| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02834/И |
| Дугаар | 101/ШШ2018/02318 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2018/02318
| 2018 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2018/02318 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд Д.Золзаяа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б гаргасан,
Хариуцагч: Г.Г холбогдох,
Гэм хорын хохиролд 14,720,620.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ц, хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ******* эмнэлэгт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 8 шүдэндээ 730,000.00 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Гэтэл тус эмнэлэгт эмчлүүлсэн 8 шүдний 4 шүдийг яаралтай авахуулж, имплант хийлгэх шаардлагатай болсон.
Би, шүдээ эмчлүүлсний дараа өвдөөд байхаар нь рентеген зураг авахуулж, 1 дүгээр эмнэлгийн эмч *******өд үзүүлэхэд тэрээр 4 шүдийг яаралтай авах шаардлагатай гэсэн бөгөөд үүнийг******* эмчид хэлэхэд авах хэрэггүй, номын дагуу явж байгаа хүүхдүүд байна, ном, практик 2 бол өөр гэж хэлсэн. Би, дахид 1 дүгээр эмнэлгийн ******* эрхлэгчтэй очиж уулзахад мөн л зайлшгүй авах шаардлагатай гэж дүгнэсэн.
Үүний дараа тус эмнэлгийн эмч ******* эдгээр 4 шүдийг авахгүй бол эрүүг тайрах шаардлагатай болно гэсэн. Ингээд тухайн асуудлаар дахиад хариуцагч******* эмчтэй уулзахад ерөөсөө алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй. Намайг, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан хэдий ч ******* гэдэг мэргэжилтэн тус гомдлыг хүлээж аваагүй, тэрээр ийм төрлийн гомдлыг хэзээ ч гаргаж болно, хугацаа хамаагүй, шүдээ эмчлүүлчихээд буцаж ир, мөн шүдний төвийн захирал ******* гэдэг хүнд үзүүл гэсэн.
Үүний дагуу би 4 шүдээ ******* эмчид үзүүлсэн чинь мөн л ******* эмчтэй адилхан авах ёстой юм байна гэсэн. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад тус тус гомдол гаргасан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас миний гомдлыг хүлээн авч, үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Хариуцагч тал миний өвчний түүхийг устгах ёсгүй байсан, улсын байцаагч гийн дүгнэлтэд эмчийн алдаа, буруу үйлчилгээ үзүүлсэн талаар дүгнэсэн.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Өнөөдөр хариуцагчийн эмчилгээ хийсэн эдгээр 4 шүдэнд ямар нэгэн сайн үр дүн гараагүй. Имплант хийлгэх амаргүй тул мэс засалд орж, 4 шүдэндээ зэрэг имплант хийлгэх болсон.
Иймд, авахуулах заалттай 4 шүдэнд имплант тавиулахад 1 ширхэг шүдний имплантын төлбөр 2,500,000.00 төгрөг, нийт 10,000,000.00 төгрөг, уг 10,000,000.00 төгрөгийг бусдаас зээлж, 3,600,000.00 төгрөгийн хүү төлнө, хариуцагчид төлсөн 730,000.00 төгрөг болон эмчилгээний бусад зардалд 390,620.00 төгрөг, нийт 14,720,620.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* шүдний эмнэлэгийн эмч, эрхлэгч******* иргэн ын 8 шүдэнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн үйл баримттай маргаагүй, эмч зохих журмын дагуу эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал ийнхүү үзүүлэхээс өмнө хорхой идээд солиулах болсон шүдний мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Имплант гэдэг нь шүдийг авч хиймэл шүд хийнэ гэсэн үг, өөрийнхөө буруу буюу амны хөндийн ариун цэврийг сахиж чадаагүйн хариуцлагыг эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн эмчээр төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эмчийн ямар буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан эсэх нь хавтаст хэргээс харагддаггүй. Нэхэмжлэгч зээл авсан мөнгө, хүүгээ нэхэмжилж байгаагийн үндэслэлийг ойлгосонгүй, тухайн мөнгийг зарцуулсан, зарцуулах гэж байгаа мэтээр тайлбарлаж байна.
Хүн болгон өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж үг хэлэх хэрэгтэй, гэвч өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг боловч шүд өөрийн гэсэн онцлогтой эрхтэн, хатуу, нүдэнд харагддаг юм. Эмч хүн зөвхөн шүдийг эмчилнэ, шүдийг бүтэн болгохгүй, гэтэл нэхэмжлэгч шүдийг бүтэн болгох ёстой байсан мэтээр тайлбарлаж байна, өвдчихсөн шүдийг эмчилсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэгч шүдэндээ өмнө нь эмчилгээ хийлгэж байжээ, өөрөөр хэлбэл ямар ч асуудалгүй шүд байгаагүй, дараа нь үргэлжлүүлж эмчилгээ хийлгэхээр хариуцагчид хандсан ба буруу эмчилгээ хийгээд одоо ийм асуудалтай болсон гэсэн нотлох баримт алга байна. Нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, 10,000,000.00 төгрөгөөр шүдээ эмчлүүлсэн баримт нь байхгүй.
Шинжээч нарын дүгнэлт дээр өмнө нь ломбодсон, сувгийн эмчилгээ хийсэн гэсэн байгаа бөгөөд үүнээс болж хана цоорсон байх магадлалтай, эмч үүнд МТА тавьж, яаралтай арга хэмжээ авч ажилласан байна гэсэн байгаагаас үзвэл ямар чадвартайг харуулж байна. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг туйлын үнэн зөв гэж ярьж байна, гэтэл******* эмч буруу эмчилгээ хийгээгүй.
Эмч шүдэнд гол залгасан гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үүнээс өөр ямар арга хэмжээ авах байсан гэдгийг тодорхой хэлээгүй, эмчилгээ бүрэн дуусаагүй байхад нэхэмжлэгч холбогдох байгууллагад гомдол гаргасан. Тиймээс би, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан гэж бодохгүй байна, хариуцагч тал нэхэмжлэгчид хохирол учруулсан гэсэн бодит баримт байхгүй, тэрээр тухайн нөхцөл байдалд тохирсон эмчилгээ хийсэн.
Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******аас хариуцагч*******т холбогдуулан гэм хорын хохиролд 14,720,620.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/17860 тоот захирамжаар тодорхой этгээдүүдийг гэрчээр оролцуулж, мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШТ2017/00479 тоот тогтоол болон 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/02597 тоот захирамжаар тус тус шинжээч томилсон байна.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа авахуулах заалттай 4 шүдэнд имплант тавиулахад 1 ширхэг шүдний имплантын төлбөр 2,500,000.00 төгрөг, нийт 10,000,000.00 төгрөг, уг 10,000,000.00 төгрөгийг бусдаас зээлж, 3,600,000.00 төгрөгийн хүү төлнө, хариуцагчид төлсөн 730,000.00 төгрөг болон эмчилгээний бусад зардалд 390,620.00 төгрөг, нийт 14,720,620.00 төгрөг-ийг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх шүдний өвчний оношилгоо, эмчилгээ нүүр амны согог заслын үйл ажиллагаа эрхэлдэг Шинэшидэт од ХХК-ийн гүйцэтгэх захирал болон эмч*******т нийт 8 шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгүүлсэн байна /х.х-ийн 25, 26, 137, 138-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас Ш ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүдний өвчний оношилгоо, эмчилгээ нүүр амны согог заслын үйл ажиллагааг эрхлэн явуулахыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, Эрүүл мэндийн яамнаас хариуцагч*******т 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т эрүүл мэндийн байгууллага гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.-д Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан бол мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, 25 дугаар зүйлийн 25.1.-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж тус тус заасны дагуу зохих зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эмч буюу хариуцагч тал ийнхүү нэхэмжлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна /х.х-ийн 144, 145-р хуудас/.
Хэдийгээр хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны тоот мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хариуцагч*******т 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл олгосон байх боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02-02/117 тоот дугаартай хяналт шалгалтын танилцуулгад дурьдснаар хариуцагч тал Анагаах ухааны дээд сургуулийг шүдний их эмчээр 1997 онд төгсөж, улмаар 2006 онд нүүр ам судлалын согог заслаар нарийн мэргэшсэн эмч болсон бөгөөд ийнхүү шүдний өвчний оношилгоо, эмчилгээ нүүр амны согог заслын үйл ажиллагаа эрхэлдэг Шинэшидэт од ХХК-ийн гүйцэтгэх захирал, эрхлэгчээр ажилладаг ажээ /х.х-ийн 62, 49-52-р хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч П.Дийн үзлэгт дурьдснаар нэхэмжлэгч *******ын 4.6 дахь шүд буюу баруун доод талын 1 дүгээр их араа шүдний орой хэсгээр их хэмжээний тулгуур эдийн эмгэг өөрчлөлттэй, 3.6 дахь шүд буюу зүүн доод талын 1 дүгээр их араа шүд бифуркацаар /2 сурвалжийн гол хэсэг/ цоорсон, тулгуур эдийн үрэвсэлтэй, 2.5 дахь шүд буюу зүүн дээд талын 2 дугаар бага араа шүдний сувгийн эмчилгээ сурвалжийн орой илүү гарсан, 2.6 дахь шүд буюу зүүн дээд талын 1 дүгээр их араа шүдний сурвалжийн оройд үрэвсэлтэй гэж оношилж, 2.5, 2.6 болон 3.6 дахь шүднүүдийг авахуулж, сэргээн засварлах буюу имплант хийлгэхийг зөвлөсөн бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг П ХХК-ийн эмч Н.О 4.6 дахь шүдийг мөн авахуулж, имплант хийлгэхийг зөвлөсөн байгаагаас гадна Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн захирал, эмч Л.Хийн зүгээс мөн 4.6, 3.6 дахь шүднүүдийг авахыг зөвлөсөн байна /х.х-ийн 5-7-р хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******ээс тус шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч *******ын 47, 24, 26, 37 дугаар шүднүүдэд ломбо тавьсан, 36 дугаар шүдэнд сувгийн эмчилгээ хийж, метал шаазан бүрээс хийсэн, 25, 46 дугаар шүдэнд өөр газар сувгийн эмчилгээ хийсэн байсан учир хуучин ломбыг авч, гол залган цөгц сэргээх ломбо тавьсан гэснээс гадна 36 дугаар шүднээс бусад 46, 25, 15 дугаар шүднүүдэд сувгийн эмчилгээ хийгээгүй гэж тайлбарласан ба түүний энэхүү тайлбарт дурьдсан нэхэмжлэгчийн шүднүүдэд хийсэн эмчилгээ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний картанд тодорхой тусгагдсан байна /х.х-ийн 25, 26, 137, 138-р хуудас/.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02-02/117 тоот дугаартай хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсэгт их эмч******* нь иргэн *******ад 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус эмнэлэгт 8 шүдэнд оношилгоо, эмчилгээ хийсэн боловч 4.6 дахь шүд үрэвсэлтэйг рентгенээр оношилсон ч нэмэлтээр гол залгаж, алдаа гарган үйлдлийн технологийг зөрчиж байгаа нь иргэний гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэлээ гэж дурьджээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн захирал, эмч Л.Хэнтийгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгт:
.........................доод баруун, зүүн хоёр 1 дүгээр их арааны холбоосын архаг үрэвсэл гэж оношилсон, энэ нь, цааш хүндрээд буглааны өвчин болох магадлалтай, Дээд талын шүдийг ломбодсон ломбо нь сурвалжийн оройгоос илүү дээш гарсан, энэ шүднүүдийг авахуулаад хагалгаа хийлгэх нь зүгээр гэж зөвлөсөн гэж,
Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч П.Дийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгт:
.........................3.6 дахь шүд нь зүүн талын 1 дүгээр их араа байна, бефуркаци гэж яриад байгаа, энэ нь 2 сурвалжийн голын хэсэг гэсэн үг бөгөөд энд үрэвслээс гадна штифт зоосон, тэр штифт нь цоолоод ороод ирсэн, штифт цоолох ёсгүй, эдгээр нь аль аль нь авах заалттай шүд юм, авахгүй бол дараа нь ясны үрэвсэл болох учир халдварын голомт болно, 1.5 дугаар шүд нь зүүн талын дээд талын 2 дугаар бага араа бөгөөд ломбодохдоо сурвалжийн орой хүртэл ломбодох байтал ломбо нь даваад гарсан, өвдөх юм бол авах заалттай, ....................4.6 болон 3.6 дахь шүднүүдийг авах шаардлагатай, нөгөө 2 шүдийг ажиглаад явах боломжтой гэж,
Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын улсын ахлах байцаагч гийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгт:
...........................4.6 дахь шүдийг үрэвсэлтэй байгааг рентгенээр оношилсон бол эмчлүүлсэний дараа 14-21 хоногийн дараа гол залгах эмчилгээ явагдах ёстой, гэтэл нэмэлтээр гол залгаж, алдаа гарган үйлдлийн технологийг зөрчсөн байна гэж тус тус мэдүүлсэн /х.х-ийн 89-104-р хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1313 тоот дүгнэлтэд:
*******ын биед 2015.07.24, 07.19, 2016.04.22, 04.23, 10.11, 10.21, 10.26-ны өдрүүдэд эмнэлгийн үзлэгийн картанд бичигдснээр 21, 24, 25, 26, 36, 37, 46, 47-р шүднүүдэд эмчилгээ хийгдсэн ба тухайн эмчилгээ хийгдсэн шүднүүдийн цоорол, цоорлын хүндрэл, шүдний тулгуур эдийн эмгэг, үрэвсэл гэх мэт шүдний онош болон хүндрэл, үе шат бичигдээгүй тул дээрх 2017.02.06-ны өдөр 46-р шүдийг ЭНМЗТ-т шүд авагдсан, 2017.04.11-ний өдөр Шүдний КТГ-д 25, 26, 36-р шүднүүдэд үрэвсэл үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж,
Эрүүл мэндийн яамны орон тооны бус Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч ийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд:
25-р шүд- энэ шүдэнд тухайн эмнэлэгт сувгийн эмчилгээ хийгдээгүй, шүдний ил хэсэг буюу цөгцөн хэсгийн ломбыг сольсон, хуучин сувгийн ломбоны материалын хувьд анх энэ шүдэнд сувгийн эмчилгээ хийхдээ сурвалжийн оройгоор илүү гаргаж ломбодсон байгааг рентеген зураг дээр харагдаж байна, 46-р шүдэнд тухайн эмнэлэгт сувгийн эмчилгээ хийгдээгүй, өмнө хийгдсэн сувгийн эмчилгээний хувьд шүдний сурвалжийн оройд архаг үрэвслийн шинжтэй, оройн хэсэгт сийрэгжилтэй байсан нь рентеген зураг дээр харагдаж байна,
36-р шүд тухайн эмнэлэгт сувгийн эмчилгээ хийлгэсэн байна. Өмнө ломбодсон материалаас шалтгаалан гуттаперч эсхүл цемент-паст материалаар ломбодсон байж болзошгүй. Гуттаперч буюу хатуу сувгийн материалыг авахад бэрхшээлтэй, үүнтэй холбоотой өрөмдөх үед шүдний хана санамсаргүй цоолох хүндрэлүүд гардаг. Энэ үед авах арга хэмжээ-МТА материалаар цоорсон хэсгийг ломбодож, үүний дараагаар эмчилгээг үргэлжлүүлнэ. 36-р шүдэнд перфораци буюу шүдний хөндийн ёроолыг цоолсон ч МТА материалаар ломбодож арга хэмжээ авсан байна гэж,
Эрүүл мэндийн яамны орон тооны бус Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч А.Мн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд:
Г.Ганчимэг эмч нь үйлчлүүлэгч *******ын 46-р шүдний хуучин ломбыг сольсон мөн гол суулгасан. Энэ нь шүдний сурвалжийн оройд өмнө нь үүссэн үрэвсэлтэй хамааралгүй. Рентеген шинжилгээнд сольж тавьсан ломбо нь үрэвсэл үүсгэж, хүндрэл үүсгэсэн шинжгүй байна, 25-р шүдэнд******* эмч сувгийн эмчилгээ хийгээгүй гэсэн байна. Өмнө нь хийгдсэн эмчилгээнд сурвалжийн оройд ломбоны материал илүү гарсан байх нь харагдах боловч шууд шүд авах заалт болж болохуйц эмгэг өөрчлөлт харагдсангүй,
26-р шүдэнд******* эмч эмчилгээ хийгээгүй гэсэн байна. Рентеген шинжилгээнд хацар талын 2 сурвалжийн оройд их хэмжээний өөрчлөлттэй ба хацар талын түүшин шимэгдэж, гадагш цорго үүсгэсэн байх боломжтой харагдаж байна. 36-р шүдэнд сувгийн эмчилгээ дахин хийсэн гэж тэмдэглэсэн. Хийгдэх явцад шүдний ханыг гэмтээж цоолсон боловч МТА ашиглан ломбодсон нь үүссэн нөхцөл байдалд зохих арга хэмжээг авсан байна гэж тус тус дүгнэсэн байна /х.х-ийн 158, 159-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээр дурьдсан баримт, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шинжээч нарын дүгнэлтээс үзвэл хариуцагч******* нь нэхэмжлэгч *******ын 4.6 дахь шүд үрэвсэлтэй байтал үрэвслийг арилгах зохих эмчилгээ хийлгүйгээр нэмэлтээр гол залгаж, үйлдлийн технологийг зөрчсөнөөс улбаалан ясны үрэвсэл үүсгэх шалтгаан болсон, 3.6 дахь шүдэнд сувгийн эмчилгээ хийж, метал шаазан бүрээс хийхдээ штифтийг илүү гаргасан, 2.5 дахь шүдний хуучин ломбыг солихдоо сурвалжийн оройгоор илүү гаргаж ломбодсон, 2.6 дахь шүдэнд эмчилгээ хийхдээ сурвалжийн оройн үрэвслийг эмчлэхгүйгээр ломбодсон гэх зэрэг алдаануудыг гаргасан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэж, мөн 3.1.9.-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно хэмээн тус тус заажээ.
Тодруулбал, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэсний дагуу хариуцагч******* нь нэхэмжлэгч *******ын шүдэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мэргэшсэн эмчийн хувьд үзлэг, шинжилгээ, оношилгоог мэргэжлийн түвшинд хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх үүрэгтэй юм.
Гэтэл хариуцагч тал тийнхүү нэхэмжлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дээр дурьдснаар буруу эмчилгээ хийж, мэргэжлийн алдаа гаргаснаас гадна өвчтний өвчний түүх болон хийсэн эмчилгээний талаар зохих ёсоор бүртгэл хөтлөөгүй болох нь дээр дурьдсан нотлох баримтууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-03-158/98 тоот актаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал улсын байцаагчийн актад дурьдснаар нэхэмжлэгчийн өвчний түүхийг зохих ёсоор хөтлөөгүй байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ер нь авах ёстой байсан өвчтэй шүднүүд гэх тайлбарыг үгүйсгэж байгаа бөгөөд анхнаасаа авах ёстой шүднүүд байсан гэх таамаг үйлчлэхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т ................................бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар үүрэг нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан үйлдэл эс үйлдэхүйгээс үүсэх бөгөөд үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх юм.
Нэгэнт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр нотлох баримтаар хариуцагч******* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэхэмжлэгч *******ад үзүүлэхдээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул хариуцагч тал хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас авах заалттай 4 шүдэнд имплант суулгахад 1 шүдийг 2,500,000.00 төгрөгөөр тооцож, 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүн дээр бусад этгээдээс тус мөнгийг зээлж, түүнд төлөх хүү 3,600,000.00 төгрөг, 4 шүдний эмчилгээнд төлсөн 730,000.00 төгрөг, бусад зардалд 390,620.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал 2.5 дахь шүдэндээ эмчилгээ хийлгэхэд хариуцагчид 35,000.00 төгрөг, 2.6 дахь шүдэнд 70,000.00 төгрөг, 3.6 дахь шүдэнд 35,000.00 төгрөг, 20,000.00 төгрөг, 350,000.00 төгрөг, мөн 4.6 дахь шүдэнд 45,000.00 төгрөг, 40,000.00 төгрөг болон 3.6 дахь шүдний хамт 40,000.00 төгрөг, нийт 635,000.00 төгрөгийг төлсөн ба зохигчид бусад 4 шүдний хувьд маргаагүй /х.х-ийн 137, 138-р хуудас/.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэнээр нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авахуулсан 4.6 дахь шүдний дараах эмчилгээ болон бусад гэм хор учруулсан шүдэнд хийх шаардлагатай эмчилгээг бичихдээ зохих тун хэмжээгээр хэрэглэх эмийг бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал гоо сайхны мэс засал, имплант, шүд, эрүү нүүрний эмнэлэг болох -нд 40,000.00 төгрөг, Перпект эмнэлэгт 20,000.00 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 40,000.00 төгрөг, Өлзийдэн ХХК-нд 3 төрлийн эмний төлбөрт 44,120.00 төгрөг, түүнчлэн Зонне шүдний эмнэлэгт 85,000.00 төгрөг, 40,000.00 төгрөг, 40,500.00 төгрөг, нийт 310,120.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 14, 15, 16, 17-р хуудас/.
Иймд, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч тал 310,120.00 төгрөгийн эмчилгээний зардал гаргаснаас гадна 2.5, 2.6, 3.6 болон 4.6 дахь шүднүүд бүрэн эмчлэгдээгүй байх тул эмчилгээний төлбөрт төлсөн 635,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, эмчилгээний төлбөрөөс 95,000.00 төгрөг болон эмчилгээ хийлгэхэд гарсан бусад зардлаас 80,500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүх бүрэлдэхүүн, маргааны зүйл болсон 4 шүдэнд имплант хийлгэхэд гарах 10,000,000.00 төгрөгийн зардлаас 2,500,000.00 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7,500,000.00 төгрөг болон зээлийн хүүнд төлөх 3,600,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******ын 4.6 дахь шүдийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авч, шаардлагатай эмчилгээг түүнд үзүүлсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2.5, 2.6 болон 3.6 дахь шүднүүдийг зайлшгүй авах ёстой гэсэн боловч энэхүү тайлбар баримтаар нотлогдсонгүй. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээч нарын дүгнэлт, нэхэмжлэгчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэрч нарын мэдүүлэгт тус тус дурьдснаар эдгээр шүднүүдийг авах заалттай гэсэн боловч 3-6 сарын хугацаанд эмчлүүлэх, хэрэв өвдөхгүй тохиолдолд авахгүй байж болно гэж тайлбарласан /х.х-ийн 149-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан боловч маргааны зүйл болох 2.5, 2.6 болон 3.6 дахь шүднүүдийг зайлшгүй авах ёстойг нотолсон баримт буюу эмчийн дүгнэлт байхгүй байна.
Иймд, хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаагүй шүдний эмнэлгийн 1 ширхэг имплант хийлгэхэд гарах зардал 2,500,000.00 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн авахуулсан буюу 4.6 дахь шүдэнд имплант хийхэд гарах зардлыг хариуцагч тал төлөх ёстой гэж дүгнэв /х.х-ийн 10-р хуудас/.
Нэхэмжлэгч ******* бусад этгээд болох аас 10,000.000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авах болсон шалтгаанаа хариуцагч*******ийн гэм хор учруулсан үйлдэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй боловч тэрээр өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх мөнгийг бусдаас зээлэн авсанд хариуцагчийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн бусдаас мөнгө зээлсэн харилцааг иргэний эрх зүйн бие даасан харилцаа гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн бусдын өмнө хүлээсэн эрх, үүрэг нь хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, төлөх ёсгүй байсан 3,600,000.00 төгрөгийн зээлийн хүүг гарах ёсгүй зардал гарсан гэж үзэхгүй.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 3,445,120.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,275,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон
:
1. 497 497.1, 505 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч*******ээс 3,445,120.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,275,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болго.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,553.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,072.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦЭРЭНДОЛГОР