Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01102

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01102

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б гаргасан,

 

Хариуцагч: *******-т холбогдох,

 

Орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Г, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/хт2016/01343 тоот тогтоолоор Ц.Хийн нэхэмжлэлтэй А.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг тус тус үндэслэн төлбөр төлөгч А.Баас 35,000,000.00 төгрөгийн үндсэн зээл, ашигласан хугацааны зээлийн хүү 3,850,000.00 төгрөг, алданги 17,500,000.00 төгрөг, нийт 56,350,000.00 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Ц.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Энэхүү хэргийн шийдвэр гүйцэтгэх ажлыг хариуцагч ******* биелүүлж байгаа бөгөөд барьцааны зүйл болох *******,*******,*******, хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа үнэлгээ тогтоосон.

 

Гэтэл хариуцагч ******* уг орон сууцны үнэлгээг тогтоохдоо нэхэмжлэгч А.Баас үнийн санал аваагүй, шинжээчээр томилогдсон компани болох “С” ХХК нь зохих ёсоор ажиллаагүй буюу орон сууцны дотор талтай танилцах, одоогийн байгаа нөхцөл байдлыг бүрэн тодруулах зэрэг ажиллагааг хийхгүйгээр 40,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Хэдийгээр тухайн орон сууц нь Баянзүрх дүүргийн*******д байдаг боловч айл бүрийн ашиглалт, засвар хийсэн байдал өөр өөр байдаг тул хэрхэвч 40,000,000.00 төгрөг болохгүй, түүнээс дээш байх ёстой байтал зөвхөн гадна талаас харж, тэр орчмын бусад айлын орон сууцтай харьцуулж гаргасан байна.

 

Анх энэхүү орон сууцыг нэхэмжлэгч тал бусдаас 67,000,000.00 төгрөгөөр худалдан авсан талаар хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан, нэхэмжлэгчийг хөдөө орон нутагт ажилтай байгаа хойгуур түүнээс үнийн санал аваагүй, гэрт нь орох боломж байгаагүй, оруулаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тухайн ажиллагааг явуулах боломжтой байсан.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/07111 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Т.Оийн гаргасан хариуцагч А.Бд холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэж, маргааны зүйл болсон энэхүү орон сууцыг нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд үлдээж, нэхэмжлэгчээс 11,166,667.00 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор болсон.

 

Тус шийдвэрийн дагуу хариуцагч тал 11,166,667.00 төгрөгийг авч, бусдад төлөх төлбөрөө барагдуулсан ба орон сууцыг Т.О нарын нэр дээр шилжүүлэх ёстой.

 

Иймд, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05057 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1548 тоот магадлал, мөн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/хт2016/01343 тоот тогтоолоор Ц.Хгийн нэхэмжлэлтэй А.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэж төлбөр төлөгч А.Баас 35,000,000.00 төгрөгийн үндсэн зээл, ашигласан хугацааны зээлийн хүү 3,850,000.00 төгрөг, алданги 17,500,000.00 төгрөг, нийт 56,350,000.00 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Ц.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******,*******,*******, тоот улсын бүртгэлийн дугаартай 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг барагдуулахыг заасан байсан.

 

Манай байгууллагаас шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д зааснаар хөндлөнгийн 2 гэрч байлцуулж, эд хөрөнгө хураасан тогтоол үйлдэж, улмаар тус хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэхэд 40,000,000.00 төгрөг гэж тогтоосон бөгөөд үүний 70 хувь болох 28,000,000.00 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан боловч ялагч тодроогүй.

 

Бид, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчээс эд хөрөнгийн үнийн санал авах гэхэд тэрээр өгөөгүй, томилогдсон шинжээч түүний орон сууцыг үзэх гэхэд гэртээ оруулаагүй учраас аргагүйн эрхэнд гадна талаас үзэж, ойр орчмын айл, орон сууцтай харьцуулж,  үнэлгээг тогтоосон тул үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Шүүхийн гүйцэтгэх хуудас олгосон захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгчид энэ талаар мэдэгдэх, эд хөрөнгө хураах, битүүмжлэх зэрэг тогтоол гаргах явцад Т.О гэж хүн ирж уулзсан бөгөөд хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийг үзүүлж байсан.

 

Гэвч хуульд зааснаар барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад уг эд хөрөнгө хэнд шилжсэн байх нь хамаагүй тул түүнд энэ талаар тайлбарласан ба төлбөрийг төлөх хугацааг хэд хэдэн удаа тэдгээрт олгож байсан.

 

“С” ХХК-иас бидэнд тайлбарлахдаа маргаан үүссэн тохиолдолд дүгнэлтээ өөрсдөө хамгаална гэж байсан. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Баас хариуцагч *******т холбогдуулан орон сууцны үнэлгээ хүчингүй хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/02066 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4.-т заасныг үндэслэн маргааны зүйл болсон орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн /х.х-ийн 14, 15-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ц.Хгийн гаргасан хариуцагч А.Бд холбогдох 65,100,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж, 101/ШШ2016/05057 тоот шийдвэр гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1548 тоот магадлалаар өөрчлөлт оруулсан ба Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/хт2016/01343 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /х.х-ийн 33-41-р хуудас/.

 

Энэхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тус тус дурьдснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг үндэслэн хариуцагч А.Баас 35,000,000.00 төгрөгийн үндсэн зээл, ашигласан хугацааны зээлийн хүү 3,850,000.00 төгрөг, алданги 17,500,000.00 төгрөг, нийт 56,350,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгажээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/04079 тоот захирамжаар дээр дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр болж, 101/ГХ2017/00417 тоот гүйцэтгэх хуудас олгосон байна /х.х-ийн 31, 32-р хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж, мөн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Энэ хуулийн 20.3.-д заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна” гэж, түүнчлэн 21.4.-т “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17260936 тоот дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор төлбөр авагч Ц.Хд төлбөр төлөгч А.Баас 56,350,000.00 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******өд зөвшөөрсөн байна /х.х-ийн 42-р хуудас/.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулахтай холбоотой ажиллагааг явуулахад шаардлагатай гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа бөгөөд хавтас хэргийн 43-57-р хуудсанд авагдсан баримтуудыг тус тус үзвэл хариуцагч тал иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/25471 болон 3/25469 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч А.Бд маргааны зүйл болох орон сууцны үнийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгдсэн бол төлбөр авагч Ц.Хгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргажээ /х.х-ийн 55, 56, 57-р хуудас/. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааны талаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхдээ “мэдэгдэх хуудас”-аар хэрхэн мэдэгдэх, гардуулах талаар зохицуулсан бөгөөд хэрэгт маргаж буй орон сууцны үнэлгээний санал авах тухай эдгээр албан бичгийг төлбөр төлөгчид хүргүүлсэн эсэх баримт байхгүй, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл тэрээр хөдөө орон нутагт ажиллаар явж байгаад тухайн мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй байна.

 

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө байх тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэжээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд орон сууцны үнэлгээний талаар санал тохироогүй, төлбөр төлөгчийн зүгээс үнийн санал өгөөгүйгээс гадна төлбөр авагч тал шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилуулах тухай 289 тоот тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлин 42.1.-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 58-р хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т “хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авсан байх” гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.2.1.-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх“ гэж тус тус үнэлгээ хийх бэлтгэл ажлыг зохион байгуулах, үнэлгээний арга, аргачлал, гаргах тайланд тавигдах шаардлагын талаар зохицуулсан.

 

Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-иас барьцаа хөрөнгийн үнэлгээ хийхдээ албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн зөвхөн оршин байгаа газар болоод гадна байдалд тулгуурлан хийснээр хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, одоогийн бодит байдлыг бүрэн тодруулаагүй байна /х.х-ийн 59-85-р хуудас/.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5.-д “хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах” гэж, мөн 13 дугаар зүйлийн 13.1.2.-т “хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах” гэж, 13.1.3.-д “үйлчлүүлэгч хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухай шаардлагатай мэдээллээр хангаагүй, гэрээнд заасан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй бол хөрөнгийн үнэлгээ хийхээс татгалзах эрхтэй” гэж талуудын хүлээх эрх, үүргийг зохицуулсан байдаг.

 

Хэдийгээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч А.Быг маргааны зүйл болох орон сууцанд оруулахаас татгалздаг, гэрийнхээ хаалгыг онгойлгодоггүй гэж тайлбарласан.

 

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй” гэж, мөн 48.8.-д “Төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч бусдын орон байранд нэвтрэн орохдоо оршин суугч, эзэмшигч, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авсан байна” гэж, түүнчлэн 48.9.-д “Нэвтрэн ороход оршин суугч, эзэмшигч саад учруулбал эсэргүүцлээ зогсоохыг шаардах, шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэхийг анхааруулна” гэж тус тус заасан ба хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус орон байранд нэвтрэн орохтой холбоотой энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэх талаар нотлоогүй.

 

Тодруулбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 289 тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-нд албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл болох орон сууцны шинж байдлыг тодруулахад хариуцагч тал дээр дурьдснаар зохих ёсоор ажиллаагүй, шинжээч буюу хөрөнгийн үнэлгээчин нь шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөгүй бол хуульд зааснаар татгалах ёстой байтал ийнхүү орон сууцны шинж чанар, элэгдэл, хорогдлын талаар бүрэн мэдээлэл авахгүйгээр үнэлгээ хийсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан энэхүү тайлбар үндэслэлтэй байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус зааснаар *******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг бодитоор үнэлээгүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/07111 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Т.Оюунгэрэлийн гаргасан хариуцагч А.Бд холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг шийдвэрлэж, маргааны зүйл болсон энэхүү орон сууцыг нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд үлдээж, нэхэмжлэгчээс 11,166,667.00 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор болжээ.

 

Тодруулбал, гэрлэгчдийг ийнхүү гэрлэлтээ цуцлуулахаас өмнө маргааны зүйл болсон дээр дурьдсан орон сууц нь гагцхүү нэхэмжлэгч А.Бы нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан бөгөөд тэрээр төлбөр авагч Ц.Хтэй 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай 1 /нэг/ сарын 4 хувийн хүүтэй зээлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан байна.

 

Гэвч тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/07111 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т заасныг үндэслэн энэхүү орон сууцыг төлбөр төлөгч А.Бы нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, тус хуулийн 130 дугаар зүйлийн 130.3.-д заасны дагуу орон сууцыг Т.О, Б.Т, Б.Б, Б.Э, Б.Ө нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар шийдвэр гүйцэтгэгч ******* уг үйл баримтын талаар мэдэж байсан бөгөөд тэрээр 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Т.О уулзаж, дээр дурьдсан шүүхийн 101/ШШ2016/07111 тоот шийдвэртэй танилцаж байжээ /х.х-ийн 49-р хуудас/.

 

  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Ц.Х, төлбөр төлөгч буюу үүрэг гүйцэтгэгч А.Б нараас гадна тухайн орон сууцны өмчлөгч Т.О, Б.Т, Б.Б, Б.Э, Б.Ө нараас үнийн санал авах ёстой.

 

Гэтэл хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтанд орон сууцны өмчлөгч нараас үнийн санал авсан талаар нотлох баримт байхгүй байх тул тэдгээрийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар өмчлөгчөөс үнийн санал авахаас зохицуулалтаас гадна 170 дугаар зүйлийн 170.1.-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй” гэж, мөн 175 дугаар зүйлийн 175.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж тус тус зааснаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д “Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно” гэж зааснаас үзэхэд тухайн барьцааны зүйлийн өмчлөгч нь үүрэг гүйцэтгэгч байсан эсэхээс үл хамаарч өөрийн өмчлөлийн зүйлтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй.

 

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно” гэж, мөн 70 дугаар зүйлийн 70.2.2.-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд дуудлага худалдаан оролцож болно” гэж заасан.

 

Тодруулбал, Т.О, Б.Т, Б.Б, Б.Э, Б.Ө нар ийнхүү шүүхийн шийдвэрээр энэхүү орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байх тул тухайн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, эд хөрөнгийн талаар хуульд заасан эрх эдлэх ёстой юм. 

 

Иймд, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу төлбөр авагч д төлбөр төлөгч А.Баас 56,350,000.00 төгрөгийг гаргуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн орон сууц буюу албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй Т.О, Б.Т, Б.Б, Б.Э, Б.Ө нарыг зохих ёсоор оролцуулаагүй байх тул тэдгээрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэстэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйийн 55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3.-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч А.Бд үнэлгээний талаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31277, 4/31278 тоот болон 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4/212 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэнийг тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ /х.х-ийн 10, 87, 88, 89, 91-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо ийнхүү хуульд заасан хугацаанд гаргасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д зааснаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн харъяа шүүхэд гаргасан байх тул хууль зөрчөөгүй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05057 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1548 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/хт2016/01343 тоот тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн “С” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР