| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/477 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0141/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
улсын яллагч Ч.Мядагбадам,
шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000599 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Алаг адуун овгийн *******ийн *******, (РД:*******), 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн .... ажиллаж байгаа, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Дархан-Уул аймгийн ******* буюу төрийн улс төрийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах”-ийн 33.1.2 дахь хэсэг “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.
Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл “******* шийдвэр”-ийн 66.1 дэх хэсэгт заасан “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэснийг тус тус зөрчиж Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 156 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай нэмэлт тодотгол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хонгор сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард талд худалдаа үйлчилгээний зориулалттай 20483 метр квадрат буюу 2,4 га газрыг Б.Сансарбаярт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Хонгор сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард талд худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолборын зориулалттай 20501 метр квадрат буюу 2,5 га газрыг М.Атарсайханд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 322 дугаартай захирамж,
Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 22 дугаартай тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 04 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай нэмэлт тодотгол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хонгор сумын 1 дүгээр баг Зулзагын гол амралтын бүсэд гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 2000 метр квадрат газрыг М.Амарсайханд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай захирамж гарган Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6, 11, Авлигын эсрэг хуулийн 7, 37.1 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин Т.Амарсайхан, Т.Атарсайхан, Б.Сансарбаярт нарт эдийн давуу байдал бий болгосон,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн ******* буюу төрийн улс төрийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдсан газарт буюу Хонгор сумын 2 дугаар баг Уурхайчдын амралтын зүүн талд зуслангийн зориулалттай 11073 метр квадрат буюу 1,1 га газрыг иргэн Б.*******д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай захирамж гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон,
Хонгор сумын 2 дугаар баг Уурхайчдын амралтын зүүн талд байрлах зуслангийн зориулалттай 4421 метр квадрат буюу 0,4 га газрыг иргэн Ж.ад 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай захирамж гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон,
Хонгор сумын 2-р баг Зулзагын гол амралтын бүсэд зуслангийн зориулалттай 2622 метр квадрат буюу 0,2 га газрыг иргэн С. 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай захирамж гарган Б.*******, Ж., С. нарт эдийн давуу байдал бий болгосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.******* нь Дархан-Уул аймгийн *******ар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдсан,
- Хонгор сумын 2 дугаар баг Уурхайчдын амралтын зүүн талд зуслангийн зориулалттай 11073 метр квадрат буюу 1,1 га газрыг иргэн Б.*******д,
- Хонгор сумын 2 дугаар баг Уурхайчдын амралтын зүүн талд байрлах зуслангийн зориулалттай 4421 метр квадрат буюу 0,4 га газрыг иргэн Ж.ад
- Хонгор сумын 2-р баг Зулзагын гол амралтын бүсэд зуслангийн зориулалттай 2622 метр квадрат буюу 0,2 га газрыг иргэн С. нарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай захирамж гарган хуульд зааснаас илүү хэмжээгээр газар олгож тус тус гэрээ байгуулж гэрчилгээ олгосон,
Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай нэмэлт тодотголоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар болох Хонгор сумын 1 дүгээр баг Зулзагын гол амралтын бүсэд гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 2000 метр квадрат газрыг М.Амарсайханд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн,
-Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 156 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай нэмэлт тодотгол тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй,
- Хонгор сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард талд худалдаа үйлчилгээний зориулалттай 20483 метр квадрат буюу 2,4 га газрыг Б.Сансарбаярт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх,
- Хонгор сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард талд худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолборын зориулалттай 20501 метр квадрат буюу 2,5 га газрыг М.Атарсайханд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 322 дугаартай захирамж гаргаж тус тус газар эзэмшүүлсэн гэх үйл баримтууд тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Т.*******, газрын даамал Ц. нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглан иргэн, Т.Атарсайхан, Б.Сансарбаяр нарт даваа байдал бий болгож, 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон захирамж гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон” гэх мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэв. (1-р хавтаст хэргийн 1 дэх тал),
Гэрч Ц.ын өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Уурхайн амралтын зүүн урд талд иргэн Б.******* 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сумын Засаг дарга Т.*******т хандаж өргөдөл хүсэлт гаргаж, надад 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийг хуулийн дагуу шийд гэсэн цохолт хийж өгсөн. Мөн өдөр Хонгор сум 2 дугаар баг Уурхайн амралтын зүүн урд талд иргэн Б.*******гийн хүссэн газрын залгаа хажууд иргэн Ж. зуслангийн зориулалттай газар хүссэн өргөдөл 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг Засаг дарга мөн адил 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хуулийн дагуу шийд гэж цохож өгсөн.
Би иргэн Б.*******, Ж. нараас ирүүлсэн өргөдлийн дагуу хүссэн координат талбайгаар нь тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Бусад иргэн аж ахуй нэгжийн газартай давхцалтай эсэхийг шалгахад давхцалгүй байсан тул Б.*******, Ж. нарт өргөдөлд хүссэн талбай хэмжээгээр нь газар олгох тухай ******* захирамж боловсруулсан.
******* захирамжийн төсөл боловсруулахдаа Засаг даргад хандаж “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлын 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна, 29.2-т Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан байна. Гэтэл таны захирамжаар Б.*******д 11073 метр квадрат, Ж.ад 4421 метр квадрат газар олгох гээд байна. Энэ нь газрын тухай хууль зөрчих гээд байна гэдгийг урьдчилан сануулахад Засаг дарга Т.******* нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар учраас хүсээд байгаа талбай хэмжээгээр нь Захирамжийн төсөлд оруулаад ир гэж хэлсэн.
Тэгээд би ******* өгсөн үүрэг даалгаврын дагуу Захирамжийн төсөл боловсруулсан. ******* захирамж гарсны дараагаар би гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан юм. Тэгсэн Засаг дарга Т.******* 2019 оны 08 дугаар сарын сард чи захирамж гарчхаад байхад гэрээг нь байгуулаад гэрчилгээг нь бичээд өгчихөд юу нь болохгүй байгаа юм гэж хэлэхээр би талбайн хэмжээ зөрчилтэй байгаа шүү дээ гэхэд төлөвлөгөөнд туссан, шийдвэр нь гарсан, гэрчилгээг нь бичиж өг гэж надад хэлсэн.
Тэгээд би ******* захирамжийг үндэслэн Б.*******, Ж. нартай газар эзэмшүүлэх эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Иргэн Б.д олгосон газрын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан байна. Гэтэл түүнд газар олгох ******* захирамж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байна. Б.д газар эзэмшүүлэх асуудал ******* захирамжийн төсөлд хэрхэн яаж орсныг би одоо санахгүй байгаад байна. ...Б.*******, Ж., Б. нарт Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлын 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна, 29.2-т Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэснийг зөрчиж нэг иргэнд олгох газрын талбай хэмжээ хэтрүүлж олгосон.
...4502007826 нэгж талбарын дугаартай хувийн хэрэгт Б.Сансарбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг дарга Т.*******т тус сумын 1 дүгээр багийн 7 дугаар бригадын орчим төв зам дагасан байршилд үйлчилгээний зориулалттай 2,2 га газрыг олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу сумын Засаг дарга Т.******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 322 дугаартай захирамжаар иргэн Б.Сансарбаярт 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалттай 20483 метр квадрат буюу 2,4 га газрыг тус сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард талд буюу Хонгор сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 156 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай нэмэлт тодотгол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг захирамж гаргаж олгосон.
Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Ц. миний бие Засаг дарга Т.*******т уг газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа зохион байгуулах ёстой. Хэрэв та дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр энэ хүнд газар олгох гэж байгаа бол дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх ёстой гэдгийг тайлбарлаж хэлэхэд Т.******* төслийг нь боловсруулаад оруулаад ир, захирамжийг нь гаргана гэж хэлсний дагуу би дээрх захирамжийн төслийг боловсруулсан. Хэрэв уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол хуулийн дагуу дуудлага худалдаа зарлах ёстой байдаг. Гэтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас дуудлага худалдаа зохион байгуулах боломжгүй ******* захирамжаар шууд олгогдсон асуудал байгаа юм. Би ******* гаргасан захирамжийг үндэслэж, газар эзэмших гэрээ байгуулж, цахим гэрчилгээ гаргасан.
...4502007825 нэгж талбарын дугаартай хувийн хэрэгт М.Атарсайхан нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг дарга Т.*******т сумын 1 дүгээр баг Ховдын хорооллын наад талд Шарын голын засмал замын хажууд үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газрыг олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу сумын Засаг дарга Т.******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 322 дугаартай захирамжаар иргэн М.Атарсайханд 15 жилийн хугацаатай, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай 20501 метр квадрат буюу 2,5 га газрыг тус сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард талд буюу Хонгор сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 156 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай нэмэлт тодотгол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг захирамж гаргаж М.Атарсайханд олгосон.
... Ц. миний бие Засаг дарга Т.*******т уг газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа зохион байгуулах ёстой. Хэрэв та дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр энэ хүнд газар олгох гэж байгаа бол дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх ёстой гэдгийг тайлбарлаж хэлэхэд Т.******* төслийг нь боловсруулаад оруулаад ир, захирамжийг нь гаргана гэж хэлсний дагуу би дээрх захирамжийн төслийг боловсруулсан. Би ******* гаргасан захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, цахим гэрчилгээ гаргасан байгаа. Газрын тухай хуулийн 29.1-д заасныг зөрчсөн. Би энэ хуулийн заалтыг мөн дээрээс нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байгаа учраас болохгүй, Газрын тухай хууль зөрчиж байгааг тухайн үед Засаг даргад хэлж байсан, Засаг дарга ямар ч гэсэн байгаагаар нь гаргачхаач дээ гэж хэлдэг байсан. Тэгээд энэ захирамжийг гаргасан. ******* захирамжийн төслийн болохгүй, дээрх хууль болон журмын зөрчиж байгаа гэдгийг мэргэжилтний хувьд хэлж сануулсаар байхад намайг төслийг боловсруулж оруулж ир гэж шахалтад оруулсан. Тэгээд би шууд удирдах албадан тушаалтны өгсөн үүргийг биелүүлсэн. ******* захирамж гарсны дараа М.Амарсайхан нь Б.Сансарбаяр, М.Атарсайхан нарын нэр дээр захирамжлагдсан газрын гэрээг байгуулъя гэж ирэхээр нь би ******* захирамж гарсан ч гэсэн гэрээ хийхгүй, гэрчилгээ олгохгүй гэхэд Засаг дарга Т.******* намайг өрөөндөө дуудаж Захирамж гарсан учраас гэрчилгээг нь олго гэж надад үүрэг өгсөн. Тэгээд Б.Сансарбаяр, М.Атарсайхан нарын гэрээг цахимаар хийж гэрчилгээг цахим болгосон.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 7-13 дахь тал),
Гэрч М.Амарсайханы өгсөн: “...Дархан-Уул аймгийн ******* Т.*******тэй хүүхэд байхаасаа нэг сургуульд суралцаж төгссөн. Тэр цагаас хойш таньж мэднэ. Газрын даамал Ц.ыг одоогоос 3 жилийн өмнөөс таньж мэднэ. Т.*******тэй нэг нутгийн найз нөхөд гэж хэлэхэд буруутахгүй, нэгнийгээ сайн мэдэх хүмүүс. ...Би энэ газрыг анх газар эзэмшихийг хүссэн өргөдөл Засаг даргад бичиж өгөөд шийдвэрлүүлсэн. Би дуудлага худалдаанд оролцоогүй, төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй. Иргэнд үнэ төлбөргүй авах эрхийн дагуу дээрх газрыг авсан. Орон нутгийн иргэнд давуу эрх байдаг юм шиг байна лээ тэр эрхээрээ авсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Гэрч М.Атарсайханы өгсөн: “...Т.******* нь Хонгор суманд төрж өссөн, хүүхэд байхаасаа нэгнийгээ таньж мэднэ. Бид нэг сургууль төгссөн хүмүүс. Ер нь Т.*******ийг нэг нутгийн хүүхэд, *******ийн аав Түмэндэмбэрэл нь манай аав Магадсамбуу, ээж Лхагважав нартай Атарын 2 дугаар аянаас 1976 оноос хойш хамт ажиллаж байсан нэгнийгээ мэддэг хүмүүс байгаа юм. ...Би дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй, өргөдөл бичиж энэ газрыг авсан. Би өргөдлөө 2021 онд бичиж газрын даамалд нь өгч байсан. Би энэ 2 хүнд мөнгө төгрөг, хахууль өгсөн зүйл байхгүй. Т.*******тэй уулзаад ах нь олон жил сумандаа амьдарч байна, үйлдвэр үйлчилгээ явуулчихаар хаана ч хамаагүй газар өгөөч гэж гуйсан. Т.*******тэй уулзаж гуйсан нь өргөдөл өгснийхөө дараахан Шарын гол- Дархан сумын зам ашиглалтад орохоос өмнө ажлын өрөөнд нь очиж гуйж байсан юм.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23-25 дахь тал),
Гэрч Б.*******гийн өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шувуутын ам гэх газарт Шарын голын уурхайн амралтын урд талд гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн газрын зориулалтаар 1,1 га газар 15 жилийн хугацаатай эзэмшихээр өөрийн нэр дээр авсан. Би 2017 оны 12 дугаар сард ******* Т.*******т газар эзэмших хүсэлт гаргасан. 2017 оны 12 дугаар сард Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар маань орж батлагдсан байсан. Хонгор сумын ******* 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай захирамжаар Баяннамсрайн ******* миний нэр дээр 1,1 га талбай хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг Хонгор сумын газрын даамал Ц.аас газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан. ...Би дээрх газрыг зуслангийн зориулалтайгаар авах хүсэлтээ Хонгор суманд өгсөн. Хонгор сум миний хүсэлтийн дагуу газар олгох шийдвэр гаргасан.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 114-116, 124-126 дахь тал),
Гэрч Ж.ын өгсөн: “...Монгол Улсын Газрын тухай хуулийг би мэдэхгүй, хариуцсан ажилтан нь мэдэх байх. Би Шарын гол суманд амьдардаг иргэний хувьд би дээрх газарт мод тарих, зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар уг газрыг хүссэн. *******, газрын даамал шийдвэрлэж өгсөн.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 118-119 дахь тал),
Гэрч С.гийн өгсөн: “...Би өргөдөл өгөөд энэ газрыг авсан. Хуульд ингэж заасан байдаг үгүйг ч би мэдэхгүй. Энэ хууль дүрмээ *******, газрын даамал нь мөрдөөд болохгүй гэсэн бол би хуульд заасан хэмжээгээр нь л авах байсан.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 121-122 дахь тал),
Хонгор сумын ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 322 дугаартай захирамж (1-р хавтаст хэргийн 74, 85 дахь тал),
Нэгж талбарын 4502006372, 4502007826, 4502007825 дугаартай хувийн хэргийн хуулбар (1-р хавтаст хэргийн 51-67, 68-79, 80-89 дахь тал),
2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тогтоол, (1-р хавтаст хэргийн 219-250 дахь тал),
2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай нэмэлт тодотгол тогтоолын хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 156 дугаартай нэмэлт тодотгол тогтоол, (2-р хавтаст хэргийн 01-50 дахь тал),
Хонгор сумын ******* 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай захирамжийн хуулбар (2-р хавтаст хэргийн 187 дахь тал),
Т.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...миний хувьд албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Миний хувьд дээрх захирамжаа гаргахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэж ойлгосон, мөн дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт нь зарлагдсан гэж ойлгоод захирамж гаргасан. Тухайн үед ажил ихтэй үе байсан, ер нь 11 дүгээр сарын сүүл гэдэг бол жилийн эцсийн тайлан төлөвлөгөө, мал тооллого гээд сумын ******* тамгын газраас гарах тайлан гээд маш олон ажил хийгддэг. Энэ их ажлын үеэр гарсан захирамж байна. Газрын даамлаас оруулж ирсэн захирамжийн төсөл дээр гарын үсэг зурсан зүйл байгаа. Нэгдүгээрт ажил ихтэй, хоёрдугаарт газрын даамлаас хуулийн дагуу хянагдаад орж ирсэн гэж бодоод гарын үсэг зурсан байдаг, газрын даамал надад хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байна би тухайн үед нь Би хайнга хандсанаас болж гарын үсэг зурж энэ захирамжийг гаргасан гэж үзэж байна. Би тухайн үед ажил ихтэй байсан учраас нягталж шалгаагүй. Би газрын даамлыг буруутай гэж шууд хэлэхгүй, газрын даамал бид хоёр аль аль нь хайнга хандсан гэж үзээд байгаа юм, газрын даамал мэдүүлэгтээ надад сануулсан гэж хэлээд байгаа юм, би тэрийг нь үл ойшоож сайн сонсоогүй, нягталж шалгаагүй, хайнга хандаж дээрх захирамжуудыг гаргасан байна. Иргэн М.Амарсайхан, М.Атарсайхан нар нь Хонгор суманд ажиллаж амьдарч байсан болохоор нэг нутгийн улсууд нэгнийгээ таньж мэднэ. Ямар нэгэн найз нөхдийн харилцаа холбоо байхгүй, нэг сургуульд сурч байсан, нэг гудам шахуу газар өссөн хүмүүс байгаа юм. Б.Сансарбаяр гэж хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 67-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би урьд гаргасан захирамжаа алдаатай гэдгээ хүлээн зөвшөөрч, тус захирамжуудаа хүчингүй болгосон.” гэж мэдүүлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эрхэлж байсан албан тушаал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъектийн шинжийг хангаж байгаа болох нь дараах байдлаар нотлогдож байна.
Монгол Улсын 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж заажээ.
Өөрөөр хэлбэл Авилгын эсрэг НҮБ-ын конвенцод зааснаар төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлж, нийтийн албан тушаалтанд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 4.1.1-д зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* орлогч хамаарна” гэж гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар сумын Засаг дарга нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Дээрхээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Т.******* нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.9-д заасан “ ... бүх шатны Засаг дарга ...”-д хамаарах сумын Засаг даргаар ажиллаж байсан нь тогтоогдож байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “төрийн улс төрийн, ... удирдах ... албан тушаалтан;” буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх субъектийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцохоор хуульчлан тогтоожээ.
2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор тус тус заажээ.
Нийтийн албанд ажиллаж байгаа сонгуульт болон томилолтын албан тушаалтан, төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагдана.
Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар эрхэлж байгаа албан тушаалын бүрэн эрхийнх нь хүрээнд зөвхөн өөрт нь тухайлан олгосон хэмжээнд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр эрх мэдлээ хэтрүүлж, өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.******* нь албаны чиг үүргийн хүрээнд харьяалах Хонгор сумын нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, .... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч бөгөөд тэрээр албаны чиг үүргээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ биелүүлэх үүрэгтэй байх ба түүний албаны бүрэн эрх, үүрэг нь дээрх хууль тогтоомжоор хязгаарлагдана.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-д зааснаар сумын засаг дарга нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар олгох шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх аливаа шийдвэр гаргахдаа Газрын тухай хууль, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг онцлогтой байна.
Тодруулбал: Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 21.4.1-д Сумын засаг дарга нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх; 21.4.2-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, мөн хуулийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 33.1.2 дахь хэсэг “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын шүүгдэгч Т.******* нь харьяалах нутаг дэвсгэртээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх тухай багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр гарсны дараа газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үүрэгтэй болох нь тогтоогдож байх бөгөөд хууль тогтоомжоор өөрт нь тухайлан олгосон дээрх албаны бүрэн эрх, үүргээ санаатай үйлдлээр зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.*******ийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх хугацаанд хамаарч байна.
Иймд УИХ-аас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж оногдуулах ялыг хүндрүүлсэн өөрчлөлтийг дагаж мөрдөж байна.
Хууль хэрэглээний хувьд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан болон хууль хэрэглэх үед дагаж мөрдөж байгаа хоёр хуулийн алийг нь хэрэглэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Тодруулбал, хууль буцаан хэрэглэх эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг журамлана.
Энэ гэмт хэрэг гарах үед буюу 2017 оноос 2021 онуудад дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “...нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.
Ийнхүү хуулийн шинэ өөрчлөлтөөр оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.*******т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.******* нь өөрийн гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 322 дугаартай газар эзэмшүүлэх тухай ******* захирамжийг тус бүр хүчингүй болгож хор уршгийг арилгасан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.*******т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон 4 хоногтой, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Алдаатай, буруу шийдвэр гаргасан гэдэгтээ маргах зүйлгүй. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тухайн эрх зүйн актыг гаргасан нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуулийн үйлчлэх хугацааг заасан. Гэмт хэрэгт тооцох, үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулийг хэрэглэх нь зүйтэй. Тухайн зүйл ангид 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулсан. Тодруулбал тус зүйл ангид оногдуулах торгох ялын төрлийг хассан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял оногдуулах саналтай байна.” гэх тайлбарыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, буюу бусдад учруулсан хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 800.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 4 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний хоригдсон 4 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 60 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хэвийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуун овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 8,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 800,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 60 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцсугай.
7. Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН