Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2021/ДШМ/233

 

 

 

 

 

 

    2021            3              9                                          2021/ДШМ/233                              

 

 

З.Зад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Зын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008 00000 1535 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Зын З, ..... оны ... дугаар сарын ...ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурын токарьчин мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....................... дүүргийн .... дүгээр хороо, ................ дүгээр гудамж, .... тоотод оршин суух, /РД:........................../;

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн;

Шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ............. дүүргийн .... дүгээр хороо, .............. дүгээр гудамжны 260 тоотод Г.Дгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Зын Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зад 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч З.З нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Г.Д нь эмчилгээ хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Заас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч З.Зад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа боловч миний эхнэр жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэй, ажилгүй, амьдралын боломж муу, надаас өөр ажил хийдэг хүнгүй, хохирогч болох хадам ах Д нь гомдол, саналгүй. Тэрээр ажилгүй хамт амьдардаг. Миний бие авто засварын мэргэжилтэй 15 жил мэргэжлээрээ ажиллаж амьдралаа авч явдаг. Эдгээр байдлыг харгалзаж биеэр эдлүүлэх хорих ялыг торгох ялаар сольж шийтгүүлэх хүсэлтэй байна. Торгох ялын баталгааг миний төрсөн ах З.Батмөнх, эгч З.Болормаа нар гаргаж өгнө. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.З нь 4-6 насны 2 хүүхэдтэй. Ар гэрийнхэн нь хэрвээ шүүхээс торгуулийн ял оногдуулбал төлөхөө илэрхийлж, түүний эхнэрийн дансанд 5.000.000 төгрөг байршуулсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь тогтвортой орлого олдог, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхээс хорих ялын доод хэмжээ болох 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч З.Зын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамж, 260 тоотод хохирогч Г.Дтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдаж, улмаар хохирогчийг “хаалга өшиглөлөө” гэх шалтгаанаар түүний нүүр лүү цохих, хөлөөрөө хавсарч унагаах зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Дгийн “...би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гадуур архи ууж явж байгаад ...гэртээ 14 цагийн орчимд ирэхэд манай хүргэн дүү З.З халамцуу архи уусан байдалтай сууж байхаар нь бид хоёр хоорондоо ярилцаж байгаад нэг шил архи хувааж уухаар болж 0.75 литрийн “Хараа” нэртэй архи дэлгүүрээс авч хоёулаа хувааж уусан. ...Нэг мэдэхэд З.Зтай хэрүүл маргаан хийж барилцаад авчихсан, миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан, яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгтэл миний толгойн зүүн талд тас хийгээд явчихсан. Тэгээд би ухаан алдсан. Унасан юм уу, юмаар цохисон уу сайн мэдэхгүй байна. Нэг сэртэл байшингийн үүд хэсэгт хэвтчихсэн толгойноос цус гарсан байдалтай байснаа хараад дахин ухаан алдаад сэртэл гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан...” /хх 11/,

гэрч Г.Сийн “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гадуур явж байгаад 16 цаг өнгөрч байхад ...гэртээ иртэл манай төрсөн ах Г.Д манай нөхөр З.З хоёр зодолдсон байдалтай, манай ах том өрөөний хаалганы хажууд зуухны ойролцоо толгойн зүүн хэсгээс нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан...” /хх 20/,

шүүгдэгч З.Зын “...би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...гэртээ байж байтал манай хадам ах Г.Д гаднаас бага зэрэг халамцуу орж ирсэн. Тухайн үед би бас бага зэрэг уучихсан халамцуу байж байсан. Тэгтэл Г.Д ах хармаанаасаа 0.33 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд тэрийг нь бид хоёр хувааж ууж дуусгаад дахин архи уухаар болж би дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирж хуваагаад ууж байтал хадам ах Г.Д согтчихоод надаас хэрүүл гуйгаад манай гэрийн шинээр авсан хаалгыг өшиглөөд байхаар нь болиоч гэж хэлтэл ийм хаалгыг үнэтэй аваад байхдаа яадаг юм гэж хэлэхээр нь “танд ямар хамаатай юм бэ хаалга хонхойлголоо” гэж хэлээд куртикнээс нь татаад холд гэж хэлэхэд миний өөдөөс барилцаад авахаар нь уур хүрээд зөрүүлж барилцаж аваад баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь хавсартал Г.Д ах толгойныхоо зүүн талаар газар унахдаа төмөр зуух мөргөж унатал толгой нь хагарч цус гарсан. Тэгтэл над руу босож ирээд дайраад нүүр лүү нэг удаа цохихоор нь зөрүүлээд нүүр лүү нь цохисон...” /хх 60-61/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12077 дугаартай шинжээчийн “...Дүгнэлт хэсэгт: “...Г.Дгийн биед духны зүүн хажуу хэсэгт титэм заадас дайрсан цөмөрсөн, суурь ясны зүүн талын бага далавч руу үргэлжилсэн, зүүн зулай яс руу үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцралт, аалзан хальс доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 25-26/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.Зын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...миний эхнэр жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэй, ажилгүй, амьдралын боломж муу, надаас өөр ажил хийдэг хүнгүй, хохирогч болох хадам ах Д нь гомдол, саналгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Торгох ялын баталгааг миний төрсөн ах, эгч нар гаргаж өгнө...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Зын гаргасан ...Торгох ялын баталгааг миний төрсөн ах, эгч нар гаргаж өгнө... гэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тодорхойлсон гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон хариуцлага хүлээлгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, гэм буруутай хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хариуцлагыг бусдад халдаахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа хариуцлага хүлээлгэх гэсэн шударга ёсны зарчимд үл нийцжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, тус зүйл, хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус зааснаар шүүгдэгч З.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол, саналгүй байдал, түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч З.Зын гаргасан хорих ялыг торгох ялаар солих тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зад 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Зын гаргасан хорих ялыг торгох ялаар солих тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ