Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0502

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0502

Улаанбаатар хот

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А****т холбогдох Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Б****ы дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Б**** нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А****ын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0002009 дугаартай шийтгэлийн хуудасны “тарвага тээвэрлэсэн” гэснийг “тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг дагалдах тодорхойлолтгүйгээр 1 ширхэг тарваганы махыг худалдан авсан” гэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” гэснийг “7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт” гэж, 1 дэх хэсэг заасан “... албадлагын арга хэмжээ авсугай” гэх хэсэгт “эд зүйлийг хураах, нөхөн төлбөр гаргуулах” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж, 11 дэх хэсэгт “30 хоногийн дотор”, “Захиргааны хэргийн шүүхэд” гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

          Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А**** тус шүүхэд хандан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А**** би тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, тухайн үед шийтгэврийн хуудсаа санамсаргүйгээр дутагдалтай бичсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А****т холбогдуулан, улсын байцаагчийн  2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0002009 тоот шийтгэлийн хуудсаар иргэн Н.Р***д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль, хохирол, нөхөн төлбөрийн 400,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна. 

Прокурорын дүгнэлтийг Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А**** нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А****т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Б****ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А****ын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0002009 дугаартай шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд заасан өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А****т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Б****ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА