| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2019/04520/И |
| Дугаар | 101/ШШ2020/00520 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/00520
| 2020 02 05 | 101/ШШ2020/00520 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С-д холбогдох,
Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэг нийт 4,494,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.З нь хариуцагч Ч.Стай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Ч.С нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн төлбөр болох 500000 төгрөгийг төлсөн бөгөөд өмнөх 9 болон 10 саруудын түрээсийн төлбөрийг огт хийгээгүй мөн 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3 саруудын төлбөрийг төлөлгүй түрээсийн байрнаас түрээслэгчид мэдэгдэлгүй орхин гарсан. Түүнчлэн ашиглалтын зардал болох 131,040 төгрөг, СӨХ-ны 365,160 төгрөгийг төлөөгүй бөгөөд иргэн М.З миний бие дараагийн түрээслэгчийг оруулахын тул ашиглалтын зардлыг төлсөн бөгөөд СӨХ-ны зардлыг одоо хүртэл төлөөгүй, СӨХ-оос нэхэгдсэн байдалтай байна. 2018 оны 05 дугаар сарын 12-нд өөрийн биеэр ирж тооцоо нийлэхдээ 2018.06.25- ны дотор бүрэн төлж барагдуулна гэж гарын үсгээ зурж тооцоо нийлсэн актыг баталгаажуулж явсан бөгөөд удаа дараа залгасан боловч утсаа авалгүй өдийг хүрсэн. Үүнээс хойш төлбөр огт хийгээгүй учир үлдэгдэл төлбөр болох 2996200 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.
Иймд Ч.Сгаас төлбөрийн үлдэгдэл болох 2,996,200 төгрөг, алданги 1,498,100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,858 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 4.5-д тус тус зааснаар алданги тооцохоор заасан. Гэрээний дагуу алдангийг тооцоход үндсэн төлбөрөөс давсан тул хуульд зааснаар алдангийн 50%-иар тооцож 2,498,100 төгрөгийн алдангийг тооцсон. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 6, 7, 8 дугаар саруудын түрээсийн төлбөр, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд нийтдээ 4,500,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Үүн дээр барьцаа төлбөр 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн болохыг тооцоо нийлсэн акт дээр хасаж тооцсон байгаа гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Чулуунсүх овогтой С би нийт 6,206,000 төгрөг бэлэн болон бэлэн бусаар төлсөн нотлох баримтыг 15 хуудас хавсаргав. Ашиглалтын зардлыг компанийн ажилтан М-Агаар тус компанийн дансанд хийлгэсэн. СӨХ-ны 365,160 төгрөг нэхэмжилсэн байна. Тухайн үед СӨХ ажилладаггүй байсан. Одоо би 4 хүүхдийн хамт амьдардаг, 1 оюутан, 2 сургуулийн сурагч, 1 нярайгаа өрхийн орлого байхгүй өөрөө ажилгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Талууд анх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан, үүний дараа дахин 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. С нь 2018 оны 1, 2 дугаар сард амьдарсан тул төлбөрөө төлнө. Харин 2018 оны 3 дугаар сард амьдраагүй тул төлбөр төлөхгүй. Мөн СӨХ-ны төлбөрийг төлнө. Нийтдээ нэхэмжлэгчид 6 сая төгрөг төлсөн. Одоо 1,500,000 төгрөг болон СӨХ-ны төлбөрийн тооцоо л байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,205,000 төгрөгийг зөвшөөрч байна. Алдангийг төлж чадахгүй гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.З нь хариуцагч Ч.Сд холбогдуулан түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг, ашиглалтын зардал 131,040 төгрөг, СӨХ-ийн төлбөр 365,160 төгрөг, алданги 1,498,100 төгрөг, нийт 4,494,300 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 250,000 төгрөгийг төлөх ёстой, бусад мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр хөлслүүлэгч М.Зын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, 41-р байр, 22 тоот орон сууцыг хөлслөгч Ч.Сд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 12 сар /1 жил/-ын хугацаатай түрээслүүлэх, түрээсийн төлбөр нэг сард 500,000 төгрөг байхаар тохиролцож, орон сууц хүлээлцэх актаар хөлслүүлэгч нь орон сууцыг хөлслөгчид хүлээлгэн өгсөн байна. /хх-5-6 тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сард амьдраагүй тул тухайн сарын төлбөрийг төлөхгүй гэж байгаа боловч Орон сууц хөлслөх гэрээний 4.2-т зааснаар хөлслөгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны хөлс 2,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний 1.5-д гэрээний хугацаанд гарах хэрэглээний зардал /СӨХ-ийн төлбөр, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, утасны төлбөр зэрэг/ болон бусад дагалдах зардлуудыг түрээслэгч хариуцахаар заасан ба 2017 оны 10 сараас 2018 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр 205,040.7 төгрөг болох нь Төрийн банкны баримтаар нотлогдож байх тул хариуцагч төлөх үндэслэлтэй, харин ус, дулааны төлбөрт 131,040 төгрөг төлсөн баримт нь ямар хугацааны төлбөр болох нь тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Орон сууц хөлслөх гэрээний 4.5-д хөлслөгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцүүлэн гэрээний үүргийн нийт гүйцэтгээгүй дүн 2,705,040.7 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 1,352,520.35 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ч.Сгаас түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 205,040.7 төгрөг, алданги 1,352,520.35 төгрөг, нийт 4,057,561 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Зт олгож, нэхэмжлэлээс 436,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Ч.Сгаас 4,057,561 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Зт олгож, нэхэмжлэлээс 436,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,871 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ