| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01188/И |
| Дугаар | 101/ШШ2018/01875 |
| Огноо | 2018-05-29 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2018/01875
| 2018 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2018/01875 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Б гаргасан,
Хариуцагч: П.Х холбогдох,
2,147,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 06 дугаар сард хариуцагч*******тай танил найзаараа дамжуулан уулзаж, түүний дансанд 2,147,000.00 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн юм.
Учир нь, хариуцагч тал надад БНСУ руу явуулахтай холбоотой бүхий л ажлыг зохицуулж өгнө, элчин сайдын яаманд өөрийнхөн эгч ажилладаг тул визийг асуудалгүй гаргаж, гэрээт ажилтнаар явуулах бүрэн боломжтой гэж хэлсэн.
Ингээд намайг мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 9 сарын хугацаа өнгөрсөн хэдий ч БНСУ-д зорчих виз гараагүй, хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр над руу утсаар ярьж, виз чинь бэлэн болсон, хураамжийн үнэ 147,000.00 төгрөгийг шилжүүл гэхэд би түүний ******* дах ******* тоот дансанд дээрх төлбөрийг шилжүүлсэн.
Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд виз гараагүй бөгөөд түүнд өгсөн мөнгөө буцаан авах гэхээр ******* гэж хүнд дамжуулан өгсөн, тэр хүн олон хүнийг залилан мэхэлсэн гэх зэргээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.
Би, ******* гэж хүнийг танихгүй, хариуцагч******* надад хэлэхдээ элчин сайдын яаманд эгч нь ажилладаг гэснийг тэр хүн юм байна гэж бодсон. Одоо надад өгсөн мөнгөө буцаан авах шаардлага гарсан тул хариуцагчаас 2,147,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэдийгээр хариуцагч******* нь ******* дах өөрийнхөө ******* тоот дансанд нэхэмжлэгчээс 2,147,000.00 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг мөнгийг ******* гэгч этгээд авч ашигласан. Нэхэмжлэгч тал энэ тухай мэдэж байсан бөгөөд шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбарт дурьдсанаар тэрээр өмнө нь БНСУ руу зорчихдоо тус улсад хууль бусаар үлдсэн байх тул үүнээс шалтгаалан түүний виз нь гараагүй байж болно.
Түүнчлэн *******д холбогдуулан олон хүний гомдлоор цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн хэрэгт гомдол гаргаж, энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой юм.
Хариуцагч*******гийн хувьд 2,147,000.00 төгрөгийг хувьдаа авч ашиглаагүй байж нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх нь шударга бус, нэхэмжлэгч тал анхнаасаа энэ бүхнийг мэдэж байсан атлаа шүүх хуралдаан дээр өөр зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******гийн гаргасан хариуцагч*******д холбогдох 2,147,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******гийн ******* дах ******* тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 147,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба зохигчид нийт 2,147,000.00 төгрөгийг БНСУ-д зорчиход шаардагдах виз /гадаад улсад нэвтрэх тусгай зөвшөөрөл/-ийг хүсэхэд гарах зардал болон зуучлалын төлбөр эсэх талаар маргаагүй /х.х-ийн 4, 5, 6-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар нэхэмжлэгч ******* нь энэхүү 2,147,000.00 төгрөгийг визний төлбөр болон визийг олгохтой холбоотой үйл ажиллагааны хөлс гэж тайлбарласан бол хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс *******д өгсөн төлбөр учраас хариуцах ёсгүй гэж маргаж байна.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй гэж, мөн 6 дугаар зүйлийн 6.1.-д Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцна гэж тус тус заасан.
Тодруулбал, аливаа улсын иргэн бусад улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийг тухайн улсын харъяа эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу авах асуудлыг гадаадад зорчих, цагаачлах хүсэлтэй иргэн хүлээх ба хариуцагч******* нь дээр дурьдсан визийг гаргах зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээд биш юм.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар талуудын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдсанаар тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүсэх боловч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь, хэдийгээр талууд нэхэмжлэгч *******г БНСУ-д зорчиход шаардагдах тус улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийг авахад зуучилсан гэх боловч хүсэлт гаргагч болон зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд нарыг холбосон эсэх талаарх үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зохигчид тус гэрээний гол нөхцөл болох хэлцэл хийх хүсэл зоригтой этгээдийг хооронд нь холбосон болон үүний төлөө авах хөлс хэд болох талаар тохиролцсон гэж үзэх нотлох баримт байхгүй байгаагаас гадна БНСУ-ын улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийг авахад ийнхүү зуучлах харилцааг зөвшөөрдөг эсэх нь тодорхойгүй байна.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч *******д 2,147,000.00 төгрөгийг хариуцагч*******гаас гэрээний дагуу шаардах эрх байхгүй юм.
Гэвч нэхэмжлэгч *******гийн шилжүүлсэн 2,147,000.00 төгрөгийг хариуцагч******* хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэгч тал тухайн төлбөрийг хариуцагчаас буцаан нэхэмжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.-д иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.
Тодруулбал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгийг шилжүүлсэн эрх бүхий этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч*******гийн хувьд маргааны зүйл болсон 2,147,000.00 төгрөгийг өөртөө үлдээх хууль зүйн үндэслэл алга байна.
Иймд, нэгэнт талуудын хооронд тодорхой төрлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч тал дээрх төлбөрийг буцаан өгөх аливаа үүрэг хүлээгээгүй гэдгээ баримтаар нотлоогүй, тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч тал шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах нь зүйтэй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* гэж хүнийг энэхүү мөнгийг хүлээн авсан, тэрээр захиран зарцуулсан гэж тайлбарласан байгаа ч нэхэмжлэгч ******* нь 2,147,000.00 төгрөгийг *******д шилжүүлээгүй, харин хариуцагч*******д хүлээлгэн өгсөн, тус мөнгийг шилжүүлэхтэй холбоотой харилцаа нь *******, ******* нарын хооронд бий болоогүй байх тул энэхүү тайлбар үндэслэлгүй байна.
Шүүхээс ийнхүү дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг үндэслэн хариуцагч П.Хаас 2,147,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,302.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,302.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР