Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 255

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч О.Баасанхүү,  

            шүүгдэгч Ү.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Бунь овогт Үнэнбаярын Мөнхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2400 0192 дугаартай хэргийг хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч-мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, ах, дүү нарын хамт “Ус-Оюу” ХХК-нд сантехникч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Бунь овогт Үнэнбаярын Мөнхбаяр, РД:НШ93080911, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн хойд замд 2017 оны 3 дугаар сарын 02-ны 23 цагийн орчим Toyota Kresta маркийн 25-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а.хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 15.1 “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна. а.замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч П.Сэлэнгийг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл, хохирогч Н.Энхболдын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэн дүгнэхэд :     

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн хойд замд 2017 оны 3 дугаар сарын 02-ны 23 цагийн орчим Toyota Kresta маркийн 25-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн П.Сэлэнгийн бие махбодид хүнд, Н.Энхболдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:          

          - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/,      

           - хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз Лхагваагийн найз Нямаагийнд 21 цагийн орчим очоод 1 шил архи уусан. Энхболдын хамт хойноосоо урагшаа чиглэлтэй алхаж байгаад засмал замаар эхлээд баруунаас зүүн тийш гарсан. Дахиад зам хөндлөн зүүнээс баруун тийш гарсан. Гэнэт урд зүгээс машины хурц гэрэл туссан, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би дунд зэргийн согтолттой байсан. Би ганцаараа гараагүй, хохиролд 477.000 төгрөгийг хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-24-26/,

          - хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Цагаанаагийнд очсон. Лхагва, нэг эгч, бид гурав 1 шил архи хувааж уугаад байж байсан. Дараа нь Нямаагийнд очсон. Бид дөрөв 1 шил архи хувааж уусан. Сэлэнгээ эгч бид 2 Нямаагийнхаас уруудаад зам гарч, юм яриад явж байсан, цааш юу ч санахгүй байна. Сэлэнгээ эгч бид 2 их согтолттой байсан...жолооч Мөнхбаяр хагалгааны зардал төлж, эм тариа авч өгсөн...гэх мэдүүлэг /хх-27-29/,

          - гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 02-ны орой 23 цаг 30 минутын орчим би өөрийн эзэмшлийн 90-78 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Толгойтын Их нарангийн гэр хорооллын замд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан. Миний урд Тоёото Креста маркийн ногоон алаг маркийн автомашин явж байсан. Гэтэл эргэлтэн дээр эсрэг урсгалаас суудлын жижиг автомашин хурц гэрэлтэй гарч ирээд зогсолт хийхгүй явсан. Яг машин зөрөх үед замын ертөнцийн зүгээр зүүн талаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гарч ирээд урд талын машинд мөргүүлсэн. Урд машины жолооч хүн мөргөчихөөд тэр дороо тоормозлолгүй хэсэг явж зогссон. Жолооч нь болох 25 орчим насны хар хувцастай эрүүндээ ооч сахалтай шөвгөр царайтай залуу бууж ирсэн...гэх мэдүүлэг /хх-30/,

          - гэрч М.Рэгзэдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...машин гэнэт тоормозлосон. Машинаас бууж харахад машины урд талд эрэгтэй эмэгтэй 2 хүн машинд мөргүүлчихээд ухаангүй хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-33/,

          - иргэний хариуцагч М.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...25-92 УБЛ улсын дугаартай Тоёото Креста маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин юм. Би Э.Сэр-Од гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Машиндаа хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-36/,

          - тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-39/,

          - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3381 дугаартай шинжээчийн:...Норовбанзад овогтой Энхболдын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-41/,  

          - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3380 дугаартай шинжээчийн:...Дамбийжанцан овогтой Сэлэнгийн биед зүүн дунд чөмөгний доод булууны дээд хэсгийн ил хугарал, баруун зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-43/,

          - замын цагдаагийн албаны 199 дугаартай шинжээчийн дүгнэлт :...Тоёото Креста маркийн 25-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Мөнхбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а. хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, Монгол Улсын Замын хөдөлгөөний 15.1 “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна. а.замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.../хх-64-65/,

          - Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээчийн:...урд хойд оврын гэрэл бүгд асахгүй, зүүн хойд талын дохио ажиллахгүй, зүүн урд талын гэрэл дохио огт байхгүй, тоормозны зүүн хойд гэрэл, дугаарын гэрэл асахгүй, зүүн талын арыг харах толь хагархай...урд гупер зүүн талдаа хагарч, будаг нь халцарсан, зүүн урд их гэрэл доошоо сууринаасаа чихэгдсэн, урд салхины шил хагарч бяцарсан...автомашины их гэрлийн тусгалын хүч баруун талдаа 0cd, зүүн их гэрлийн тусгалын хүч 0cd /стандартаар 10000-225000 cd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Тухайн автомашины их гэрлийн тусгалын хүч стандарт хэмжээнд хүрэхгүй байгаа нь харагдах орчны байдлыг хязгаарлах байдлаар нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-45-47/,

          - криминалистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораторын 2809 дугаартай шинжээчийн:...шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан тунгалаг хуванцарууд хугарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэж байна. 7*4.8 см хар хуванцар зэрэг нь 1992-1996 онд үйлдвэрлэгдсэн Тоёото Креста маркийн автомашины урд талын зүүн талын гэрлийн хагархай байна. 12 гэж дугаарласан хуванцар автомашины зүүн урд дохионы гэрлийн хагархайтай өөр хоорондоо хагарлын зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэж байна...гэх дүгнэлт /хх-57-62/,

            - шүүгдэгч Ү.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 3-ны шөнө би 5 шарын товчооны Энхжин худалдааны төвийн гаднаас би хүргэн ах Ганзоригийн эзэмшлийн Тоёото Креста маркийн 25-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч жолоодоод ойролцоогоор 23 цагийн орчим Толгойтын Их нарангийн хуучин эцсийн гэр хорооллын засмал замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгээд явж байтал тойрог дээрээс өөдөөс эсрэг урсгалаар нэг их хурц гэрэлтэй автомашин зөрж өнгөрсөн. Энэ үед замын зүүн талаас гэнэт л нэг эмэгтэй гарч ирээд миний машины зөв талын урд гупер хэсэгт мөргөгдөөд урд салхины шилэн дээр шидэгдэж буусан. Тэгээд би машинаас сандраад буугаад харахад надад мөргүүлсэн эмэгтэй хүн машины зөв талын хойд багаж хавьцаа харин нэг эрэгтэй хүн машины зөв талд урд хаалга хавьцаа 2-лаа биеэ ертөнцийн зүгээр баруун тийш харуулсан байрлалтай хэвтэж байсан. Би бодохдоо тэр 2-ыг цуг явж байсан гэж бодсон. Уг эрэгтэйг бас миний машинд мөргүүлсэн гэж бодсон. Тэгээд би ард зогсож байсан машины жолоочийг гуйж утаснаас нь цагдаа эмнэлэг дуудуулсан...эмэгтэй дээр очоод дээш харуулахад амьсгалж байсан. Эрэгтэй нь бас амьсгалж байсан...гэх мэдүүлэг /хх-74-75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

             Иймд шүүгдэгч Ү.Мөнхбаярыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч Н.Энхболд 680.000 төгрөг /хх-89/, хохирогч Д.Сэлэнгэ нийт 1.270.000 төгрөг /хх-90, 96/ тус тус бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-91-92, 96/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.   

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасах болон хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэв. 

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Тоёото Креста маркийн 25-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.Ганзоригт олгож, Ү.Мөнхбаярын В ангиллын 1065682 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.  

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:      

 

            1. Шүүгдэгч Ү.Мөнхбаярыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мөнхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мөнхбаярын эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ү.Мөнхбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мөнхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мөнхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

7. Шүүгдэгч Ү.Мөнхбаярын тус хэрэгт хураагдсан В ангиллын 1062682 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Тоёото Креста маркийн 25-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.Ганзоригт олгосугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР