Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2019/00224

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц тосгоны төвд оршин суух, утас 0000, РД:БМ 0000 Ү О овогт М-ийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлах, РД:0000, утас 00000, Б аймгийн Онцгой байдлын газар /дарга, дэд хурандаа Б.А, утас 00000 /-т холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын насосчин, засварчнаар эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй бөгөөд Ц дахь Нефть хангамжийн газарт машинист, буулгагчаар ажиллаж байсан юм. 2002 оны 6 дугаар сард Ц дахь нефтийн агуулахад ажиллаж байсан бидний хэдэн хүнийг ажлын байрны хамт Улсын нөөцийн салбарт шилжүүлэхэд салбарын эрхлэгчийн 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчинаар намайг томилон ажиллуулснаас хойш тасралтгүй ажилласан юм. Хэдэн жилийн өмнө миний засварчин гэх албан тушаалыг агуулахын инженерт хавсарган өгч тушаал гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 01-нд цомтголд орохдоо мэдсэн бөгөөд надад албан ажлын өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй, цалинд өөрчлөлт ороогүй тул би засварчны ажлыг хийсээр байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Онцгой Байдлын Газрын хүний нөөцийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Ц ирээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой мэдэгдэх хуудас /төрийн тусгай албан хаагчдад гардуулдаг хуудас бололтой/ гардуулан, намайг орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлснөө мэдэгдэж, ажлаа хүлээж авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг өнөөдрийг хүртэл өгөөгүй, шаардаад авч чадаагүй байна. Гомдол гаргах /шүүхэд/ хугацаанд баригдан шүүхэд гомдол гаргаж байгаа юм. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч, ТҮ-гийн албан хаагчийн сүлжээгээр цалинждаг, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул миний хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг юм. Ажил олгогч маань намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн тул намайг аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц тосгоны шатахууны агуулахын засварчин, насосчны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус газрын Ц тосгон дахь Улсын нөөцийн газрын Б аймаг дахь салбарын эрхлэгчийн 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар нефтийн агуулахын засварчин, насосчноор томилогдож тасралтгүй 16 жил 6 сар ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхотголд орсон. Уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Чөлөөлөх тухай А/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цуцалсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж, урьд нь шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. М.Бийг ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар хэлмээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар орон тоо хасагдсан буюу цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Ажлаас чөлөөлөгдөж байгаа М.Бт тухайлан гаргасан тушаал байхгүй. Би урьд нь шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Улсын дээд шүүхийн тайлбарт ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг заалтыг баримтлах ёстой гэж заасан. Дээрх 2 үндэслэлийн дагуу М.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. 2017 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Уг 2017 оны хөдөлмөрийн гэрээнд засварчин, насосчин албан тушаалд авч ажиллуулж байсан талаар бичсэн. Дараа нь Онцгой байдлын газраас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд моторчин, засварчин, насосчин гэх 3 ажлыг хавсарган гүйцэтгэж өгсөн М.Бийг ажлаас чөлөөлсөн байгаа учраас М.Бийн урьд хөдөлмөрийн гэрээний дагуу эрхэлж байсан Б аймгийн Онцгой байдлын газрын харьяа Ц тосгоны шатахууны нөөцийн салбарын моторчин, засварчин, насосчин-аар эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаал шийдвэр байхгүй гэж ярьж байна. Онцгой байдлын Ерөнхий газрын даргын А/461 дугаар орон тоо батлах тухай тушаал гарсантай холбогдуулан Б аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дугаар тушаалаар Улсын нөөцийн төрийн үйлчилгээний бүх албан хаагчийг чөлөөлсөн. Миний бие 2018 оны 01 дүгээр сард ажилд томилогдсон. Би төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлээд байгуулсан. Онцгой байдлын газар босоо удирдлагатай. Онцгой байдлын Ерөнхий газраас орон тоо батлагдаад ирсэн тул өөр орон тоо шинээр бий болгох боломж байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө яагаад мэдэгдээгүй вэ гэхэд тушаал хожигдож ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын цалинг М.Б авсан. Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/461 дугаар тушаалаар М.Бийн ажиллаж байсан орон тоо цомхотгогдсон байсан. Бид энэ талаар мэдээгүй байхад, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал ирсэн. М.Бт орон тоо цомхотгосон талаар 1 сарын өмнө мэдэгдэж дахин 1 сар ажиллуулах гэхэд цалингийн төсөв хүрэхгүй байсан. Улсын нөөцийн салбарын даргаар дамжуулж М.Бийг дуудуулаад, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тушаалыг гардуулж, мэдэгдэх хуудас өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын цалинг бүтэн олгосон. Дараа нь даргын зөвлөлийн хурлаар 2 хүнийг ажилтай болгох санал оруулахад М.Б дэмжигдээгүй. Учир нь, М.Б Монгол хэл мэдэхгүй байсан. Төрийн албан ёсны хэл Монгол хэлээр явагдана. М.Б 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр надтай ирж уулзахдаа Монгол хэл мэдэхгүй, казах хэлээр надтай ярьж, орчуулуулж ойлголцсон. Энэ үед улсын нөөцийн салбарын дарга, инженер нар байсан. Улсын нөөцийн салбарын дарга надад орчуулга хийж өгсөн. М.Бт би нийгмийн даатгалын байгууллага дээр очиж ажилгүйдлийн тэтгэмж авах бичиг баримтаа бүрдүүлээд ир гэж хэлсэн ч над дээр буцаж ирж уулзаагүй. М.Б ажилгүйдлийн тэтгэмж авчихвал 3 сар буцаж ажилд орох эрхгүй гэж яриад явж байна гэж дам яриа сонссон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би М.Бээр шийдвэрийн төсөл танилцуулах хуудсанд гарын үсэг зуруулсан. 2019 оны 01 дүгээр 31-ний өдөр М.Бийн ажлыг хүлээж авсан. Онцгой байдлын Ерөнхий газрын дарга А/461 дугаар тушаалыг гардуулахыг даалгасан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Нэхэмжлэгч М.Б нь Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын моторчин, насосчин, засварчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Улсын Нөөцийн Газрын Б аймаг дахь салбарын эрхлэгчийн 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалаар, мөн нэхэмжлэгч М.Бийн №499337 Нийгмийн даатгалын дэвтрийн 26-27 хуудсанд байгаа 1)Ц НХГазар, машинистын ажлаас буулгагчын ажилд шилжүүлэн ажиллуулав 1997.10.13 №100, 2)Б НХГазар, Ц дахь шатахууны агуулах нь Улсын нөөцийн газарт шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Улсын нөөцийн газарт шилжүүлэв 2002.06.02 №13, 3)Улсын нөөцийн Газрын Б аймаг дахь салбар Ц дахь нефтийн агуулахын засварчнаар авч ажиллуулав 2002.06.06№07 гэсэн бичилтээр болон нэхэмжлэгч М.Бийн №633675 (499337 тоот НДД-ийн үргэлжлэл) Нийгмийн даатгалын дэвтрийн 8-9 хуудсанд байгаа УНСалбар, Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчин 2002.01.16 №07 гэсэн бичилтээр тус тус нотлогдож байна.

Улмаар 2018 оны 06 сарын 04-ний өдрийн №04 Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын ажилтны Хөдөлмөрийн гэрээ-г нэг талаас Б аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа С.П, нөгөө талаас Ц тосгоны шатахууны агуулахын моторчин, насосчин, засварчин ажилтай 0000 регистрийн дугаартай М.Б нар байгуулсан байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээний 1.5-д сарын үндсэн цалин-ТҮ-3-5 шатлал, 8.1-д гэрээг хоёр тал харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай байгуулав гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/461 дугаар Орон тоо батлах тухай тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын орон тоог хавсралтаар баталж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс мөрдсүгэй гэсэн ба хавсралтын 6.Ө сум дахь Улсын нөөцийн салбар гэсний 12-д Ц сум дахь Улсын нөөцийн цэг: Сав тоног төхөөрөмжийн засварын инженер-1, нөөцийн барааны нярав-1, харуул-3 гэж баталсан байна.

Иймээс Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1551 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөн, чөлөөлөгдсөн Б аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар баталсан бол Б аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дугаартай Чөлөөлөх тухай тушаалаар тус газрын Улсын нөөцийн салбарын болон гэрээт ажилчдыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөн, чөлөөлөгдсөн...Ц тосгон дахь Улсын нөөцийн шатахууны цэгийн гэрээт ажилчдын нэрсийг хавсралтаар тус тус баталсан байна.

Энэхүү Б аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дугаартай Чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 5.Ц тосгон дахь Улсын нөөцийн шатахууны цэг: 16-д албан тушаал:насосчин, орон тоо-1, албан тушаалын цалингийн зэрэглэл-ТҮ-3, овог нэр: М Б гэж бичигдсэн байна.

Иймд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/461 дугаар Орон тоо батлах тухай тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц тосгон дахь Шатахууны агуулахын насосчны орон тоо хасагдсан болох нь нотлогдож байна.

Ажил олгогчоос 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас-аар ажилтан М.Бт түүний ажиллаж байсан орон тоо дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хасагдсан талаар мэдэгдсэн байна.

Энэхүү 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас-аар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/461 дугаар тушаалыг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд танилцуулан, Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц тосгон дахь Шатахууны агуулахын насосчин ажилтай М.Бт бүтэц орон тооны цомхотголд орсон тул Онцгой байдлын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн ба энэхүү мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц нар гарын үсэг зурсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Онцгой байдлын газрын дарга болон нэхэмжлэгч М.Б нарын 2017 онд /сар, өдөр нь бичигдээгүй/ байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон нэхэмжлэгч М.Б нь нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчны 3 дугаар зэрэгтэй болохыг нотлох нь Монгол Улсын Шинжлэх ухаан Техникийн Их Сургуулийн Геологийн сургуулийн сургалтын төвөөс 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон №001 дугаартай Мэргэжлийн үнэмлэх нь тус тус энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, ажил олгогч байгууллагын бүтэц, орон тооноос эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын насосчин, засварчны ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй боловч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үйлчлэх тусгай журмыг зохицуулсан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг ажил олгогч зөв хэрэглэж, хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч М.Бийг ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогоогүй тул нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын насосчин, засварчнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ү О овогт Мийн Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК