Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01051

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01051

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10.305 ам.доллар буюу 24.670.419,15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гэрч Ё.Ш, Н.Б, М.С, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Иргэн Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б.Б-тэй уулзаж 10.000 ам.долларыг зээлдүүлэхийг хүссэн бөгөөд 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээл олгохоор болж зээлийн хүүг сар бүр, үндсэн зээлийг жилийн дараа зээлдүүлэгч талд буцаан олгохоор тохиролцон иргэд хоорондын зээлийн гэрээг аман хэлцлээр байгуулжээ. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Н утсаар холбогдон зээлийн хэмжээг монгол мөнгөөр 25.000.000 төгрөг буюу 10.305 ам.доллар болгож болох уу, мөн зээлийн зүйлээ өөрийн хамтран бизнес эрхлэгч нарын болон өөрийн харилцах дансаар хуваан авахыг хүссэн бөгөөд зээлдүүлэгч Б.Б нь 10.305 ам.долларыг зээлдэгчийн өгсөн тоот харилцах данс руу тус бүр 2.061 ам.доллар, Б.Н-н Худалдаа хөгжлийн банкны харилцах  тоот данс руу 4.122 ам.долларыг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн хүүг нэг ч удаа төлөөгүй ба зээлдэгчийн эд хөрөнгө, санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон тул зээлийг буцаан төлөхийг зээлдэгчид мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй болно. Монголбанкны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн зарласан валютын ханшаар 1 ам.доллар монгол төгрөгөөр 2.461,66 төгрөгөөр зарагдаж байгаа тул 25.367.406,3 төгрөгийг /10.305 ам.доллар*2.461,66/ хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар багасгаж байна. Хариуцагч Б.Ннь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Бээс 10.000 ам.долларыг зээлдүүлэхийг хүсдэг. Зээлдэгч зээлийн гэрээний зүйлийг ам.доллараар зээлдэн авах хүсэл зорилго нь Б.Ннь өөрийн ажилладаг санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулах зорилготой байсан бөгөөд тэрхүү санхүүгийн арилжааны байгууллагаас хөрөнгө оруулсан ам.долларын хэмжээнээс хамааран 7 хоног, сар улирал, гэх мэт хугацаагаар тодорхой хэмжээний ашиг хүртэл боломжтой байгаагаа тайлбарлаж нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг аман хэлцлээр байгуулан гэрээний хугацааг 1 жил үргэлжлэх, сарын 5 хувийн хүүтэй байх нөхцлөөр хэлцлийн хүсэл зоригийн агуулгаа илэрхийлэн тохиролцжээ. Талуудын тохиролцооны явцад зээлдэгчийн хүссэн ам.долларын үнийн дүн 10.305 ам.доллар болж өссөн. Өсөх болсон шалтгааныг зээлдэгч тайлбарлахдаа хөрөнгө оруулах хэмжээ 2.061 ам.доллар, 4.122 ам.доллар гэсэн хүснэгттэй болж хөрөнгө татах тохиролцоонд өөрчлөлт орсон, тиймээс 10.305 ам.доллар өгөх боломжтой юу, уг ам.долларыг 4 өөр банкнаас хүлээн авъя, учрыг дараа тайлбарлъя гээд нийт 10.305 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны тоот харилцах дансуудаар тус тус 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлэгч Б.Бээс хүлээн авсан. 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас зарласан валютын ханшаар 1 ам.доллар 2.394,03 төгрөгтэй тэнцэж байсан. Гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дараа зээлдүүлэгчээс мөнгөн зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр баталгаажуулахыг, хэлцлээр тохиролцсон сарын хүүг хугацаа алдахгүйгээр төлж байхыг хэлж байсан. Энэ өнгөрсөн саруудад зээлдэгч зээлийн хүүний төлөлт хийхгүй, өөрийнх нь санхүүжилт хийсэн хөрөнгө оруулалт буцаалт олгогдохгүй байна, хөрөнгө оруулалтын буцаалт ашиг ороод ирвэл төлнө гэх зэрэг шалтгаанаар хугацааг удаа дараа хойшлуулж ирсэн. Б.Бийн зүгээс 2018 оны 06 дугаар сард Б.Нтай ам хэлцлээр байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаагаа илэрхийлэн хэлж, зээлийг эргүүлэн өгөхийг шаардсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзсаны үр дагавар болон зээлдэгч зээлийг хугацаанд төлөх чадваргүй болсон зэрэг нөхцөл байдал бий болсон тул зээлийг нэн даруй шаардаж байгаа тул хариуцагч Б.Н-с 10.305 ам.доллар буюу 24.670.419,15 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Б.Бийг сайн танихгүй. Аман гэрээгээр мөнгө зээлж аваагүй, миний нэр дээр гаргасан нэхэмжлэл ор үндэсгүй гүтгэлэг байна. Би 2017 оны 12 дугаар сарын эхээр Рокмон бюлдингийн 203 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулдаг байсан Stamford traiding technologies LP компанид хөрөнгө оруулалт хийсэн. Он гараад надад тус оффисын захирал Н.Б-с ажлын санал ирсний улмаас би менежерийн ажилд орсон. Тэр үед Н.Сгэх бүсгүйтэй танилцсан ба тэрээр Stamford traiding technologies LP компанид 2017 оны 10-11 дүгээр сарын хооронд хөрөнгө оруулалт хийн өөрийн гэсэн багийг бүрдүүлэн ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр надтай холбогдон Худалдаа хөгжлийн банкны дансаа ашиглуулаач, Stamford traiding technologies LP компанид нэг хүн хөрөнгө оруулалт хийх гээд чиний дансыг ашиглаад Advcash төлбөрийн системээр дамжуулан хөрөнгө оруулалт хийе гэж хэлэн миний дансыг авсан юм. Миний дансаар орж ирсэн 4.122 ам.доллар нь Advcash төлбөрийн систем буюу дундын интернет банкаар дамжин Б.Бийн Stamford traiding technologies LP компанийн хувийн дансанд байршсан болно. Энэ хүн Stamford traiding technologies LP компанид онлайн гэрээг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.С хэлсэн. Өөрийн хүслээр хөрөнгө оруулалтын компанид миний дансыг ашиглаж хөрөнгөө байршуулсан байж одоо намайг ингэж гүтгэж байгаад гомдолтой байна. Миний дансыг ашиглаж 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийсэн гүйлгээний утган дээр Батцэцэгээс 1 жилийн хугацаатай гэж бичсэн нь Stamford traiding technologies LP компанид жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийхээ тодотгон бичсэн болно. Түүнээс би мөнгө зээлэх ямар ч нөхцөл үндэслэл байхгүй. Огт ор тас танихгүй хүн. Офис дээр 2-3 удаа л царайг нь харж байснаас өөр танихгүй. Сүүлд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Рокмон бюлдингийн офис дээр нэг залуутай ирсэн. Тухайн үедээ тэр залуугаа манай дүү гэж танилцуулан миний дугаар болон спонсор гэх Н.Сбас компанийн талаар шинэ мэдээлэл юу байна гэж лавлаж асууж байгаад явсан. Б.Б, Т.Ууганбаярыг нарыг орж ирэхэд манай өрөөнд Stamford traiding technologies LP компанид хөрөнгө оруулалт хийсэн М.Саранцэцэг байсан. Энэ хүн нь Б.Б, Т.Ууганбаяр нарыг надтай юу ярьсан талаар, Б.Б бид хоёрын хооронд ямар ч зээлийн аман болон цаасан гэрээ байхгүй болохыг гэрчилнэ. Б.Б нь Н.Сандагсүрэнгээс зөвлөгөө аван миний дансыг санаатайгаар ашиглан намайг эвгүй байдалд оруулсан байж болзошгүй тул би гомдолтой байна. Өөр бусад хүмүүсийн дансыг ч бас Н.Сөгсөн байх. Энэ хүний миний дансаар орсон гэх мөнгө нь Stamford traiding technologies LP компанийн өөрийнх нь хувийн дансанд нь байгаа. Stamford traiding technologies LP компанийн үйл ажиллагаа түр доголдсоны улмаас олон хүн хөрөнгө оруулалтаа буцааж авах гээд цагдаад хандсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх Stamford traiding technologies LP компанийн талаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн Б.Нболон компанийн захирал Н.Б, Н.С нарыг шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.305 ам.доллар буюу 24.670.419,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, нэхэмжлэгч Стэймфорд трэйдинг техноложис /Stamford traiding technologies/ компанид хөрөнгө оруулалт хийсэн, уг компанитай холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь Б.Н-н тоот дансанд 4.122 ам.доллар, Г.А-н  тоот дансанд 2.061 ам.доллар, М.Эрдэнэбаярын  тоот дансанд 2.061 ам.доллар, Ч.Г-н  тоот дансанд 2.061 ам.доллар тус тус Б-с 1 жилийн хугацаатай гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байх ба эдгээрийг хариуцагч Б.Н-н хүсэлтээр зээл олгосон гэж тайлбарлаж байна /хх-9-12/.

 

Хариуцагч нь дээрх гүйлгээнүүдийг Стэймфорд трэйдинг техноложис /Stamford traiding technologies/ компанид нэхэмжлэгчийн хийсэн хөрөнгө оруулалт гэж маргаж байх бөгөөд Монгол улсын иргэд ашиг хүртэх зорилгоор Ирланд улсын хуулийн этгээд болох уг компанид мөнгө шилжүүлсэн, энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үйл баримт зохигчийн тайлбар болон эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтээс ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд Stamford traiding technologies нэртэй Ирланд улсын компанийн нэр дээр пирамид тогтолцоотой сүлжээний бизнес эрхэлж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдсон үндэслэлээр иргэн Н.Шаравжамцын гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ /хх-61/.

 

Мөн хариуцагч Б.Ныг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон бюлдингийн 203 тоотод Stamford traiding technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт хийвэл 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөж өгнө гэж иргэдийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна /хх-106-108/. Гэхдээ уг эрүүгийн хэрэгт Б.Бийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг аваагүй болохыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтээс тус шүүхэд тодорхойлжээ /хх-126/.

 

Тус иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Б, Н.Снар дээрх асуудлаар мөн шалгагдаж байх ба тэдгээр нь Stamford traiding technologies /Stamford traiding technologies/ компанид Монгол улсын иргэд мөнгө шилжүүлсэн ерөнхий нөхцөл байдлын талаар, мөн гэрч Н.С нэхэмжлэгч Б.Бийг уг компанид хөрөнгө оруулагчаар элссэн талаар тус тус мэдүүлсэн /хх-186-192/. Харин Худалдаа хөгжлийн банкны дансаа Н.С-д ашиглуулсан гэх хариуцагч Б.Н-н татгалзлыг гэрч Н.С үгүйсгэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн хадам эх Ё.Ш нь хариуцагчид мөнгө хэрэгтэй гэсний дагуу хариуцагчийг нэхэмжлэгчтэй танилцуулсан гэж, хариуцагчийн найз гэх М.С-г нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар хариуцагчтай уулзахдаа зээлийн талаар яриагүй гэж тус тус шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгч байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Г.А, М.Э, Ч.Г нарын дансны дугаарыг өгсөн гэж тайлбарлан дансны дугаар, нэр бичсэн гар бичмэлд шинжилгээ хийлгэсэн ба шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 394 дүгээр дүгнэлтэд гар бичмэл хариуцагч Б.Н-н бичгийн загваруудтай тохирохгүй гэжээ /хх-137, 149-150/.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид 4.122 ам.доллар дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, харин Г.А, М.Э, Ч.Г нарын дансанд хариуцагчийн хүсэлтээр мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талууд 4.122 ам.доллар шилжүүлэх болсон шалтгааныг өөр өөрөөр тайлбарлан мэтгэлцэж байх тул шүүх тэдний хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тайлбарлах нь зүйтэй.

 

Төлбөрийн баримтад гүйлгээний утгыг нэг жилийн хугацаатай гэснийг үгийн шууд утгаар авч үзвэл тухайн төлбөрийг хугацаатай буюу буцаан төлөгдөх нөхцөлтэй гэж ойлгохоор байна.

 

Гэрчүүдийн мэдүүлэг, эрүүгийн хэргийн баримтууд, төлбөрийн баримтууд, зохигчдын тайлбар зэргийг хооронд нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжсэн үйл баримт Stamford traiding technologies /Stamford traiding technologies/ компаниас ашиг хүртэхтэй холбоотой гэж дүгнэж болох боловч хариуцагч нь түүний дансанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг цааш хэрхсэнээ шүүхэд баримтаар нотлоогүй. Үүнээс гадна хариуцагчийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгахдаа нэхэмжлэгчийг хохирогчоор тогтоогоогүй, түүнчлэн нэхэмжлэгчийг Stamford traiding technologies /Stamford traiding technologies/ компанид хөрөнгө оруулсан гэж үзэх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн гэрч Н.С-н мэдүүлгээр энэ байдлыг нотлогдоно гэж үзэхэд хангалтгүй.

 

Нөгөө талаас хариуцагч Stamford traiding technologies /Stamford traiding technologies/ компанийн офис менежер байснаар түүнд мөнгө шилжүүлсэн этгээдийг уг компанид хөрөнгө оруулсан гэж дүгнэж болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ шүүхэд нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөр Стэймфорд трэйдинг техноложис /Stamford traiding technologies/ компанид хийсэн хөрөнгө оруулалт гэх хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд эд хөрөнгө, мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ буцаан төлөхийг шаардсан нь үндэстэй.

 

Түүнчлэн нэхэмжлэлд хариуцагч зээлийг хугацаанд төлөх чадваргүй болсон нөхцөл байдал бий болсон үндэслэлээр 2018 оны 06 дугаар сард хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлэн зээлийг эргүүлэн өгөхийг шаардсан талаар дурдсан байх ба тус байдал нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 4.122 ам.долларыг Монголбанкны албан ханш 2.394,03 төгрөгөөр /хх-101/ тооцон 9.868.191,66 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-аас 9.868.191,66 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.802.287,49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас 172.841 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА