Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/198

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

хэ ргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1038 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2009 00337 0609 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Т, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, “М” ХХК-д ... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ...  дүүргийн ... дүгээр хороо, ...  гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан;

Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... дүгээр байрны өргөтгөлд гэрэл зургийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг  газраас “Гэрэл зургийн хэрэгслийг түрээслэн ашиглая” хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч Ү.О-ыг төөрөгдөлд оруулан “түрээсийн төлбөрт байгууллагын сурталчилгааг хийж өгье” хэмээн хуурах аргаар “Канон-7Ди” загварын камер авсан, мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хийж байсан бичлэгээ дуусгах шаардлагатай байна” хэмээн хуурах аргаар Ү.О-аас камер түрээслэн авч байсан гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан дахин “Канон-7Ди” загварын камерыг авч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийг барьцаанд тавин ашиглаж, бусдын 2 ширхэг камерыг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч, бусдад 2.255.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Т-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Т-ын өмнөх хэрэгтээ цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 7.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн. Б.Т нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоол гарсан буюу хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдээгүй буюу дахин гэмт хэрэг үйлдээгүй байхад шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авсан буюу хорих ял оногдуулаагүй тул шүүх шинээр ял оногдуулах ёстой байсан. Өмнөх шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах арга хэмжээ авсан байхад 1 жилийн хугацаагаар хорих ял болгож оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйл агуулгын хувьд хоорондоо зөрчилдсөн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс тэнссэн хугацаанд би сургалт, семинарт тогтмол хамрагдаж байсан ба гэмт хэрэг болон зөрчил гаргаагүй. 1 жилийн хугацаагаар тэнссэнийг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон оногдуулсанд гомдолтой байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял хойшилсон буюу тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ оногдуулсан тохиолдолд  ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн учраас шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнийг нь эс зөвшөөрч прокуророос дүгнэлт бичиж хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх хуулийн заалт бүрэн хэрэгжих боломжтой гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... дүгээр байрны өргөтгөлд гэрэл зургийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ү.О-аас “Гэрэл зургийн хэрэгслийг түрээслэн ашиглая” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Түрээсийн төлбөрт байгууллагын сурталчилгааг хийж өгье” гэж хуурч “Канон-7Ди” загварын камер авсан, мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хийж байсан бичлэгээ дуусгах шаардлагатай байна” гэж хуурч, Ү.О-аас камер түрээслэн авч байсан гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан дахин “Канон-7Ди” загварын камерыг авч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийг барьцаанд тавьж, бусдын 2 ширхэг камерыг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч, бусдад 2.255.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ү.О-ын: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Т гэх залуу манай гэрэл зургийн газарт ирж “Канон-7Ди” камер, их биеийн хамт 18-135 мм дуран, 2 ширхэг баттерей цэнэглэгч картын хамт түрээсэлж авч явсан ба энэ хугацаанд манай студийн ажилтны итгэлийг олж “Би бүжигчнээр сурдаг” гэж хэлж “Шинэ жилээр танай студийг сурталчилж өгье” гэж хэлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин “Канон-7Ди” камер 17-85 мм дурангийн хамт аваад сураггүй, залилж авсан...” /хх 11/,

иргэний нэхэмжлэгч Ч.Э-ын: “...Б.Т гэх хүн энэ өдөр ирж камер барьцаалсан. Өөрийгөө хэлэхдээ “Би зураглаачийн ангид сурдаг. Ангийнхантайгаа хамт амралтанд явах гээд байна.” гээд өөрийнхөө камерыг барьцаалж байна гэсэн. “Өөрөө согтуу явж байгаад камераа хаячихаж магадгүй гээд хадгалуулж байна.” гэсэн. ...324.100 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 17/,

шүүгдэгч Б.Т-ын: “...О гэх хүнээс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Канон брэндийн камерыг 20 хоногийн хугацаатай барьцаалж авахаар болсон юм. Авсан өдрөөсөө хойш 2 хоногийн дараа 150.000 төгрөгийг Сансарт байрлах Хаан банкнаас О ахын данс руу шилжүүлсэн юм. 20 хоногийн хугацаанд эвдчихсэн байсан болохоор О ах дээр очоод “Камерыг чинь худалдаж авъя” гэж тохироод он гарахаас өмнө 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин О ах дээр очиж “Би хийж байгаа 30 минутын хугацаатай бичлэгээ дуусгах шаардлагатай байна” гээд дахин нэг Канон-7Ди камерыг “5 хоног ашиглачихаад өгнө” гээд авсан юм. Эхний камерыг эвдсэн. Камерыг эвдсэн талаараа О ахад хэлээгүй байж байгаад 1.200.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Дараагийн камерыг 5 хоногийн хугацаатай авчихаад авсан өдрөө Модны хоёрын ломбардад 300.000 төгрөгөөр тавьсан. ...” /хх 68/ гэх мэдүүлгүүд,

“А” барьцаалан зээлдүүлэх газрын гэрээ /хх 31/, Дамно ХХК-ийн Канон 7Ди загварын 18-135 мм, 17-85 мм дурантай зургийн аппаратуудад үнэлгээ хийсэн дүгнэлт, /хх 51/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 29-30/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны, үнэн, зөв гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын эсхүл гэрээний үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал, гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг. 

Хохирогч Ү.О нь шүүгдэгч Б.Т-ын “Гэрэл зургийн хэрэгслийг түрээслэн ашиглая, түрээсийн төлбөрт байгууллагын сурталчилгааг хийж өгье,  хийж байсан бичлэгээ дуусгах шаардлагатай байна” гэсэн үгэнд итгэж, өөрийн өмчлөл дэх эд хөрөнгө болох “Канон-7Ди” зургийн аппаратыг шилжүүлэн өгч, хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй тогтоосон байна.

Шүүгдэгч Б.Т-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Б.Т нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байсан бөгөөд тус шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүх Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ө.Учралын “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд “А” барьцаалан зээлдүүлэх газрын иргэний нэхэмжлэгч Ч.Э нь шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр 324.100 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж дүгнэв. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т шүүхэд тайлбарлахдаа “Ломбардад барьцаалсан 300.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” талаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1038 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1038 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-аас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдүүлэх газарт олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

           

ШҮҮГЧ                                                                         Ц.ОЧ