| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/05355/И |
| Дугаар | 101/ШШ2019/00483 |
| Огноо | 2019-02-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2019/00483
| 2019 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2019/00483 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.А холбогдох,
1,051,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ......., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А би БЗД-ийн 07 хорооны ..... тоот байрны өргөтгөлд анх эмч Отай нүдний шилний худалдаа ажилуулна гэсний дагуу 2011 онд талбай түрээслэж сард 617,000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. эмч О дүү О ажилуулж байсан. Гэтэл эмч О энэ талбайг дүү Ч.Ат дамжуулан өгсөн басйан. Зах зээлийн хямралтай байдлыг харгалзан түрээсийг 415,000 төгрөгөөр тооцож (2012 оны 9 дүгээр сарын 16-аас гэрээ хийсэн.) Ашиглалтын зардлаа (ус, цахилгаан, хог ) түрээслэгчдийн дунд хувааж сард нь тооцож авч байсан. 2014 оноос Ч.А нь түрээсийн төлбөр дутуу өгөхөөс гадна (2014 оны 3-р сар, 4-р сар, 6-р сар, 8-р сар) саруудад огт өгөөгүй. Гарах шаардлага тавьсан. Гэтэл 2014 оны 9-р сард төлбөрөө гүйцээж төлөхгүй төлбөрөө дахиад дутуу өгч, гүйцээж төлөхгүй учир гэрээний хугацаа дуусангуут 2015 оны 3 дугаар сарын 16-нд гаргасан. Яваандаа үлдсэн төлбөрөө төлнө гээд гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй явсаар байна. Утсаар ярихаар утсаа авахгүй байсан. Иймд 2018 оны 02 дугаар сарын 13 нд БЗДүүргийн ИХАШатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан, хаягтаа байхгүй, тодорхойгүй учир БЗДүүргийн ИХАШатны Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 2018 оны 2 дугаар сарын 22-нд захирамж ...-ийг гаргасан. Эрэн сурвалжлуулах хүсэлт тавьсан учир эрэн сурвалжлагдаж байгаад хаягийг тодруулсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн БЗДүүргийн цагдаагийн 1-р хэсгийн (30/5171) тоот бичгийг хавсаргав. Үлдсэн түрээсийн үлдэгдэл 700,900 төгрөг, Алданги нь 2012 оноос 2015 оны 3 дугаар сарын 16 ны өдөр хүртэл нийт 2,984,200 төгрөг. Нийт үлдсэн түрээс, алданги бүгд 2,984,200 төгрөг болсон. Гэвч хуулийн дагуу алдангийг үндсэн түрээсийн 50% хэтрэхгүй гэснийг үндэслэн 350,500 төгрөг болгов. Нийт 700,900 нэмж 350,500 1,051,400 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д.Аийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ч.А миний биед холбогдуулж 2018 оны 11 дүгээр сарын 22-нд танай шүүхэд Д.А нэхэмжлэл гаргасны дагуу хариу тайлбар гаргаж байна. Ч.А миний бие нь энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх түрээсийн талбайгаа чөлөөлж гарахдаа 2ш босоо шил хойд тал нь толин лангуу ( өндөр 1м, 90см, нүүрний өргөн 60см, хажуугийн өргөн 40см) үлдээснийг одоо болтол буцааж өгөөгүй бөгөөд өөрийн дэлгүүртэй одоог болтол ашиглаж байгаа гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ч.Ат холбогдуулан 1,051,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, түрээсийн талбайг чөлөөлөхдөө 2 ширхэг лангуу үлдээсэн нь түрээсийн төлбөрт тооцогдоно, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, алданги төлөхгүй гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд орших .......... 11 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай түрээслүүлсний төлбөрт 700,900 төгрөг, алданги 350,500 төгрөг, нийт 1,051,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, зохигчийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргажээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй байна. Зохичгийн хооронд байгуулсан гэрээний 10.1-д зааснаар гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан өдрөөс эхлэн нэхэмжлэгч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.1-д зааснаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3701 дугаартай захирамж, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны ..... тоот албан бичгээр нэхэмжлэлд энэхүү дурдсан хугацаанд багтаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд орших ... тоот байрны 11 м.кв талбайг хариуцагчид нэг сарын 415,000 төгрөгөөр хөлслүүлэхээр гэрээ байгуулан, уг талбайг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч уг талбайг аж ахуйн зориулалтаар ашиглаж, төлбөрийг төлж байсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд хариуцагч 700,900 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэг сарын төлбөр 415,000 төгрөг ба хариуцагч 2015 оны 01 дүгээр сард 50,000 төгрөгийн, 02 дугаар сард 350,000 төгрөг төлж, 03 дугаар сарын төлбөрийг төлөөгүй тухай тайлбарын талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эд хөрөнгө ашигласан хугацааны хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагчаас 700,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үйтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т нэг сарын хөлсийг 415,000 төгрөг байхаар, гэрээний 4.4-т хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан нь нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын22-ны өдрийг хүртэлх 1,346 хоногийгн алданги 4,716,384 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцүүлэн 350,450 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ч.Аоос эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1,051,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Аоос 1,051,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,783 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Ч.Аоос 29,783 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ