| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/00461/И |
| Дугаар | 101/ШШ2022/02368 |
| Огноо | 2022-05-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/02368
| 2022 05 20 | 101/ШШ2022/02368 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 гэх газарт оршин суух, Дугар тайж овогт Б.О рд:/,
Нэхэмжлэгч: 0 гэх газар оршин суух, Тайж овогт Х.Б /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт С.Н /рд:/-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч С.Н, гэрч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Б, эхнэр Б.О бид 2019 оны 03 сарын 22-нд Улаанбаатар хотод очиж, машин зарах зарын дагуу С.Н-тэй түүний С.Н гэсэн файсбүүк хаягаар анх холбогдож, улмаар түүнтэй 98119907 утасаар ярьж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт орших 4-р цахилгаан станцын хойно машин зогсоол дээр уулзаж, 0 УБМ улсын дугаартай Тоёота Corolla Fielder маркийн хар өнгийн машиныг үзэж 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд 2019.03.23-нд машин худалдсан С.Н-ийн өгсөн Хаан банкны 0 тоот дансанд 7.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 9.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хэлэлцэн тохирч худалдан авсан. Гэтэл машинаа аваад бичиг баримтаа шилжүүлэх болоход Гуртын тавилан гэх банк бусын нэр дээр байсан. Тэгээд Н-д хэлсэн чинь за та нар үлдэгдэл төлбөрөө төлөөд дуусаад хүрээд ирээ асуудалгүй ээ, та 2 үлдэгдэл төлбөрөө төлөөд дуусах үедээ хотод хүрээд ирэхэд шууд нэрийг шилжүүлээд өгнө гэсэн. Тэгээд цааш бид 2 хөөцөлдөх гэсэн боловч хагас бүтэн сайн өдөр таарсан, мөн ар гэрт гачигдал гарч дүү маань бурхан болж, буяны ажил явдал гараад]шууд нутагруугаа машинаа аваад буцсан. Тэгээд байж байтал 2019.04.16-нд Нн 98119907 гэсэн өөрийн дугаараар бидэнлүү залгаж та 2 нөгөө Гуртын тавилан банк бусын Хаан банкны 0 дансруу сард 760.000 төгрөгийг хийчихзэрэй, та 2-ын өгөх 9 сая төгрөгөөс хасагдаад явна, тэгээд та 2 хотод 8 сард иртэлэз cap бүрийн 15-нд төлөөд явж байгаад, үлдсэн төлбөрөө надад ирэхдээ өгөхөд би машины нэрийг шилжүүлээд өгье. Санаа зоволтгүй ээ, би төлбөрийн хуваарь явуулнаа гээд фэйсбүүк чатаар төлбөрийн хуваарьтай хуудаснызурагявуулсан. билээ. Ингээд бид хоёр 2019 оны 4 сараас 8 сарын 14-ны хооронд 5 сарын хугацаанд нийт 3.663.080 төгрөгийг төлөөд 2019 оны 8 сарын 19-нд Улаанбаатар хотод орж ирээд бичиг баримтаа шилжүүлж авахаар утсаар ярилцаад бид хотод ирсэн боловч Н-тэй уулзаж чадаагүй төдийгүи, утасаар эмээгийн бие муудаад хөдөө яаралтай явчихлаа уучлаарай дараа ирэхэд чинь уулзаж бичиг баримтыг чинь пшлжүүлнэ. гээд ярьсан, бид хотод 2 хоноод буцсан. Ингээд утсаар ярихад та хоёр буцаад хотод ирэх хүртэлээ цааш нь нөгөө банк бусын дансанд үлдэгдэл төлбөрөөсөө хуваарийн дагуу төлж байгаарай гэсний дагуу бид 2019 оны 9 сард 687.000 төгрө, 10 сард 671.000 төгрөг төлөөд улмаар 2019.10.15-нд дахиад Өмнөговиос Улаанбаатар хотруу 750 км замыг туулж 300.000 гаран мянган төгрөгийн бензин хийж ирээд Н-ийн гэрт очиж уулзсан. Тэгээд хамт банк бусад очиж үлдэгдэл төлбөрөө өгөөд бичиг баримтаа шилжүүлэхээр болоод машиныг араас нь дагаад явахаар болсон. Гэтэл араас нь дагаад явж байтал хотын хөдөлгөөнд зугтаад алга болоод утсаа салгаад алга болсон. Бид маргааш нь арга буюу нөгөө Гуртын тавилан банк бусын утсыг 1950 лавлахаас аваад тухайн байгууллагад очиж уулзтал тухайн 0 УБМ улсын дугаартай автомашиныг Н өөрөө биш өөр хүний нэр дээр зээл авсан байсан ба тухайн банк бус байгууллага манай нэр дээр байгаа барьцааны машин зээлээ төлөөгүй гээд биднээс машиныг хураагаад авсан. Ингээд Н-тэй холбогдож чадахгүй, гэрт нь очихоороо хүн байхгүй болоод бид арга буюу нутаг буцсан. Хэд хоногийн дараа Н өөрөө залгаад за ах эгчээ уучлаарай, дүү нь та 2-с авсан мөнгөө тухайн банк бусад хийгээгүй байгаа юмаа, одоо энэ сараас хойш би өөрөө төлөөд явъя тэгээд дүү нь боломжтой болохоороо та 2-ыг дуудаад бичиг баримтыг нь шилжүүлээд машиныг аваад өгнө. гээд алга болсон. Ингээд сураг тасарч, утас нь холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй хөдөөний бид нар хотод очиж уулзаж, хөөцөлдөж чадахгүй яваар өнгөрсөн зун хүүгээ очиж уулзуулсан билээ. Бид Нямцэрэнд 2019.03.23-нд 7.000.000 төгрөг, түүний хэлсэний дагуу Гуртын тавилан банк бус байгууллагад 5.021.080 төгрөгийг төлсөн боловч машинаа авч чадаагүй хохирсон.
Ингээд Н-ээс машинаа авахаа болиод өгсөн 12 сая төгрөгөө буцаан авахаар болсон ба 2021 оны 08 сарын 10-нд 2 сая төгрөгийг Н бидэнд буцаан өгсөн билээ. Иймд одоо С.Н-ээс үлдэгдэл 10.000.000 төгрөгийг буцаан авахаар щүүхэд хандаж байгаа тул бидний нэхэмжлэлийг хангаж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.О, Х.Б нарт 0 УБМ улсын дугаартай Тоёота Corolla Fielder маркийн хар өнгийн машиныг үзэж 16.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон нь үнэн. Би энэ машиныг Гуртын тавилан ББСБ-аас зээлээр худалдаж авсан. Би зээл авах үед орон нутгийн харьяалалтай байсан тул зээл гаргахгүй гэсэн болохоор найз н.Д-гийн нэрээр автомашины зээл гаргуулсан юм. Машинаа зээлээр аваад 5 хоногийн дараа Б.Оюунтуяа, Х.Б нарт худалдсан. Б.О, Х.Б нар нь уг машиныг ББСБ-ын нэр дээр, зээлийн барьцаанд байсан болохыг мэдэж байсан. Тухайн үед бид харилцан ярилцаад ББСБ-ын зээлийг үргэлжлүүлэн Б.О, Х.Б нар төлөхөөр тохирсон. Энэ хүмүүс зээлийн төлбөрийг хугацаандаа төлсөн байсан бол машиныг гаргаад өгөх байсан. Надад эдгээр хүмүүс 7,000,000 төгрөгийг Дийн дансаар шилжүүлсэн өгсөн нь үнэн. Энэ мөнгийг би авч ашигласан. Автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн төлбөрт хурааж авсан болохыг би мэдээгүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар сонсож байна. Би нэхэмжлэгч нарт 2,000,000 төгрөгийг л өгнө, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан дансны хуулга, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа,
- шүүхийн журмаар бүрдүүлсэн Гуртын тавилан ЗГБХН-ийн У-ээс гаргасан тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрч Б.Д-ийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О, Х.Б нар нь хариуцагч С.Н-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...С.Н-ээс 97-57 УБМ улсын дугаартай Тоёота Corolla Fielder маркийн хар өнгийн машиныг 16,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 7,000,000 төгрөгийг С.Н-д, 5,000,000 төгрөгийг Гуртын тавилан ЗГБХН-ийн дансанд нийт 12,000,000 төгрөгийг төлсөн. С.Н нь уг автомашиныг Гуртын тавилан ЗГБХН-д барьцаалж зээл авсан байсан ба түүнийг зээлийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр машиныг хураан авсан. Бид одоо машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. Уг машиныг худалдан авахаар нийт 12,000,000 төгрөгийг төлсөнөөс 2,000,000 төгрөгийг С.Н нь буцаан өгсөн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Анхнаасаа машиныг Гуртын тавилан ЗГБХН-ийн зээлийн барьцаанд байгаа болохыг мэдэж байсан. Урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг надад өгөөд, зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон. Автомашин одоо надад хамааралгүй, мөнгийг буцаан төлөхгүй гэж тус тус тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч С.Н нь автомашин зээлээр худалдан авах зорилгоор өөрийн найз Б.Дд хандан Гуртын тавилан ЗГБХН-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 0 УБМ улсын дугаартай Тоёота Corolla Fielder маркийн хар өнгийн машиныг зээлээр худалдан авсан үйл баримтыг зохигчдын хэн аль нь тайлбарлаж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Д-ээс уг үйл баримтыг мэдүүлсэн.
Маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөх эрх зээлийн гэрээ байгуулагдахад зээлдэгч Б.Д-д шилжиж, дараа нь фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгч Гуртын тавилан ЗГБХН-д шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 74-75 дугаар тал/
Хариуцагч С.Н нь зээлийн гэрээ байгуулах болзол хангасан өөрийн найз болох Б.Д-г Гуртын тавилан ЗГБХН-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр автомашин зээлээр худалдан авах гэрээг байгуулуулах замаар гэрээний зүйл болох автомашиныг өөрийн эзэмшилд ашиглах, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, бүрэн төлж дууссаны дараа өөрийн өмчлөлд автомашиныг шилжүүлэн бүртгүүлэх тохиролцоотой байжээ.
Үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч С.Нямцэрэн нь маргааны зүйл болох автомашиныг нэхэмжлэгч Б.О, Х.Б нарт 16,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нараас урьдчилгаа 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Н-д өгсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан, энэ нь дансны хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 4 дүгээр тал/
Зохигчдыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед автомашин Гуртын тавилан ЗГБХН-ийн өмчлөлд бүртгэлтэй, зээлийн гэрээний барьцаанд байгаа болохыг нэхэмжлэгч нар тухайн үед мэдсэн, урьдчилгаа 7,000,000 төгрөгийг С.Н-д төлж, үргэлжлүүлэн хуваарийн дагуу Гуртын тавилан ЗГБХН-ийн дансанд нэхэмжлэгч нар 2019 оны 04 сарын 16-нд 760,000 төгрөг, 2019 оны 05 сарын 15-нд 738,000 төгрөг, 2019 оны 06 сарын 14-нд 732,380 төгрөг, 2019 оны 07 сарын 19-нд 732,700 төгрөг, 2019 оны 08 сарын 14-нд 700,000 төгрөг, 2019 оны 09 сарын 15-нд 687,000 төгрөг, 2019 оны 10 сарын 15-нд 671,000 төгрөг, нийт 5,021,080 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 5-11 дугаар тал/
Хаан банк ХХК-иас ирүүлсэн лавлагаагаар 0 тоот данс эзэмшигч нь Гуртын тавилан ЗГБХН болох нь тогтоогдсон. /хх-ийн 73 дугаар тал/
Зохигчдыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөх эрх С.Н-д байгаагүй, тэрээр автомашиныг бусдад худалдан борлуулах эрхгүй атлаа Б.О, Х.Б нартай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, 7,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан байна.
Нэхэмжлэгч нар 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Гуртын тавилан ЗГБХН-д автомашины зээлийн төлбөрийг төлж, 2019 оны 10 дугаар сард С.Н-тэй тохиролцсон үнээс төлөөгүй үлдсэн төлбөрийг төлөхөөр Гуртын тавилан ЗГБХН-д ирэхэд зээлдэгч Б.Д-г автомашины урьдчилгаа төлбөр төлөөгүй, гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр Б.О, Х.Б нараас автомашиныг хураан авсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан.
Уг тайлбар нь Гуртын тавилан ЗГБХН-аас маргааны зүйл болох автомашиныг хураан авсан үйл баримт нь тус нөхөрлөлийн ажилтан гэх н.Уранчимэгээс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ...0 УБМ улсын дугаартай Тоёота Corolla Fielder маркийн машиныг захирал Д.Э нас барахын өмнө авсан нь үнэн... гэх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 56 дугаар тал/
Хариуцагч С.Н нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.О, Х.Б нарт худалдсан, Гуртын тавилан ЗГБХН нь зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 0 УБМ улсын дугаартай Тоёота Corolla Fielder маркийн хар өнгийн машиныг 2019 оны 10 дугаар сард хураан авсан зэрэгтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал болох С.Н нь эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй шалтгааны улмаас худалдан авагч Б.О, Х.Б нар нь өөр этгээдийн өмчлөлд байгаа автомашиныг биетээр шаардах боломжгүй болсон байх тул өөрсдийн гүйцэтгэсэн үүргийн биелэлтийг С.Н-ээс буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Б.О, Х.Б нарт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 12 дугаар тал/
Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Б.О, Х.Б нараас 7,000,000 төгрөгийг машины үнэд тооцон авсанаас 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул үлдэх 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ.
Харин нэхэмжлэгч нар нь Гуртын тавилан ЗГБХН-ийн эзэмшлийн 5028808352 тоот дансанд шилжүүлсэн нийт 5,021,080 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Гуртын тавилан ЗГБХН-ийн дансанд нэхэмжлэгч нараас шилжүүлсэн нийт 5,021,080 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч С.Н-г олж авсан гэж үзэхээргүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.Н-ээс 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О, Х.Б нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч С.Н-с 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О, Х.Б нарт олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ