Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/00117

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 45 тоот хаягт оршин суух, Ө.Б /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 452 тоот хаягт оршин суух, Н.Ш /регистрийн дугаар /-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Н.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б нь Н.Ш тай 2014 оноос үерхэж дотносон 2017 оны 4 дүгээр сарын 23-нд хүү Ш.А-ыг төрүүлсэн. Н.Ш нь жирэмсэн болсноос хойш хүүхдээ хүлээн зөвшөөрч хамт байгаагүй, төрсний дараа ирж өөрийн нэр дээр болгочихоод дараа нь хариуцлагаа хүлээхгүй бултаж, гадуур дотуур зугаацаж миний сэтгэл санаагаар тоглосоор өдийг хүрлээ. Хүү Ш.А одоо 6 сартай. Би өөрийн гэсэн ажилгүй, сургуулиасаа чөлөө авсан байгаа учир хүү Ш.А-ад Н.Ш аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Ц.Б болон хүүхдээсээ салахгүй. Ар гэрт асуудал байсан болохоор Ц.Б г жирэмсэн болсныг эцэг, эхдээ хэлж чадаагүй хэсэг байсан. Нэг дор цугтаа амьдарч байгаагүй, бас ажлын шаардлагаар хамт байж чадаагүй тохиолдол байгаа. Хүү Ш.А болон эхнэр Ц.Б тай хамт амьдарна. Эцгийн үүргээ сайн биелүүлнэ. Цаашид харилцаагаа бататган эцэг эхүүдээ уулзуулж, бүх зүйлийг ёс журмын дагуу гүйцэтгэнэ. Н.Ш би зугаа цэнгээний асуудал гаргахгүй гэдгийг өөрийн биеэр болон бичгээр амлаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н.Ш т холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Н.Ш , Ц.Б нар 2014 оноос үерхэж эхэлсэн, тэдний дундаас 2017 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр, хүү Ш.А төрсөн, хүү одоо эрүүл бойжиж байгаа болох нь зохигч талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Энх-энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Н.Ш нь хүүхдийн өмнө хүлээсэн эцгийн үүргээ биелүүлээгүй, хүүхэд төрснөөс хойш хамт амьдраагүй хэмээн нэхэмжлэгч Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчлан заасан.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Ш аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Ш.А-ыг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2017 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр төрсөн, хүү Ш.А /регистрийн дугаар: /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Ш аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА