Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/197

 

  Б.А, Б.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай       

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын өмгөөлөгч Б.Баян-Очир, Д.Туяа,

цагаатгагдсан этгээд Б.Х, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

цагаатгагдсан этгээд Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/742 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Д.Туяа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.А, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 2016 2501 2681 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн Б-ийн А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Д овгийн Б-ын Ө, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Б.А, Б.Ө нар нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор Б.Б-тай бүлэглэн А.Ц-ыг Б.Б-д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу унадаг дугуйны төлбөрийн асуудлаас болж алахаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.А, Б.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-ы Ө, Б-ийн А нарыг цагаатгаж, Б.Ө, Б.А нар нь тус бүр 654 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг дугуйг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, нууцын дардас бүхий дугтуйтай баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Д.Туяа нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримтыг тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтад бүхэлд нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.Б, Б.Ө, Б.А нар өөр хоорондоо дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хохирогчтой ярилцъя гэж тохиролцсон, ярилцсан зүйл байхгүй, ийм яриа болоогүй, түүнийг нотлох ямар нэгэн үйл баримт байхгүй. Мөрдөн байцаалтад Б.Ө “Дугуйны мөнгө өгөх хугацааг 7 хоног хойшлуулаач гэж гуйх байсан, манай ажлын цалин 7 хоногийн дараа буух байсан юм. Тэрийг хэлье гэж бодсон”, мөн Б.А-ын “Б.Ө бид хоёрын санаа бол дугуйны мөнгө өгөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйна гэж бодож байсан” гэсэн мэдүүлгүүдийг Маршалын гүүрний доор очиж хохирогчтой уулзах гэсэн зорилго гэж дүгнэсэн. Тухайн үед Б.Б, Б.Ө, Б.А нарт хохирогчид дугуйны төлбөрт өгөх мөнгө байгаагүй атлаа хохирогчийг хуурч мэхлэн “Ах голын эрэг дээр ирчихсэн амарч байна. Одоо дугуйны мөнгийг чинь өгье гэнээ, хурдан гарч ирээд авчих” гэх зэргээр бодит байдлаас огт өөр зүйлийг зохион, мөнгөгүй хэрнээ худал зурвас бичин түүнийг гэрээс нь оройн цагаар, хүний хөлөөс зайдуу, далд орчинд дуудсан. Мөн тухайн үед хохирогч нь орой гарч очихгүй тухай бичихэд Б.Б “Ахад би тэгэж хэлбэл бүр уурлаад мөнгө өгөхгүй, мөнгөтэй байгаа дээр нь авчих л даа, удахгүй явах гээд байна тэгэх үү, би ахыг гуйж байгаа болохоор хэцүү байна, чи тэгвэл ирэхгүй гэсэн үг үү, мөнгө чинь байгаа юм чинь маргааш өдөр гэрэлтэйд уулзах уу, маргааш би хамаатны нэг ахаасаа мөнгө авахаар болчихлоо, хоёулаа ганц өдөр дугуй унах уу” гээд, хамгийн сүүлд шөнийн 00:02 цагт “за за, сая ах ийм орой явуулахгүй гээд байсан юм, намайг уучлаарай” гэсэн зурвасуудыг Б.Б-ын 88...  дугаарын гар утаснаас тасралтгүй 4 цагийн турш илгээсэн байгаа нь хохирогч А.Ц-ийн 99... дугаарын гар утсанд хадгалагдаж үлдсэнийг үзлэг хийж, хэрэгт хавсаргасан. Эдгээр нотлох баримтуудаас Б.Б, Б.Ө, Б.А нар нь хамтран оролцогчдоо сонгож буюу гурвуулаа нэг нэгнээ дэмжин, гэмт хэрэг үйлдэх газар, орон зайг сонгон, бусармаг санаа агуулан, худал хэлэн түүнийг дуудсан болох нь харагдаж байхад шүүх “Б.Б, Б.Ө, Б.А нарыг тухайн өдөр А.Ц-тэй уулзаж, дугуйн үнэ төлөхийг хойшлуулахаар очсон” гэж илт үндэслэлгүй дүгнэжээ. Дээрх олон зурвас илгээсний алинд ч ийм санаа агуулагдаагүй байгааг анхааралгүй орхисон байна. А.Ц-ийг ирүүлэхийн тулд “дугуйны мөнгийг чинь өгье, ав” гэж худал зурвас бичсэн ба тухайн үед тэдэнд төлөх мөнгө байгаагүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа “мөнгө төлөхийг хойшлуулах гэж очсон” гэдэг шүүгдэгч нарын үйлдэлтэй нь зөрчилдсөн, бусад хөндлөнгийн нотлох баримтаар батлагдаагүй шүүгдэгч нарын мэдүүлгийг цагаатгах шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Нөгөөтэйгүүр, Б.Ө, Б.А нар дугуйг аваад зугтах талаар Б.Б-тай тохиролцсон нь тогтоогдож байхад “дугуйны мөнгө төлөх хугацааг хойшлуулах гэсэн” гэдэг зөрчилтэй дүгнэлт хийсэн. Шүүхийн энэхүү шийдвэр нь гэмт этгээдүүдийн Маршалын гүүрэн доор 4 цагийн турш хохирогч руу “мөнгөө ирж ав” гэж худал зурвас бичин дуудаж, ирэхэд нь зодолдож, дугуйг нь авч зугтаах, хохирогчийн амь биед нь халдах гэмт халдлага үйлдэх гэсэн зорилгыг саармагжуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож буй бодит нөхцөл байдлыг үгүйсгэж, зүгээр л нэг очсон мэт харагдуулж байна. Иймд шүүхийн дээрх дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хохирогч А.Ц ирсэн бол тэдний зохион байгуулсан гэмт халдлагад өртөж, амь насаа алдах бодит нөхцөл бүрдсэн байсан. Б.Б, Б.Ө, Б.А нар бүлэглэн хохирогчид өгөх ёстой дугуйны мөнгөө өгөх хугацааг хойшлуулах зорилгоор дуудсан бол түүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөө яагаад түүний амь насыг санаатайгаар хохироох болсон, өглөө 07:25 цагт дээрх 3 этгээд уулзахаар тохирч, бие биеэ хүлээж байсан нь тэдний хоорондоо харьцсан гар утасны зурвасаар тогтоогддог. Энэ нөхцөл байдлууд нь хүнийг алах гэмт хэрэгт бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Шүүх хэт нэг талыг барьж, хохирогчийг дуудан ирүүлж зориуд гэмт халдлага зохион байгуулж, амь насанд нь халдах гэсэн чухал ач холбогдол бүхий бодит байдлыг орхигдуулж, Б.Ө, Б.А нарын “Ц-ийг ирэхээр Б.Б-ын авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хэлнэ гэж бодож байсан” гэсэн мэдүүлгийг илүү ач холбогдолтойд тооцон үнэлж, шүүгдэгч нарыг цагаатгахдаа хэрэгт авагдсан тэдгээрийн гэм бурууг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд дурдаагүй. Иймд Б.Ө, Б.А нарыг амь хохирогч А.Ц-ийг алахаар бэлтгэсэн үйлдэлд гэм буруутай гэж үзэж байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын өмгөөлөгч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд дурдсан зүйлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх бодит байдлыг орхигдуулж “унадаг дугуйны мөнгийг төлөх хугацааг хойшлуулах талаар хэлнэ гэж бодож байсан” гэх мэдүүлгийг бусад нотлох баримтаас илүү ач холбогдолтой гэж үзэн үнэлсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтууд өөр хоорондоо зөрчилтэй байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын өмгөөлөгч Б.Баян-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аливаа үйлдэл, үйл ажиллагаа эхлэл, өрнөл, төгсгөл гэх хэсэгтэй байдаг. 2013 оны 8 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрүүдэд болсон үйл ажиллагаа яг л төлөвлөгөөний дагуу болсон үйл ажиллагаа байдаг. 2013 оны 8 дугаар сарын 06-ны орой Маршалын гүүрний доор А, Ө, Б нар амь хохирогчийг дуудаж гаргаж ирүүлэх гэсэн үйлдэл нь энэ гэмт хэрэг эхлэх үе шат байсан гэж үзэж байна. Энэ нь ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдсон байдаг. Гэтэл шүүгдэгч нарын өөрсдийгөө өмгөөлж, худал мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Амь хохирогч Ц-ийн бусдад алуулсан гэмт хэргийг 2013 оны 8 дугаар сарын 06-ны оройн Ө, А, Б нарын зүгээс гаргасан үйлдлээс салгаж дүгнэх үндэслэл байхгүй. Хоорондоо учир зүйн холбоо байгаа гэдгийг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нар яагаад худлаа мэдүүлэг өгдөг вэ гэдэг нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээс харагддаг. Гурвуулаа хамт тухайн газар очсон. 2013 оны 8 дугаар сарын 06-ны оройн үйлдэл маргааш нь үргэлжлээд байгаа байдал нь хоорондоо бичсэн зурвасуудаар нотлогддог. Гүйцэтгэх ажлын журмаар хэрэгт авагдсан баримтуудыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хэрэгт ач холбогдол бүхий үг, өгүүлбэр авагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоогоос 7 жилийн өмнө А, Ө нарыг хүн алахыг гүйцэтгэсэн, бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Өмнө нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд цагаатгагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас үйл баримттай хамааралтай бүхий л нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тал бүрээс нь бодитой шалгаагүй гэдэг боловч бүхий л ажиллагааг хийсэн гэж үзэж байна. 4 жилийн өмнө хэрэг гарсан гэх газарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Гэршихбөртэ, миний бие, прокурор, мөрдөгч нар оролцоод үзлэг хийхэд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэх нотлох баримт тогтоогдоогүй байдаг. Үүнийг анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон. Шүүгдэгч нарыг худал мэдүүлэг өгсөн гэсэн нь өмгөөлөгч Б.Баян-Очирын өөрийнх нь дүгнэлт байх. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд алахаар бэлтгэсэн гэх үйл баримт хангалттай нотлогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн гэм буруутай болох нь тогтоогдохгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.А-ын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүх талаас нь бүрэн бодитой дүгнэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. Ийм анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул прокуророос эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг асуудлуудыг шалгаж тодруулахаар шат шатны шүүхээс урьд нь хэргийг удаа дараа буцааж байсан ба 7 жилийн хугацаанд явагдсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр хэрэгт хамааралтай байж болох бүхий л нөхцөл байдлуудыг шалгаж, тодруулсан байна.

 

Прокуророос Б.А, Б.Ө нарыг “Б.Б-тай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор А.Ц-ийг Б.Б-д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор унадаг дугуйны төлбөрийн асуудлаас болж алахаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, гэрч А.Д, гэрч Б.Д, гэрч Б.Ц, яллагдагч Б.Б нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгон ашиглажээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, завдсан, бэлтгэсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүх “...хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.А, Б.Ө нар нь Б.Б-тай бүлэглэж, Б.Б-д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор А.Ц-ийг алахаар бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцсон, бусдын амь насыг хохироохоор хэн, хэрхэн яаж оролцох талаар үүргээ хуваарилсан, урьдаас заазуур бэлтгэсэн гэх нөхцөл байдал болон Б.А, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, сэдэлт нь нотлон тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, Б.А, Б.Ө нарт холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

 

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир, Д.Туяа нар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...Шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.Б, Б.Ө, Б.А нар өөр хоорондоо дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хохирогчтой ярилцъя гэж тохиролцсон, ярилцсан зүйл байхгүй, ийм яриа болоогүй, түүнийг нотлох ямар нэгэн үйл баримт байхгүй. Харин нэг нэгнээ дэмжин, гэмт хэрэг үйлдэх газар, орон зайг сонгон, бусармаг санаа агуулан, худал хэлэн түүнийг дуудсан, улмаар зодолдож, дугуйг нь авч зугтаах, хохирогчийн амь биед нь халдах гэмт халдлага үйлдэх гэсэн зорилгыг саармагжуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож буй бодит нөхцөл байдлыг үгүйсгэж, зүгээр л нэг очсон мэт харагдуулж байна...” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болох яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...ажлаа тараад бид гурав 19 цаг өнгөрөөгөөд унадаг дугуйгаар Бага тэнгэрийн ам руу явсан. Очоод Маршалын гүүрний хажуу талд зам дээр зогсож байгаад Ц рүү “Би ирчихлээ, гараад ир” гэсэн зурвас явуулсан чинь Ц нь намайг “Өөрөө хүрээд ир” гэсэн ба би Ц-ийн гэр рүү яваад очиход хоёр найзаараа дээрэмдүүлж байгаа юм шиг жүжиглүүлж чадахгүй байх гэж бодоод гэрээс нь өөр газар хүрээд ир гээд Ц-ийг дуудсан. Би мөн Ц рүү “Ахтайгаа цуг байна, чи хурдан ирээд мөнгөө авчих” гэсэн зурвас явуулсан чинь Ц нь  “Би ийм орой болчихсон байхад гарч чадахгүй” гээд гэрээсээ гарч ирээгүй юм. Тэгээд л бид гурав Ц-ийг гарч ирэхгүй болохоор нь унадаг дугуйтайгаа буцаад явсан юм. Би Ц-тэй уулзаж байхдаа танихгүй хоёр хүнд Ц-өөс худалдаж авсан унадаг дугуйгаа дээрэмдүүлж байгаа юм шиг жүжиглэе гэж бодоод л хоёр найз болох А, Ө хоёрыг дагуулж очсон юм. ...” /6 хх 244-245/,

 

цагаатгагдсан этгээд Б.А-ын: “...Б “Ц цагдаад өгнө гээд байна” гэхээр нь “Мөнгөө өгөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйгаач” гэж хэлэхэд “Тэгвэл та хоёр хамт яваад уулзаад өгөөч, цалингаа буухаар өгье гээд хэлье” гэсэн. Дээрээс нь Б “Би Ц-тэй Маршалын гүүрний тэнд уулзъя, бид хоёрыг уулзаж байхад та хоёр ирээд миний унадаг дугуйг дээрэмдэж аваад, зугтаагаад жүжиглээд өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ө бид хоёр “Наад санаа чинь бүтэхгүй ээ, нөгөө хүүхэд нь хариу үйлдэл үзүүлбэл яах юм бэ” гэсэн. Тэгээд ямар ч байсан хамт явъя гэж ярилцаад оройн 19 цагийн үед ажлаа тараад гурвуулаа унадаг дугуйтайгаа хорооллын эцсээс гараад гүүрэн доогуур гараад 20 цагийн үед Маршалын гүүрний тэнд очсон. ...Ө бид хоёрыг Б “Ханиндаа хамт яваад ирье” гэхээр нь хамт явсан. ...” /7 хх 115, 118/,

 

цагаатгагдсан этгээд Б.Ө-ын: “...Б нь А бид хоёрт “Ц дугуйныхаа мөнгийг нэхээд байна. Цагдаад өгнө гээд байна” гэж байсан. Тэгээд “Хамт очоод дугуйны мөнгө өгөх хугацааг хойшлуулахыг гуйгаад өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд орой нь ажил тараад 19 цагийн үед ажлаасаа гараад гурвуулаа дугуйтай яваад Маршалын гүүрэн дээр очсон. Тэгээд Б нь нөгөө хүүхэд рүүгээ өөрийнхөө гар утсаар зурвас бичээд залгаад байсан. Учир нь, Ц гэх хүүхдийг тэнд дуудаад байсан чинь нөгөө хүүхэд нь ирээгүй юм. ...” /7 хх 126/,

 

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36-52, 95-96/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар Б.Б, Б.А, Б.Ө нар нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний орчим А.Ц-тэй уулзахаар очсон боловч тэрээр гэрээсээ гарч ирээгүй тул тухайн газраас явсан үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

 

Эдгээр мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд харилцан уялдаатай байх ба өөр хоорондоо зөрчилдөөгүй тул үнэлэх боломжтой байна.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, яллах үндэслэл болгосон эдгээр нотлох баримтууд нь Б.А, Б.Ө нарыг бусдыг алахад бэлтгэсэн гэх үйл баримтыг хөдөлшгүй тогтоож чадахгүй, харин Б.Б нь А.Ц-ийг алсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд байх бөгөөд урьд нь дээрх нотлох баримтуудаар шүүх Б.Б нь А.Ц-ийг алсан үйл баримтыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон байна.

 

Б.Б, Б.А, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 201301022326 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай тогтоолоор хянаж шүүгдэгч Б.Батнямд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хүрэлцээгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Нотлох баримтын цогц байдал нь бүрэн дүүрэн шинжтэй, өөрөөр хэлбэл, тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг шаардлагатай бүх ажиллагаа явуулан шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсны үр дүнд түүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны зарчим хэрэгжих учиртай.

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, цагаатгагдсан этгээд Б.А, Б.Ө нар нь Б.Б-тай бүлэглэн, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогчийг алахаар бэлтгэсэн гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь тэднийг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэх байдлыг хангалттай нотолж чадаагүй байна.

 

Тухайлбал прокуророос Б.Ө, Б.А нарыг яллахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 5 ширхэг баримтыг яллах дүгнэлтэд дурдсан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд болох:

 

гэрч А.Д-ийн “...ах Ц орондоо босоогүй байж байхад ах руу Нямка гэх найз нь залгахад ах “Ирсэн үү, за яваад очъё” гэж хэлээд босч “Мөнгө ирчихлээ яваад ирье” гээд дугуйгаа унаад явсан. Ах утсаа гэртээ орхисон байсан ба хэн ч залгаагүй. ...” /1 хх  137/,

 

гэрч Б.Д-ийн “...2013 оны 8 дугаар сарын 07-ны 12:00-13:00 цагийн хооронд Бага тэнгэрийн ам гэх газрын ертөнцийн зүгээр бага тэнгэр талаас баруун дээр уулын овоо хэсэг, миний талаас буюу уг уулын чанх харалдаа ард зам дээр ажиллаж байхад зүүн урд хэсэг дээр овооны ойролцоо хоёр том хүний нэг нь нэгийгээ хөөгөөд араас нь юм шидчих шиг болоод нөгөө урд явсан нь эргэж тусаад унах шиг харагдсан. Тэгээд юм шидсэн залуу унасан хүн дээр гүйж очоод удалгүй хажуунаас нь холдоод овооны баруун урд харагдах хар шороон зам дээрээс унадаг дугуй босгоод цаашаа түрээд хэсэг модтой газар чиглээд явсан. ...Тэр хоёр хүнээс өөр хүн, машин байгаагүй. ...” /1 хх 147/,

 

гэрч Б.Ц-ийн “...12:30-13:00 цагийн үед манай компанийн ажилчид Бага тэнгэрийн амны урд талд Бөөгийн модны хажууд ажлаа хийж байхад Бага тэнгэрийн амны Сод Монголын хашааны баруун талын хэсгээс дээгүүрээ цагаан өнгийн футболктой, доогуураа бараан өнгийн өмдтэй, 18-19 настай эрэгтэй хүүхэд 1 бараан өнгийн спорт загварын унадаг дугуй уначихсан, бас нэг өөр бараан өнгийн спорт загварын унадаг дугуйг зүүн талдаа барьчихсан явсан. ...Энэ хүн тэр үед ганцаараа дугуйгаа унаж явсан ба бидний хажуугаар гараад явах үед машинтай, явган, дугуйтай ямар нэгэн хүн яваагүй. Тэр залууг явах үед хөл хөдөлгөөн бага байсан. Тэр хүүхэд хүмүүстэй хамт яваагүй...” /1 хх 166-167/,

 

яллагдагч Б.Б-ын: “...ажлаасаа 19 цаг өнгөрөөгөөд Ө, А нарын хамт дугуйтай гараад Маршалын гүүрний орчимд 20 цагийн үед очсон. А, Ө хоёртой би ярилцаж нэг зүйл тохирсон. Намайг Ц-тэй уулзаад байж байхад А, Ө хоёр хүрч ирээд намайг зодож дугуйг дээрэмдэн явахаар тохирсон. Ц-ийг бол зугтаагаад явчих байх гэж бодсон. Тэгээд Ц рүү “Маршалын гүүрний орчимд уулзъя” гэж зурвас бичсэн. Би зурвас бичихдээ “Мөнгийг чинь өгнө. Ахтайгаа байна” гэж бичсэн юм. Тэгээд гарахгүй гээд байхаар нь “Маргааш орой уулзъя” гэсэн чинь “Орой уулзахгүй, өглөө уулзъя. Маргааш 12 цагаас өмнө ирэхгүй бол цагдаад мэдэгдэнэ” гээд байсан. Тэгэхээр нь А, Ө хоёрын хамт гэр рүүгээ дугуйгаар явж харьцгаасан. ...” /2 хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1323/6273 дугаартай дүгнэлт /12 хх 43-54/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Б нь амь хохирогч А.Ц-ийг шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэрэгт хамааралтай байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үндэслэл болгон Б.А, Б.Ө нарыг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засаж тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ.” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар цагаатгагдсан этгээд Б.А, Б.Ө нарын үйлдэлд амь хохирогч А.Ц-ийг санаатайгаар алах талаар Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцсон, маргааш нь буюу 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бусдыг алах гэмт хэргийг үйлдэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна тус хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

 

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.

 

Өөрөөр хэлбэл, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэйгээс гадна тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй. Аливаа хэргийн оролцогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг тул шүүх хэргийн бусад нотлох баримтыг бүхэлд нь хамруулж үнэлэхгүйгээр зөвхөн нэг талын гаргасан баримт, эсхүл гаргалгаанд эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох, таамаглалд үндэслэх нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн, төвийг сахих байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон тул Б.А, Б.Ө нарыг Б.Б-ын үйлдсэн гэмт хэргээс өөр гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

 

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.А, Б.Ө нар нь бусдыг алахаар бэлтгэсэн гэмт хэрэг хангалттай нотлогдоогүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.Туяа, Б.Баян-Очир нарын хамтарч гаргасан “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Б.Ө нарыг гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/742 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/742 дугаартай дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Д.Туяа  нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ