Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/04017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412-75 тоот хаягт оршин байрлах, Ийст даймонд дриллинг ХХК /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70-36 тоот хаягт оршин байрлах Монголиан даймонд түүл ХХК /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Өрмийн машин болон дагалдах хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, шударга өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхзориг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандахнар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь уул уурхайн хайгуулын өрөмдлөгийн үнүдсэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд иргэн О.Молом нь тус компанийг 100 хувь эзэмшдэг. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчаас CWD-900 маркийн хайгуулын өрмийн машиныг дагалдах сэлбэгүүд болох PQCsing /3.Om/ 120мм*3м урттай ган хоолой, 17 ширхэг, HQ Rod /3.Oм/ 80мм*3м урттай ган хоолой 34 ширхэг, NQ Rod /3.Oм/ 60 мм*3м урттай ган хоолой 51 ширхэг, HQ Overshot дээж сугалагч 2 ширхэг, HQ Core lifter дээж таслагч 11 ширхэг, HQ Stabilizer чиглүүлэгч 3 ширхэг, NQ Stabilizer чиглүүлэгч 5 ширхэг, NQ Reamong shell хана өргөсгөгч 5 ширхэг, нийт 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд нэхэмжлэгч тал нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 6 сарын дотор гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулахаар заасан байдаг. Нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч талд төлөх ёстой 30,000,000 төгрөгийг төлж дуусгасан. Мөн төлбөр тооцоо дууссаны дараа өөрийн компанийн хөрөнгийн өмчлөлд хуулийн дагуу бүртгүүлэн шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч тал нь өрмийн машиныг дагалдах сэлбэгийн хамт хүлээлгэж өгөлгүй өөрийн хөрөнгө мэт бусдад түрээслэх, бусдын ажлыг захиалгаар хийх зэргээр одоог хүртэл ашигласаар байна. Нэхэмжлэгч нь өрмийн машин болон дагалдах сэлбэгийг хүлээлгэн өг гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч ямар нэгэн хариу тайлбар өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Өрмийн машин, дагалдах сэлбэг хэрэгслүүд нь манай компанийн өмч болохыг тогтоож, тус эд хөрөнгүүдийг хариуцагчаас гаргуулж, манай компанид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Монголиан даймонд түүл ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл, эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК нь хариуцагч Монголиан даймонд түүл ХХК-д холбогдуулан, өрмийн машин, түүний дагалдах сэлбэг хэрэгслийн шударга өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Монголиан даймонд түүл ХХК-ийн төлөөлөгч, тус компанийн захиал Ц.Олдохбаярт 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулан өгсөн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл, эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өрмийн машин, дагалдах сэлбэг хэрэгслүүдийг нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоолгож, тус эд хөрөнгүүдийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

 

Хэрэгт авагдсан, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд, худалдан авагч Ийст даймонд дриллинг ХХК нь өөрийн хөрөнгийн бүртгэлд байдаг CWD-900 маркийн, БНСУ-д үйлдвэрлэсэн өрмийн машиныг дагалдах сэлбэгүүд болох PQCsing /3.Om/ 120мм*3м урттай ган хоолой, 17 ширхэг, HQ Rod /3.Oм/ 80мм*3м урттай ган хоолой 34 ширхэг, NQ Rod /3.Oм/ 60 мм*3м урттай ган хоолой 51 ширхэг, HQ Overshot дээж сугалагч 2 ширхэг, HQ Core lifter дээж таслагч 11 ширхэг, HQ Stabilizer чиглүүлэгч 3 ширхэг, NQ Stabilizer чиглүүлэгч 5 ширхэг, NQ Reamong shell хана өргөсгөгч 5 ширхэг зэргийн тооцсон үнэ 30,000,000 төгрөгийг худалдагч тал болох Монголиан даймонд түүл ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Өрмийн машин, дагалдах хэрэгслүүд нь Ийст даймонд дриллинг ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд байдаг гэж дээрх гэрээнд тусгагдсан байх боловч Ийст даймонд дриллинг ХХК нь тухайн хөрөнгийн үнийг Монголиан даймонд түүл ХХК-д төлөх хугацаа тогтоож талууд тохиролцсоноос үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК нь дээрх гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөгийг Монголиан даймонд түүл ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Монголиан даймонд түүл ХХК-ийн Кассын орлогын ордероор тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээ-ээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн нь нотлогдож тогтоогдож байх тул гэрээний дагуу шилжүүлэгдэх хөрөнгийг өөрийн өмчлөлд авхаар шаардах эрхтэй, хариуцагч Монголиан даймонд түүл ХХК нь тухайн хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүйн дээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, CWD-900 маркийн, БНСУ-д үйлдвэрлэсэн өрмийн машиныг дагалдах сэлбэгүүд (PQCsing /3.Om/ 120мм*3м урттай ган хоолой, 17 ширхэг, HQ Rod /3.Oм/ 80мм*3м урттай ган хоолой 34 ширхэг, NQ Rod /3.Oм/ 60 мм*3м урттай ган хоолой 51 ширхэг, HQ Overshot дээж сугалагч 2 ширхэг, HQ Core lifter дээж таслагч 11 ширхэг, HQ Stabilizer чиглүүлэгч 3 ширхэг, NQ Stabilizer чиглүүлэгч 5 ширхэг, NQ Reamong shell хана өргөсгөгч 5 ширхэг)-ийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК-ийг тогтоож, хариуцагч Монголиан даймонд түүл ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголиан даймонд түүл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 378,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ийст даймонд дриллинг ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА