2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар  2025/ШЦТ/408

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянгол, Хан-Уул, ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Б.**********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ********** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ы **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408034381547 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                  

          Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ********** дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 15-494 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Архангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ы ********** /РД: **********/.

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:              

                  

          Шүүгдэгч Б.********** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ********** дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажилалгаа явуулдаг “Энхцовоо дент” нэртэй шүдний эмнэлгийн цонхны тавцан дээрээс хохирогч Ч.**********ын эзэмшлийн Самсунг А54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч  Б.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, цалин, мөнгөгүй байсан, архи уусан байсан учир тухайн утсыг авчихсан, тэгээд ломбарданд тавьж мөнгийг өөрийн хэрэгцээндаа зарцуулсан, хохирол төлөгдөөгүй байгаа, төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ********** дүүргийн 17 дугаар хороонд байрлах 32-н автобусны буудлын ард байх шүдний эмнэлэгт шат гагнах гээд ширээн дээр өөрийн Самсунг А54 загварын гар утсаа үлдээгээд шатаа гаргаж гар утсаа шалгахад байхгүй болсон байсан. Тухайн газрын хяналтын камерыг шалгахад дуудлагаар тааз хийнэ гэж ирсэн залуу миний гар утас байсан газар руу орсон байсан. Тэгээд би тухайн залуу руу залгаад чи миний утас байсан газар руу орсон байна гэхэд маргааш очиж уулзана гэж хэлээд утсаа салгаад алга болсон...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ********** дүүргийн 17 дугаар хороонд байх 32 дугаар байранд шүдний эмнэлэгт тааз хийх ажил байна гэсэн зарын дагуу очсон, тухай үед мөнгөний хэрэгтэй, стресстэй байсан тул цонхны тавцан дээр байсан гар утсыг өөртөө авсан. Тэгээд хэсэг барьж байгаад уучихсан үедээ ломбарданд 120,000 төгрөгөөр тавьсан...” /хавтаст хэргийн 13-14, 49-50 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 18 дахь тал/,

- Шүүгдэгч Б.**********гийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 25 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 23 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээ байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 26 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 27-31 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.********** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ********** дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажилалгаа явуулдаг “Энхцовоо дент” нэртэй шүдний эмнэлгийн цонхны тавцан дээрээс хохирогч Ч.**********ын эзэмшлийн “Самсунг А54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хохирогч Ч.**********ын: “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ********** дүүргийн 17 дугаар хороонд байрлах 32-н автобусны буудлын ард байх шүдний эмнэлэгт шат гагнах гээд ширээн дээр өөрийн “Самсунг А54” загварын гар утсаа үлдээгээд шатаа гаргаж гар утсаа шалгахад байхгүй болсон байсан. Тухайн газрын хяналтын камерыг шалгахад дуудлагаар тааз хийнэ гэж ирсэн залуу миний гар утас байсан газар руу орсон байсан. Тэгээд би тухайн залуу руу залгаад чи миний утас байсан газар руу орсон байна гэхэд маргааш очиж уулзана гэж хэлээд утсаа салгаад алга болсон...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.**********гийн: “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ********** дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байранд байрлах шүдний эмнэлэгт тааз хийх ажил байна гэсэн зарын дагуу очсон, тухай үед мөнгөний хэрэгтэй, стресстэй байсан тул цонхны тавцан дээр байсан гар утсыг өөртөө авсан. Тэгээд хэсэг хэрэглэж байгаад уучихсан үедээ ломбарданд 120,000 төгөргөөр тавьсан...” /хавтаст хэргийн 13-14, 49-50 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 18 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч Б.********** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дүүжин тааз хийх ажлын зарын дагуу ********** дүүргийн 17 дугаар хороонд байрлах 32-н автобусны буудлын ард байх “Энхцовоо дент” нэртэй шүдний эмнэлэгт очих үедээ хохирогч Ч.**********ын цонхны тавцан дээр тавьсан байсан “Самсунг А54” загварын гар утсыг өөртөө авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

********** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.**********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгч Б.**********гийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.**********ын эд хөрөнгө, өмчлөх эрх зөрчигдөж 800,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408034381547 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ы **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ы **********г 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.**********д шийтгэсэн 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********гаас 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.**********т олгосугай.

 

6. Эрүүгийн 2408034381547 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР