| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01552/И |
| Дугаар | 101/ШШ2018/01904 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2018/01904
| 2018 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2018/01904 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Г гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******т холбогдох,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн ******* нь 2014 оны 06 дугаар сард хотын төвд байршилтай сайтай газар орон сууц яаралтай зарна гэсэн зарын дагуу 99116535 тоот утсаар холбогдож, ,,, тоот хаягт байрлах 69.12 м,кв талбайтай орон сууцыг иргэн ээс 230,000,000.00 төгрөгөөр худалдан авч, 4 жил гаруй хугацаанд амьдарч байна.
Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч , Кэй энд нарын төлөх ёстой үлдэгдэл төлбөр 43,574,243.00 төгрөгийн төлбөрт дээрх орон сууцыг тооцож, төлбөр авагч -ийн өмчлөлд шилжүүлсэн тул 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор яаралтай чөлөөлж өгөх тухай мэдэгдэл ирсэн.
Бид, учир байдлыг тодруулахаар тэй уулзахаар явах хооронд хариуцагч тал энэхүү албан шаардлагыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгч, шүүхийн захирамж болон Монгол Улсын хуулийг зөрчиж байна.
Учир нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04902 тоот захирамж болон гүйцэтгэх хуудас олгосон захирамжид тус тус дурьдахдаа төлбөр төлөгч , Кэй энд нараас 89,147,243.00 төгрөгийг гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг*******т зөвшөөрсөн байхад хариуцагч тал эдгээр захирамжид тусгаагүй ажиллагааг явуулж, бүрэн эрхээ хэтрүүлж байна.
Хэрэгт нэхэмжлэгчийг энэхүү орон сууцыг шударгаар өмчилж байгаа гэдгийг нотолсон төлбөр төлсөн болон аливаа маргаан байхгүй тухай баримтууд байгаа бөгөөд худалдагчийн зүгээс тухайн орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлэхийг зөвшөөрсөн байсан.
Гэтэл хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4.-д зааснаар бүрэн эрхээ хэтрүүлж, гүйцэтгэх хуудаст дурьдаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хохироож байна. Тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-д заасны дагуу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар шүүхэд гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандах шаардлагагүй, *******аас төлбөр төлөгч нарын төлбөрийг төлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой гэсээр байхад хууль бус ажиллагааг явуулсан хэвээр байна.
Иймд, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3579 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/4082 тоот албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04902 тоот захирамжид хариуцагч буюу төлбөр төлөгч Кэй энд , нарыг 89,174,243.00 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрсэн болохыг дурьдаж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3129 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг*******т даалгасан.
Бид, эдгээр захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн бөгөөд төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө болох ,,, тоот хаягт байрлах 69.12 м,кв талбайтай орон сууцыг төлбөрт тооцож авсан.
Гэвч энэхүү орон сууцанд нэхэмжлэгч ******* амьдарч байгаа учраас төлбөр авагч -иас манай байгууллагад чөлөөлж өгөхийг хүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас харъяа байгууллагад хүргүүлсэн албан тоотод дурьдсанаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхдээ тухайн хөрөнгө дэх эд хөрөнгө болон бусад этгээдийг албадан гаргах ёстой гэсэн байсан.
Манай байгууллага, нэхэмжлэгч -ийн гаргасан хариуцагч Кэй энд , нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн захирамж, шийдвэр гүйцэтгэх хуудсын хүрээнд үйл ажиллагаа явуулсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд, энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******аас хариуцагч*******т холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3579 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/4082 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2018/06655 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2.-т заасныг үндэслэн ,,, тоот хаягт байрлах орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ /х.х-ийн 40, 41, 42-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-д Энэ хуулийн 44.3, 63.4.-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заажээ. Тодруулбал, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч, төлбөр төлөгчийн нэгэн адил иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргахгүйгээр шууд харъяа шүүхэд гаргах боломжтой юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ,,, тоот хаягт байрлах 69.12 м,кв талбайтай орон сууцыг /төлбөр төлөгч/ өмчилдөг байсан бөгөөд тэрээр энэхүү орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу түүний өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж байжээ /х.х-ийн 35-р хуудас/.
Хэдийгээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал дээр дурьдсан худалдах, худалдан авах гэрээгээр маргааны зүйл болох орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн аваагүй боловч тэрээр тус орон сууцыг худалдан авахаар тохирсон ашиг сонирхол бүхий гуравдагч этгээд мөн байна /х.х-ийн 32-р хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2.-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...................................................... гаргана гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн харъяа шүүхэд гаргах бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч -ийн гаргасан хариуцагч Кэй энд , нарт холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн байна /х.х-ийн 51-53-р хуудас/.
Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхтэй юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч -ийн гаргасан хариуцагч Кэй энд , нарт холбогдох 89,174,243.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан ба улмаар 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04902 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04902 тоот захирамжид хариуцагч нар 89,174,243.00 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар дурьдсан ба төлбөр авагчийн хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 101/ШЗ2016/27977 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргаж, 3129 тоот дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ /х.х-ийн 49, 50-53-р хуудас/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар төлбөр авагч болон төлбөр төлөгч Кэй энд , нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч -ийн нэр дээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна /х.х-ийн 111-р хуудас/.
Энэ талаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн төлбөр төлөгч ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн, Кэй энд -ийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт болон төлбөр авагч -ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн барьцаа хөрөнгийг төлбөрт тооцож авах тухай хүсэлтэд тодорхой дурьдсан байгаагаас гадна хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/30500 тоот албан бичигт тусгагдсан байна /х.х-ийн 106-110-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажилагааны талууд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04902 тоот захирамжид заасан 89,174,243.00 төгрөгийг мөнгөөр бус харин барьцаа хөрөнгийг уг төлбөрт тооцож, төлбөр авагчид шилжүүлэн өгсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16.-д Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ гэж заасны дагуу бус харилцан тохиролцож, нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болжээ.
Гэвч Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж, мөн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж, түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно гэж тус тус заасан ба зохигчид энэ талаар маргаагүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар төлбөр авагч -ийн шаардлага хангагдаж, түүнд барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжсэний дараагаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3579 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/4082 тоот албан бичгээр тус орон сууцыг чөлөөлөх шаардлагыг нэхэмжлэгч д мэдэгджээ /х.х-ийн 33, 34-р хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасан.
Тодруулбал, төлбөр төлөгчөөс гүйцэтгэх хуудаст заасан төлбөрийг бүрэн гаргуулахтай холбоотой ажиллагааг ямар нэгэн саадгүй явуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгчээс хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд тусгайлан зохицуулсан бөгөөд хуулийн 44.2.16.-д худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх эрх хэмжээг шийдвэр гүйцэтгэгчид олгосон байна.
Өөрөөр хэлбэл, тус хуульд зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулсан боловч бусдад худалдагдаагүй тохиолдолд тухайн хөрөнгийг төлбөрт тооцож, төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор албадан чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэх бөгөөд энэ нь төлбөр авагчийн шаардлага хангагдахаас өмнө явагдах үйл ажиллагаа юм.
Хэдийгээр хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ,,, тоот хаягт байрлах орон сууцыг талуудын хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.9.-д Төлбөр авагчид санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч, бусад этгээд чөлөөлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан чөлөөлнө гэж заасны дагуу гагцхүү төлбөр авагчид санал болгож, түүний өмчлөлдөө шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрсөн хөрөнгийг түүнд ямар нэгэн саадгүй хүлээлгэн өгөхөд ийнхүү албадан чөлөөлөх ажиллагааг явуулна.
Гэтэл төлбөр авагч болон төлөгч нар харилцан тохиролцож, шүүхийн захирамжид заасан төлбөрийг барьцаа хөрөнгийг төлбөрт тооцож, дуусгавар болгосон байхад тухайн орон сууцанд амьдарч буй этгээдийг албадан гаргах ажиллагааг хожим явуулсан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний зорилгод нийцэхгүй байна. Угтаа, албадан чөлөөлөх ажиллагаа нь төлбөр авагчийн авлага бүрэн төлөгдөөгүй, үүнийг төлөх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулж байх хугацаанд хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх нэгэн төрлийн ажиллагаа бөгөөд төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг төлж, төлбөрийг биелүүлсэний дараа явагдах ажиллагаа биш юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар тэрээр маргааны зүйл болох орон сууцанд төлбөр авагч -ийн өмчлөлд шилжихээс өмнө 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн буюу төлбөр төлөгч ийн өмчлөлд байх үед амьдарч байсан боловч төлбөр авагч тал шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад төлбөр төлөгчтэй тохиролцож, орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул тухайн орон сууцтай холбоотой өмлөгчийн эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзэх бөгөөд нэгэнт төлбөр авагчийн авлага хаагдсан байхад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ явагдахгүй, хуулиар олгогдсон орон сууцнаас албадан чөлөөлөх эрх дуусгавар болсон байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-д заасныг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3579 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/4082 тоотод дурьдсан албадан чөлөөлөх тухай ажиллагааг явуулах тухай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР