5,789,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,578 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид 107,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА