| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М-д холбогдох 2516000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. ам бүл **** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ******** регистрийн дугаартай, Б овогт Г-н М.
Шүүгдэгч Г.М- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 556 тоотод байх өөрийн хашаанд 2025 оны 01 сарын 22-ны өдөр 16 цагийн үед **-** УЕЕ улсын дугаартай Тоуоtа рrius-30 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж хамт архи уусан А.Ц-гийн зүүн хөлөн дээгүүр гарч түүний биед зүүн шилбэний шаант ясны ил зөрөөтэй хугарал, зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 556 тоотод байх өөрийн хашаанд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед **-** УЕЕ улсын дугаартай Тоуоtа рrius-30 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, А.Ц-гийн зүүн хөлөн дээгүүр гарч түүний биед зүүн шилбэний шаант ясны ил зөрөөтэй хугарал, зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
Хохирогч А.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өглөө дүү Чулуунбатын хамт айлд очиж хоол идээд байж байхад манай дүү Чулуунбат нэг залуутай утсаар яриад манай найз дуудаад байна ах хоёулаа очоод ирэх үү гэхээр нь би тэгье гээд цуг Баянхайрхан багт Г.М- гэх айлд очсон. Тэнд Б, М гэх хоёр залуу пиво уучихсан сууж байхаар нь бид хоёр очсон. 1 пиво, 1 виски хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Манай дүү Ч намайг явах уу гэхээр нь за гэхэд М гэх залуу найз сайхан танилцлаа чи нэлээн согтсон байна. Манайд жоохон унтаж байгаад явахгүй юу гэхээр нь би за тэгье гэж хэлээд унтсан. Нэг сэрэхэд миний дээрээс шкафан дээр байсан юмнууд унаж орж ирэхэд нь би сэрсэн. Тэгээд би гэрээс гараад ирэхэд М гэх залуу хар өнгийн **-** УЕЕ гэсэн улсын дугаартай Приус-30 маркийн машинтай хашаан дотроо тойрч иргээд гэр лүүгээ нэг тулж ирээд буцаж ухраад гэрийнхээ зүүн тал руу нь ирж мөргөсөн. Тэгэхэд Г.М-ын эхнэр нь наад хүнийхээ машиныг зогсоогоод түлхүүрийг нь аваад өгөөч, хүн дайрч аллаа гэсэн. Би машины зүүн талаар нь очоод хаалганы бариул дээрээс нь барьж авахад хаалга нь дотроосоо цоожтой байсан. Би цонхоо нээгээдэх гэхэд машин гэнэт хойшоо ухарсан би хойшоо унасан. Машины урд дугуй миний зүүн талын хөлний шилбэн дээгүүр гараад явсан. Би босох гэхэд хөл өвдөөд чадахгүй тэгээд Чулуунбат луу утсаар нь залгаад дуудсан юм. Би Г.М- гэх хүнтэй тухайн өдөр л танилцсан юм. Садан төрлийн холбоо байхгүй. Миний зүүн хөлний шилбэ хугарч гадна талын өнгөн арьсаа цоолж гарч ирсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зүүн хөлөндөө хагалгаа хийлгэж хадуулсан. Би Г.М- гэх залуутай маргалдаж хэрэлдсэн зүйл бол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.М- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 556 тоотод байх өөрийн хашаанд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед **-** УЕЕ улсын дугаартай Тоуоtа рrius-30 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, А.Ц-гийн зүүн хөлөн дээгүүр гарч түүний биед зүүн шилбэний шаант ясны ил зөрөөтэй хугарал, зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар Г.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баян ургийн овогт Ганбатын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.М-д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.М-аас 2,173,253 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг буюу Нийгмийн даатгалын Эрүүл мэндийн санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА