Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 249

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            Шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн,

Шүүгдэгч Д.Пүрэвжав, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0640 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5а байр, 72 тоотод оршин суух хаягтай гэх боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 54б-61 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Батбаярын Батболд, РД:ЧВ82111171,  

            Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-2, нөхрийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1091 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 54б-61 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Дагвасамбуугийн Пүрэвжав, РД:РЭ83062365,  

 

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрханы 54б-61 тоотод шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж хохирогч Д.Оюунцэцэгт хүч хэрэглэн зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:           

 

           Шүүх  тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

           - хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-11/,

            - хохирогч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Батболд, Пүрэвжав нартай тааралдсан...тэгээд 0.5 литрийн 1 шил архи Энхтуяа эгч, Батболд, Пүрэвжав бид 4 орцонд орж уусан...Энхтуяа эгч гэртээ харих гээд явсан...бид 3 Батболдын гэрт очсон. Батболд 0.75 литрийн архи, тамхи авчирсан...би усанд орчихоод гараад ирсэн чинь Пүрэвжав, Батболд нар архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байдалтай их согтсон байсан...Пүрэвжавыг согтсон байхаар нь орон дээр унтуулаад би өөрөө бас орон дээр хэвтэж байсан чинь Пүрэвжав үснээс зулгаагаад газар чирээд эхэлсэн. Батболд унтаж байснаа гэнэт босч ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөөд, нүүрэн тус газар руу хэд өшиглөөд зодоод эхэлсэн...намайг Батболд газар унагааж байгаад зодоод байсан чинь Пүрэвжав түлхүүрээрээ хаалга онгойлгоод намайг гаргасан. Би Батболдын гэрээс нь гараад коридорт хэсэгт ухаан алдаад унасан. Би Батболдын гэрээс нь гарахдаа их зодуулсан байдалтай орилж хашгирч байгаад л гэрээс нь гарсан. Надад Батболд, Пүрэвжав нартай маргалдсан асуудал ерөөсөө байгаагүй, намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож гэмтээсэн...Пүрэвжав намайг үснээс зулгаагаад газар түлхэж унагаасан. Өөр зодож гэмтээсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-16-17/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4316 тоот дугаартай:...Д.Оюунцэцэгийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 1 шүдний булгаралт, зүүн чихний дэлбэн омогт няцарсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-23/,

            - шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2017 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 12 цагийн орчимд эхнэр Пүрэвжавын хамт ээж Ганболдын гэрт очсон...харих гэж гараад Оюунцэцэг эгчтэй таарсан...надад 2 шил архи байна “уухуу” гэсэн...тэгээд орцонд ороод 0.5 литрийн архи хувааж уусан...бид 2 гэртээ харьлаа гээд гарсан...тэгтэл Оюунцэцэг эгч танайд очиж усанд орье...эгч нь утсаа хүнсний дэлгүүрт тавьчихсан нэг мөсөн зараад дахиад архи аваад ирье гээд 0.75 литрийн архи авчирсан...Бид 3 манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54б-61 тоотод ирж 1 шил архиа хувааж уусан...тэгээд архи дуусахаар нь дахиад гарч 0.75 литрийн нэг шил архи, тамхи аваад гэртээ ороод бид 3 хувааж уусан...би их согтсон байсан...нэг мэдсэн Оюунцэцэг, эхнэр Пүрэвжав нар хоорондоо маргалдаад байсан...нэг харахад нэгнийхээ үснээс зулгаагаад байх шиг байсан..:би их согтсон байсан...би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор Оюунцэцэгийг зодож гэмтээсэн талаар санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-41-42/,  

            - шүүгдэгч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд нөхөр Батболдын хамт хадам ээж Ганболдын гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо бичил хороолол Хасбаатарын гудамж 5а байрны 72 тоотод очоод гэртээ харих гээд 13 байрны хажууд Оюунцэцэгтэй тааралдсан...2 дүүтэй уулзаагүй их удсан байна эгчид нь ганц шил архи байна гэж хэлээд 13 дугаар байрны 1 дүгээр орцонд орж 0.5 литрийн архи хувааж ууж дуусгаад дахиад 0.75 литрийн архи гаргаж хувааж уусан. Нөхөр Батболдын хамт гэртээ харьлаа гэтэл Оюунцэцэг эгч “2 дүүгийнхээ гэрт нь очиж усанд орье” гэсэн. Оюунцэцэг эгч гар утсаа зараад дахиад нэг шил архи аваад ирье гээд 0.75 литрийн архи худалдаж аваад бид 3 манайд очсон. Манайд очихоос өмнө манай нөхрөөр мемори 10.000 төгрөгөөр заруулсан. Манайд очоод авсан 1 шил архиа хувааж уусан...дахиад манай нөхрийг Оюунцэцэг эгч гаргаад 0.75 литрийн архи авахуулаад бид 3 хувааж уусан...Оюунцэцэг усанд орлоо гээд ариун цэврийн өрөө рүү орсон. Би их согтсон байсан болохоор тасраад унасан. Хэсэг хугацааны дараа би сэрээд ариун цэврийн өрөө рүү орох гээд явтал жижиг өрөөний унтлагын орон дээр нөхөр Батболд унтаж байсан, хажууд нь Оюунцэцэг дотоожтойгоо өөр ямар нэгэн хувцасгүй зогсож байсан. Оюунцэцэг манай нөхрийн хувцас, дотоожийг тайлах гээд зогсож байсан. Тэгээд хажууд нь очоод “та чинь яаж байна” гэтэл Оюунцэцэг миний хацар руу гараараа нэг удаа цохиод намайг түлхээд үснээс зулгаасан. Тэгэхээр нь би цаашаа түлхээд унагаасан. Оюунцэцэгийн түлхэх үед өсгий хэсгээрээ ам руу цохичихсон. Миний амнаас цус гарах үед нөхөр Батболд сэрсэн. Би ариун цэврийн өрөө орж цусаа угаачихаад гараад иртэл Оюунцэцэг хөргөгчний хажууд нэг нүд нь хөхөрсөн байдалтай сууж байсан. Батболд “чи миний эхнэрийг зодлоо” гэж хэлээд зогсож байсан. Оюунцэцэг “намайг чи гэрийнхээ хаалгыг онгойлгоод өгөөч, нөхөр Батболд чинь зодоод аллаа” гэж хэлсэн. Би хаалга онгойлгоод гаргасан...хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг болно.

           

           Шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрханы 54б-61 тоотод шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж хохирогч Д.Оюунцэцэгт хүч хэрэглэн зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

            - хохирогч Д.Оюунцэцэгийн...тэр үед Пүрэвжавыг согтсон байхаар нь орон дээр унтуулаад би өөрөө бас орон дээр хэвтэж байсан чинь Пүрэвжав үснээс зулгаагаад газар чирээд эхэлсэн. Батболд унтаж байснаа гэнэт босч ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөөд, нүүрэн тус газар руу хэдэн өшиглөөд зодоод эхэлсэн...Би их зодуулсан байдалтай орилж хашгирч байгаад л гэрээс нь гарсан. Надад Батболд, Пүрэвжав нартай маргалдсан асуудал ерөөсөө байгаагүй, намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож гэмтээсэн...Пүрэвжав намайг үснээс зулгаагаад газар түлхэж унагаасан ...гэх мэдүүлэг /хх-16-17/,  

            - ...Д.Оюунцэцэгийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 1 шүдний булгаралт, зүүн чихний дэлбэн омогт няцарсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн гэмтэл учирсан тухай шинжээчийн дүгнэлт /хх-23/,

            - шүүгдэгч Б.Батболдын...тэр үед би их согтсон байсан...нэг мэдсэн Оюунцэцэг, эхнэр Пүрэвжав нар хоорондоо маргалдаад байсан...нэг харахад нэгнийхээ үснээс зулгаагаад байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-41-42/,  

            - шүүгдэгч Д.Пүрэвжавын...тэгэхэд Оюунцэцэг намайг түлхээд үснээс зулгаахад нь би цааш түлхээд унагаасан. Оюунцэцэгийг түлхэх үед өсгий хэсгээрээ ам руу цохичихсон. Миний амнаас цус гарах үед нөхөр Батболд сэрсэн. Би ариун цэврийн өрөө орж цусаа угаачихаад гараад иртэл Оюунцэцэг хөргөгчний хажууд нэг нүд нь хөхөрсөн байдалтай сууж байсан. Батболд “чи миний эхнэрийг зодлоо” гэж хэлээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

            Эхнэр, нөхөр гэх Б.Батболд, Д.Пүрэвжав нар танил Д.Оюунцэцэгийн хамт байрны орцонд болон гэртээ бага бус хэмжээгээр архидан согтуурсан, энэ явцад Б.Батболд, Д.Пүрэвжав нар нэгдмэл гэмт санаа, үйлдлээрээ Д.Оюунцэцэгийн эрх чөлөөнд халдан, бие махбодид нь гэмтэл учруулсан, гэмтэл учруулсан шалтгаанаа мэдэхгүй гэх буюу согтуурлын улмаас ухамсарт үйл ажиллагаа нь алдагдсан байх тул бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.     

Хохирогч Д.Оюунцэцэг нь шүүгдэгч нараас 1.500.000 төгрөг хүлээн авсан /хх-116/, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.   

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж буй нь, бусдад төлөх төлбөргүй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдэл оролцооных нь давтамж, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.    

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нарыг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батболдын эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид,  

шүүгдэгч Д.Пүрэвжавын эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.      

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэвжав нарт тус тус оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.         

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батболд, Д.Пүрэжав нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГАНБААТАР